Улаанбаатар 1c

Жуулчны баазуудад “Ногоон зээл” олгоно

“Ай Ти Эм”-2019 олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн энэ сарын 29-31-ны өдрүүдэд Мишээл экспо худалдааны төвийн үзэсгэлэнгийн танхимд боллоо. 20 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Ай Ти Эм”-2019 үзэсгэлэнд манай орны байгаль, соёлын өлгий болсон 21 аймаг, нийслэл хотын засаг захиргаа, үндэсний аялал жуулчлалын тур оператор, зочид буудал, жуулчны бааз, агаарын тээврийн компани тэргүүтэй дотоодын 320 гаруй байгууллага оролцсон юм. Мөн БНХАУ, Турк, Япон, БНСУ, Тайланд, ОХУ-ын Буриад, Тува Улсын аялал жуулчлалын төр ба хувийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Аялал жуулчлал нь дэлхийн нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал салбар болж, 2017 оны байдлаар 1.3 их наяд хүн аялал хийж, жил бүр энэ нь 4-6 хувиар нэмэгдэж байна. Дэлхийн ДНБ-ийн 10.4 хувийг энэ салбараас олж, нийт ажлын байрны аравны нэг нь энэ салбарт хамаарагдаж байна. Харин Монгол Улсад 2018 онд 529.370 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн нь өмнөх оноос 11 хувиар өсч, анх удаа хагас сая илүү гадаадын жуулчин хүлээн авснаар 569.5 сая ам.долларыг аялал жуулчлалаас олсон. Өмнөх оноос энэ тоо 29.6 хувиар өслөө.

Тиймээс төрөөс аялал жуулчлалын салбарыг шат дараатай дэмжиж ажиллах ёстой. Энэ хүрээнд нэг дор 100-аас дээш зочин хүлээн авах хүчин чадалтай жуулчны бааз, амралтын газруудад “Ногоон зээл”олгоно” гэж мэдэгдлээ. Мөн аялал жуулчлалын салбарт боловсон хүчин, хүний нөөц бэлтгэх асуудалд анхаарал хандуулж 21 аймагт аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулах аж. Өнөөдөр дэлхийн аялал жуулчлалын чиг хандлага Ази тив рүү нэмэгдэж, Ази Европыг холбосон аялагчдын зам өргөжин тэлсээр байгааг тус арга хэмжээнд оролцогчид онцолж байлаа.

Иймээс Монголын аялал жуулчлалын хөгжил нь зөвхөн нэг улс орны төдийгүй бүс нутгийн, нүүдлийн соёл иргэншилт улс орнуудын, хоёр их гүрэн улсуудын дунд стратегийн чухал ач холбогдол бүхий жуулчдын зорих газар болж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид