Улаанбаатар 1c

Япон-Монголын сургалтын эмнэлэг үүдээ нээлээ

АШУҮИС-ийн дэргэдэх Япон-Монголын сургалтын эмнэлгийг ашиглалтад хүлээн авах ёслол өчигдөр боллоо. АШУҮИС-ийн эмнэлэг нь 104 ортой бөгөөд Монголд эмчлэгдэх боломжгүйд тооцогддог 26 өвчнийг эмчлэх (зүрх, судасны өвчин эмгэг, тархины өвчин эмгэг, хавдар зэрэг) боломжтой болж байгаа юм байна. Тус эмнэлгийг Япон Улсын Засгийн газрын 174 тэрбум 400 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар 2016 оноос эхлэн барьж, байгуулсан юм. АШУҮИС-ийн захирал Ж.Цолмон “Өнгөрсөн гуравдугаар сарын 21-ний өдөр техникийн комисс ажиллаж, 28-нд арван байгууллагын 40 гишүүний бүрэлдэхүүнтэй Улсын комисс ажиллаж 100 хувийн саналаар эмнэлгийн барилгыг хүлээн авахыг зөвшөөрсөн. Энэхүү төслийн захиалагч БСШУСЯ-ны хамт олон, ЖАЙКА-ийн суурин төлөөлөгчийн газрын хамт олон, эмнэлгийн барилгыг барьсан зөвлөх болон туслан гүйцэтгэгч компаниуд, техникийн комисс болон улсын комиссын бүхий л гишүүдэд талархал илэрхийлье” гэв.

Япон - Монголын сургалтын эмнэлгийн үйл ажиллагаа гурван үндсэн төслөөс бүрджээ. Нэгдүгээрт, барилга байгууламжийн төсөл. Барилгаа өчигдөр хүлээж авсанаар эхний зорилго хангагдаж байгаа юм. Одоо хоёрдахь нь буюу менежментийн төслөө эхлүүлэх аж. Энэ талаар Япон-Монголын сургалтын эмнэлгийн менежментийн төслийн дэд удирдагч Або Хироши “Бид энэ эмнэлгээр дөрвөн үр дүнд хүрэхийг зорин ажиллана. Эмнэлгийн менежмент зохистой байх, өвчтөн төвтэй эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, шинэ дэвшилтэд эмнэлгийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, өндөр түвшний яаралтай тусламжийн бүтэц зохион байгуулалтыг бүрдүүлэх гэсэн гол үр дүнг гаргах юм. Сургалтын эмнэлэг нь гурван гол онцлогтой. Нэгдүгээрт, Монголд хамгийн анхны сургалтын эмнэлэг болохынхоо хувьд “эмнэлзүй”, “боловсрол”, “судалгаа” гэсэн гурван гол үүргийг гүйцэтгэнэ. Монголын анагаахын салбарыг цаашид авч явах ирээдүйн эмнэлгийн ажилтнуудын хүний нөөцийг бэлдэх, сургах, боловсруулах ажлаа давхар хийнэ. Хажуугаар нь судалгааны ажлуудыг гүйцэтгээд явах юм. Бас нэг онцлог нь Япон маягийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ. Японы талаас маш итгэлтэйгээр хэлж чадах зүйл бол эмнэлэгт ажиллах эмч, сувилагч, ажилтанууд багаар эмнэлгийн тусламж, үйлчилгээг хэрэгжүүлнэ гэж хэлмээр байна. Манай эмнэлэгт хүмүүс үйлчлүүлээд “Япон бил үү, Монгол бил үү” гэж эндүүрэхээр орчин нөхцлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна” гэж онцоллоо. Манай иргэд гадаадад гарч эмнэлгийн тусламж үйлчилгээ авдаг.

Энэ урсгалыг тодорхой хэмжээнд зогсоох боломжтой боллоо хэмээн АШУҮИС-ийн удирдлагууд хэлж байлаа. Ирэх зургадугаар сарын 17- нд эмнэлэг нээгдэж эхний байдлаар амбулаторийн үйлчилгээ эхлэх юм байна. 40 орчим кабинет, хоёт төв, 16 тасаг, 16 албатайгаар үйл ажиллагаа явуулах бөгөөд наймдугаар сарын 1-нээс эхлэн хэвтэн эмчлүүлэх тасгаа ажиллуулах аж. Бүх тасгууд нээгдэж үйл ажиллагаагаа эхлүүлснээр 2019 оны арванхоёрдугаар сар гэхэд эмнэлэг бүрэн хүчин чадлаар ажиллах гэнэ. Одоогоор Японы талаас 360 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмжийг энэ эмнэлэгт суурилуулжээ. Монгол Улсад байхгүй орчин үеийн MRI (1.5 Т), CT (160 зүслэгтэй), ангиограф, дүрс оношилгооны тав, лабораторийн бүрэн автомат 20 орчим анализатор, бүрэн тоноглогдсон дөрвөн хагалгааны өрөө бэлэн болжээ.

Барилгын хувьд зоорийн давхрыг оруулаад дөрвөн давхар, 15825 ам.метр талбай бүхий хамгийн орчин үеийн эмнэлгийн стандартад нийцүүлсэн байна. Мөн бүх усны хоолой нь зэс, усны цэвэршүүлсэн систем, бүрэн тусгаарлуулалт бүхий агааржуулалт хязгаарлалтын систем, галын болон бүхий л аюулгүй байдлыг хянах тогтолцоог бүрдүүлсэн байна. Монгол Японы сургалтын эмнэлгийн барилгыг Японы 50 жилийн түүхтэй “Canto” констракшн барьж байгаа бөгөөд зөвлөхөөр нь “Azusa” барилгын компани, туслан гүйцэтгэгчээр нь “Junson” компани гардан ажиллажээ. Тус барилга амбулатори, сургалтын хэсэг, хэвтэн эмчлүүлэх тасаг гэсэн хэсгээс бүрджээ. “Azusa” барилгын компанийн зөвлөх Миёоши Оно сургалтын эмнэлгийн барилгын бүтэц зохион байгуулалтын талаар “Бид барилгыг хүлээлгэж өгөхдөө 270 төрлийн эд хогшилыг дагалдуулах болно. Ойролцоогоор 13.6 тэрбум иенийн өртөг бүхий төхөөрөмж суурилагдаж байгаа. Дөрөвдүгээр сарын 8-нд сүүлийн тоног төхөөрөмжүүдийн угсралт, суурилуулалтын ажлаа дуусна. Зүүн талаараа амрах буйдан бэлдэж, хажуу талын цэцэрлэгт хүрээлэнг толидохуйц том цонх хийсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ариун цэврийн өрөө төлөвлөсөн. Суултууруудад автомат бидэ суурилуулсан нь эрүүл ахуйг бодсон шийдэл юм.

Ажилчид болон эмчлүүлэгчдийн тав тухыг хангах үүднээс тухайн хэсгүүдэд шүршүүрийн өрөөнүүдийг төлөвлөсөн. Өрөөнүүдэд Монголд тэр бүр харагдаад байдаггүй гүйдэг хаалга хийж өглөө. Ажлын төрлөөс шалтгаалан байгууламжид 3-10 жилийн баталгаат хугацаа өгч байгаа. Нөөц материалуудыг өгөх болно. Хөшиг, ханын плита, будаг эмульс, хаалга цонхны тоноглол зэрэг хэрэглэлүүдийг нөөцөд хангалттай бэлдэж өгч байна” хэмээв. Монголдоо анх удаа байгуулагдаж байгаа сургалтын эмнэлэг Японы ард түмний тусламжаар ийнхүү үүдээ нээлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид