Улаанбаатар 1c

С.Бямбацогт: Иргэдэд ногдол ашиг олгохоос өмнө томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос “ЭрдэнэсТавантолгой” компанийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлаар тодруулга авлаа. Тэрбээр энэ асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьсан юм.

-Засгийн газраас таны асуулгын хариуг өгсөн байна лээ. Хувьцааг эргэлтэд оруулах Засгийн газрын бодлого, үйл ажиллагааг хэр зөв гэж харж байгаа вэ?

-1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ, хэрхэн олгох, “ЭрдэнэсТавантолгой” компанийг тойрсон томоохон төслүүдийг хэрхэн хөдөлгөх талаар Засгийн газар ямар ажил хэрэгжүүлж байгааг тодруулахаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд асуулга тавьсан. МАН-ын 2016 оны мөрийн хөтөлбөр, үүнд тулгуурлаж гаргасан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулж, томоохон төслүүдийг хөдөлгөн, бүтээн байгуулалт өрнүүлнэ гэж заасан байдаг. Харин энэ ажил иргэдийн дунд тодорхой бус байгаа учраас асуулга тавьсан юм. Би одоогоор асуулгынхаа хариуг гар дээрээ аваагүй байна. Хэвлэлээс л олж харлаа.

-Ер нь, ногдол ашиг нэрээр нэг хүнд 26 мянган төгрөг олгох нь хэр оновчтой шийдэл вэ? 

-Энэ жил “Эрдэнэс-Тавантолгой” компани 820 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Дэлхийн зах зээл дээр нүүрсний ханш өссөнөөс ногдол ашиг их байгаа. Мөн зөв менежмент хэрэгжүүлсэн байх. Одоо төвлөрсөн мөнгөө зөв бодлогоор зарцуулах ёстой. Тухайлбал, олон жил ярьсан Гашуунсухайт Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлыг дуусгаж, нүүрс тээвэрлэдэг болмоор байна. Ингэвэл олон мянган жолооч хэдэн сараар хээр хонон тээвэр хийж, зарим нь амь насаа алддаг харамсалтай байдал үгүй болно. Нөгөөтэйгүүр Оюутолгой, Тавантолгойг тойрсон бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Үүнтэй холбоотойгоор Хятадаас импортын цахилгаан авч байгаа. Тавантолгойн хаягдал нүүрсийг ашиглаж, цахилгаан станц байгуулан Оюутолгой, Тавантолгойг цахилгаанаар хангадаг болбол валютын урсгал гадагшаа гарахгүй. Тиймээс энэ ажлыг шуурхай хийгээсэй гэж бодож байна. Нүүрсээ коксжуулах, зэс хайлуулах үйлдвэр байгуулах зэрэг томоохон бүтээн байгуулалт өрнүүлж, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх шаардлага байгаа. Гэхдээ бид бүгдийг нь нэг амьсгаагаар хийж амжихгүй. Нэг жилийн ногдол ашиг болох 820 тэрбум төгрөгийг бүгдийг нь ард иргэдэд хуваагаад өгчихвөл мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж, халамжийн асуудал үүсэх үү гэдгийг бодох ёстой. Эсвэл чухал төслүүдээ хөдөлгөх нь зөв үү гэдгээр эрэмбэлж, ач холбогдол өгөх нь хэрэгтэй.

Таныхаар хамгийн түрүүнд хийх ёстой ажил нь юу вэ?

-Хамгийн түрүүнд цахилгаан станцыг хурдан барьмаар байна. Нүүрс тээвэрлэдэг олон мянган жолооч хэдэн сараар хээр хонож байж, тээвэр хийж байгаа. Үүнийг дагаж эрдэнэт хүний амь нас эрсдэх тохиолдол байгааг хэлсэн. Тиймээс төмөр замаа хурдан тавих ёстой. Ерөнхийлөгчийг 280 сая ам.доллар идсэн гэж ярьдаг. Миний ойлгосноор далан, гүүр, хоолой нь баригдсан юм билээ. Тиймээс төмөр замыг нь тавих ажлыг хурдан эхлээсэй гэж бодож байна.

-Зарим эдийн засагч иргэдэд өгөх ногдол ашиг өгөхийн зэрэгцээ төр өөрийн эзэмшилд байгаа ногдол ашгаар бүтээн байгуулалтаа хийх санал гаргаж байсан. Таны хувьд иргэдэд ногдол ашиг өгөхөөс илүүтэй том бүтээн байгуулалтаа эхлүүлэх нь зөв гэсэн байр суурьтай байна гэж ойлгож болох уу?

-Тийм. Эхний ээлжид тулгамдсан бүтээн байгуулалтуудаа хийх шаардлагатай. Тухайлбал, төмөр замаа эхлээд шийдчихье. Гэхдээ төмөр замыг тавихад хэдий хэр хөрөнгө шаардлагатай байна. Үлдсэнийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах бололцоо байж болно. Өнөөдөр бид хөрөнгийн зах зээлээ хөгжүүлэх шаардлага байгаа. Хувьцаа одоогоор амьгүй байна. Иргэд хувьцаагаа барьцаалж, худалдан борлуулж орлого олдог болгохын тулд ногдол ашиг олгож, бүртгэлтэй болгох нь чухал. Тиймээс Засгийн газар ач холбогдлоор нь эрэмбэлэх ёстой юм.

-Ногдол ашиг нь халамж болчих вий гэсэн болгоомжлол байна уу?

-Мэдээж тийм. Хэт их мөнгө тараагаад халамж болчих вий. Нөгөөтэйгүүр хувьцаа эзэмшдэг гэсэн нэртэй ч энэ нь үнэ цэнгүй, барьцаалж, худалдаж болдоггүй. Өөрөөр хэлбэл, иргэд 1072 хувьцааны эзэн гэсэн нэртэй ч өмч шиг ашиглаж чадахгүй байна. Тиймээс хувьцааг өмч шиг ашигладаг болгох шаардлага байгаа.

-Иргэд хэзээнээс хувьцааны үр шимээ хүртэх бол?

-820 тэрбум төгрөгөөс тодорхой хэмжээг нь төмөр зам тавихад зарцуулъя. Тодорхой хэмжээг нь иргэдэд олгож, хувьцааг нь амь оруулж, үнэ цэнтэй болгож өгье. Ийм бололцоо байна гэж харж байгаа. Миний хувийн байр суурь энэ л дээ.

-Гэтэл “Эрдэнэс-Тавантолгой” компаниас эхлээд иргэдэд ногдол ашиг олгоё гэсэн шүү дээ?

-Засгийн газрын байр суурь ямар байгааг би сайн мэдэхгүй. Мэдээж холбогдох албан тушаалтнууд тооцоо судалгаа хийж байгаа байх. Гэхдээ бид байнга л овоолсон шороо барьсан, 280 сая ам.доллар алга болсон гэж хэл ам таталж байхын оронд төмөр замаа барьчихмаар байна шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид