Улаанбаатар 1c

АХБ: Монгол Улсын эдийн засаг тогтвортой өснө

Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсын ойрын хоёр жилийн эдийн засгийн төлвийг танилцууллаа. Тэдний үзэж байгаагаар эдийн засгийн өсөлт 2019- 2020 онд бага зэрэг саарах ч дотоодын эрэлт өсөх, үйлчилгээ болон боловсруулах үйлдвэрлэл тогтворжих, хөдөө аж ахуйн салбар сэргэх зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр тогтвортой байх гэнэ. Тодруулбал, Азийн хөгжлийн төлөв тайлангийн энэ оны дугаарт Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 6.9 хувиас бага зэрэг буурч, 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.3 хувь болно хэмээжээ. Энэ талаар Азийн хөгжлийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “2018 оны эдийн засгийн өсөлт төсөөллөөс давсан. 2019, 2020 оны Монгол Улсын эдийн засгийн төлөв эерэг хандлагатай байна. 2018 онд макро эдийн засгийн үзүүлэлтүүд сайжирсан нь хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэнтэй холбоотой. Засгийн газрын зүгээс үр ашигтай макро эдийн засгийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх нь эдийн засгийн нөөц, бодлогын орон зайг бүрдүүлнэ. Мөн эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэх юм. Төсөвт тусгагдаагүй шинэ сан үүсгэхийн оронд төсвийн санхүүгийн удирдлагыг сайжруулахад анхаарах нь төсвийн сахилга батыг бэхжүүлэхэд туслах болно” гэлээ.

Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэхтэй холбоотойгоор тээврийн салбарын орлого сайжирч, махны экспорт боловсруулах үйлдвэрлэлийн салбарт эерэгээр нөлөөлнө гэж төсөөлжээ. Төсвийн хөрөнгө оруулалт ихээр нэмэгдсэнээр барилгын салбар болон хөдөө аж ахуйн салбарын сэргэлт энэ онд үргэлжлэх аж. Харин инфляци 2018 онд дунджаар 6.8 хувь байсан бол 2019 онд 8.5 хувьд хүрэхээр байна. Үүнд, төсвийн зардал нэмэгдсэнээс үүдсэн дотоод эрэлтийн өсөлт, 2018 оны сүүлийн хагаст төгрөгийн ханш суларсан болон шатахууны үнэ нэмэгдсэн зэрэг нь нөлөөлөхөөр байна. Эдгээр нөлөөллүүд нь 2020 онд буурч, инфляцийг 7.5 хувьд тогтворжих боломжийг олгоно гэж таамаглажээ.

Деклан Магий: БАНКНЫ САЛБАР ЭДИЙН ЗАСАГТ ЭРСДЭЛ ҮҮСГЭЖ МАГАДГҮЙ

Азийн хөгжлийн банкны Суурин төлөөлөгчийн орлогч бөгөөд ахлах эдийн засагч Деклан Магий Монгол Улсын эдийн засгийн төлвийн талаар танилцуулга хийсэн юм. Түүний танилцуулгыг хүргэе.

-2019 онд засгийн газрын хөрөнгө оруулалт нэмэгдэх төлөвтэй байна. 2017, 2018 онуудад өндөр байсан төсвийн орлого бага зэрэг буурах хүлээлттэй байгаа ч өсөлтийн төлөв дэх эерэг боломжуудаар сайжирч болох юм. Урсгал дансны алдагдал нь 2018 онд ДНБ-ий 14.6 хувьтай тэнцэж байсан бол 2019 онд 9.6 хувьд хүрч буурахаар байна. Урсгал дансны алдагдал 2020 онд эргээд нэмэгдэж, ДНБ-ий 13 хувьд хүрч магадгүй. Монгол Улс олон улсын зах зээлд бонд гаргасан. Мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн учраас гадаад валютын нөөц 2018 онд 500 сая ам.доллароор өсч 3.5 тэрбум ам.долларт хүрчээ. 2018 онд төгрөгийн ам.доллартай харьцах ханш дунджаар 1.1 хувиар суларсан бөгөөд жилийн эцсийн байдлаар 8.9 хувьд хүрсэн байна. Монгол Улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савалгаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Банкны салбар сайжирч байгаа хэдий ч эмзэг хэвээр байгаа нь эдийн засгийн тогтвортой байдалд эрсдэл үүсгэж мэдэхээр байгаа юм.

Монгол Улсын төсвийн зарцуулалт орлого нэмэгдэхийн хэрээр дагаад л өсч байна. Энэ нь амьдрал дээр бодлогоо хэрэгжүүлж чадахгүй байгаатай холбоотой. Нэг ёсондоо төсвийн зарцуулалтаа жигдрүүлж чадахгүй байна гэсэн үг. Монгол Улсын хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуультай. Гэсэн хэдий ч санхүүгийн удирдлагаа сайжруулах хэрэгтэй. Жишээлбэл, татварыг түүхий эдийн савалгаагаас хамаардаг байдлыг бууруулах, хөрөнгө оруулалтыг хамгийн сайн үр өгөөжтэй хэсэг рүү оруулах, худалдан авалтыг аль болох чангатгаж, үр ашигтай болгох нь гол арга хэмжээ гэж бидний зүгээс харж байна гэж тэрбээр илтгэлдээ дурдлаа. Азийн хөгжлийн банкны мэдээллийн дараа сэтгүүлчид асуулт асуусан юм.

Ёланда Фернандез Ломмен: ХОЁР ЖИЛИЙН ХУГАЦААНД ТӨСВИЙН АЛДАГДАЛГҮЙ БОЛСОН УЛСЫГ ХАРЖ БАЙГААГҮЙ. МОНГОЛ УЛС ҮҮНИЙГ ХИЙЖ ЧАДСАН

-Инфляцийг энэ онд 8.5 хувьд хүрнэ гэж төсөөлсөн байна. Төв банкны зүгээс инфляцийг 7.9 хувьд тогтвортой түвшинд хадгална гэж үзэж байгаа шүү дээ. Төв банк инфляцийг тогтвортой байлгах тал дээр арга хэмжээ авч чадаж байгаа юу. Та бүхэн юу гэж харж байгаа вэ?

-Нэгдүгээрт, Азийн хөгжлийн банк инфляцийг тооцохдоо бүтэн жилээр нь хардаг. Монголбанкны зорилтод түвшинөөс арай өөр аргаар тооцоолдог. Төв банк инфляцийн талаар зорилтод түвшин барьсаар ирсэн. Түүнийгээ биелүүлж чадаж байсан уу, гэдгийг харах хэрэгтэй. Ингээд хараад үзэхээр Төв банкны зүгээс зорилтод хэмжээнд хүрэхгүй тохиолдолд жилийн эцсээр тодорхой арга хэмжээ авдаг. Өнгөрсөн жилийг аваад үзвэл бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Зээлийн хугацаанд хязгаарлалт тавьсан зэрэг арга хэмжээг авсан.

-Банкны салбар эмзэг байна гэж танай тайланд дурдсан байна. Үүнийг тодруулж өгнө үү. Азийн хөгжлийн банк Засгийн газартай хамтран Активын удирдлагын компани байгуулан ажиллана гэж байсан. Энэ ажил юу болсон бэ?

-Монгол Улсын банкны салбарт нэлээд их ахиц гарсан. Жишээлбэл, өнгөрсөн жил зээлийн хэмжээ нэмэгдсэн. Гэвч найдваргүй зээл буурч өгөхгүй байгаа нь асуудал үүсгэж байна. Тиймээс банкны салбарыг дахин хөрөнгөжүүлэх шаардлага бий. Ирээдүйд одоо хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдээ үргэлжүүлэх хэрэгтэй. Ингэвэл банкны салбарт ноцтой зүйлүүд гарч ирэхгүй гэж харж байгаа юм. Активын чанарын үнэлгээгээр банкны салбар харьцангүй гайгүй гарсан. Гэсэн хэдий ч банкны салбарт тодорхой шинэчлэлүүдийг хийх шаардлагатай. Азийн хөгжлийн банкнаас Активын менежментийг байгуулъя гэдэг зүйлийг Монгол Улсын Засгийн газартай ярьсан. Гэхдээ одоогоор энэ алхамыг сонгох нь тийм ч сайн зүйл биш гэж үзсэн. Учир нь Монгол Улсын активын чанар харьцангуй гайгүй гарсан шүү дээ.

-Тавантолгой дагасан томоохон мега төслүүд эхэлбэл эдийн засагт ямар нөлөө үзүүлэх бол. “Тавантолгой” компани ногдол ашиг тараах тухай асуудал ч яригдаж байгаа. Ойрын үед Оюутолгойн гэрээг цуцлах талаар асуудал яригдаж эхэллээ. Ер нь Оюутолгойн гэрээг цуцалж, гүний уурхайн ажил зогсвол Монголын эдийн засагт ямар хохиролтой вэ?

-“Тавантолгой” компани ногдол ашиг тарааж байхаар хөрөнгөө хадгалах нь зүйтэй гэж бодож байна. Хэрвээ хүмүүст тараагаад өгчихвөл хэрэглээндээ зарцуулаад л дуусна. Харин төвлөрсөн байдлаар нь хадгалж байгаад хөрөнгө оруулалт хийвэл өгөөж хүртэнэ гэж харж байгаа. Мега төслүүд Монгол Улсын урт хугацааны эдийн засагт томоохон нөлөө үзүүлнэ. Гэхдээ нөгөө талдаа мега төслүүд маш их зардал өндөртэй. Тиймээс төсвөөс нэлээд их хэмжээний хөрөнгө оруулалт хийх ёстой гэж үзэж байна. Энэ хоёрын балансыг барих ёстой. Ялангуяа төсвийн алдагдал хэр их нөлөө үзүүлэх вэ гэдгийг харж байгаад тэнцвэрийг нь хадгалах хэрэгтэй. 2021 онд Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа эхэлнэ. Үүнийг дагаад татварын ихээхэн хэмжээний эх үүсвэрийг бүрдүүлнэ. Хэрвээ Оюутолгойн лицензийг цуцалбал Монгол Улсын авах ёстой татварын орлого байхгүй болно.

-ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас хэдий хэр хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?

-2018 онд Азийн хөгжлийн банкнаас 21.6 тэрбум ам.доллартой тэнцэх шинэ зээл, тусламжийг үзүүлсэн. 2017-2021 онд хөрөнгө оруулалт хийх стратегиа баталсан. Энэ стратегийн төсөв өнгөрсөн хугацаанд олгож байснаас хамгийн том төсөвтэй гарсан. 2017-2021 онд 1.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ. Энэ тоо цаашид нэмэгдэнэ. -УИХ-аас Татварын багц хуулийг баталлаа. Энэхүү хууль батлагдсанаар Монголын эдийн засагт ямар ахиц гарна гэж харж байна вэ. Эдийн засгийн өсөлтийг дэмжсэн хууль болж чадсан уу? -Татварын шинэчлэлтэй холбоотойгоор нэлээд ойроос ажиглалт хийж байна. Төрийн санхүүгийн менежмент хийх хэрэгтэй. Ирээдүйд хэдэн зүйлийг харах ёстой. Нэгдүгээрт, татварын системээ илүү шаталсан болгож, аль болох орлогоо уул уурхайн салбараас нэмэгдүүлэх хэрэгтэй. Монгол Улсад сүүлийн хэдэн жил гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Энэ жилийн хувьд өнгөрсөн жилтэй харьцуулахад гадаадын шууд хөрөнгө оруулалт илүү өндөр байна гэж харж байна. Гэвч гадаадын шууд хөрөнгө оруулалтын эдийн засагт үзүүлэх нөлөөлөл бага байна.

Хамгийн гол нь төсвийн алдагдал багасч байгаа. Монгол Улс төсвийн зарцуулалт хоёр жилийн өмнө дэлхий дээрх хамгийн өндөр хувьд хүрч байсан. Энэ хэмжээ нь дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх 21 хувьд хүрч байлаа. Гэтэл хоёрхон жилийн хугацаанд төсвийн алдагдалтай байсан улс ашигтай гарч ирсэн нь маш гайхалтай өсөлт болсон. Ийм өөрчлөлтийг бусад улс оронд харж байгаагүй. Энэ өөрчлөлтөө хадгалахын тулд орлогоо нэмэгдүүлж, зарлагаа хасах хэрэгтэй. Илүү гарсан мөнгөөрөө өрөө дарах хэрэгтэй гэж хэлмээр байна. Засгийн газрын зүгээс баталсан хууль, тогтоомж бодлогоо аль болох хэрэгжүүлэх тал дээр төвлөрч ажиллах хэрэгтэй.

АЗИЙН ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ БУУРНА

Азийн хөгжлийн банкны 2019 оны шинэ тайланд дурдсанаар, Азийн хөгжиж буй ихэнх улс орнуудын эдийн засаг өндөр өсөлттэй хэвээр байх ч дэлхийн хэмжээнд эрэлт удааширч, худалдааны хурцадмал байдал гаарснаас 2019 болон 2020 онд өсөлтийн хурд бага зэрэг удаашрах төлөвтэй байна хэмээжээ. Тодруулбал, бүс нутгийн эдийн засаг 2019 онд 5.7 хувь, 2020 онд 5.6 хувь өснө хэмээн таамагласан байна. Шинээр аж үйлдвэржсэн эдийн засаг болох БНХАУ-ын Хонгконг, Өмнөд Солонгос, Сингапур болон БНХАУын Тайпэйг хасаж тооцвол Азийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2019 онд 6.2 хувиар, 2020 онд бага зэрэг удааширч 6.1 хувиар өснө хэмээн таамаглажээ.

Түүнчлэн тайланд тэмдэглэснээр, АНУ болон БНХАУ-ын хоорондох худалдааны сөргөлдөөн бүс нутгийн эдийн засгийн өсөлтийн төлөвт гол эрсдэл болсоор байна. БНХАУ-ын засгийн газраас санхүүгээ хумих бодлого хэрэгжүүлж байгаа нь тус улсын эдийн засгийн өсөлтийг 2018 оны 6.6 хувиас 2019 онд 6.3 хувь, 2020 онд 6.1 хувь болж удааширна хэмээн харж байна. Харин Энэтхэг Улсын хувьд бодлогын хүү бага байгаагийн зэрэгцээ фермерүүдэд орлогын дэмжлэг үзүүлж байгаа нь дотоодын эрэлтэд түлхэц үзүүлж байгаа аж. Тус улсын 2018 онд долоон хувь байсан эдийн засгийн өсөлт 2019 онд 7.2 хувь, 2020 онд 7.3 хувь болж сайжрахаар байна. Өмнөд Азийн эдийн засаг бүхэлдээ бусад дэд бүсээс илүү өсөлттэй байхыг энэ жил 6.8 хувь, ирэх жил 6.9 хувь өсөх таамаглал дэвшүүлж буйгаас харж болно. Номхон далайн дэд бүс нутгийн хамгийн том эдийн засаг болох Папуа Шинэ Гвинейн шингэрүүлсэн байгалийн хийн үйлдвэрлэл 2018 оны газар хөдлөлтөөс эргэн сэргэж бүрэн хүчин чадлаараа ажиллах болсноор 2018 онд 0.9 хувьтай байсан тус дэд бүсийн өсөлт 2019 онд 3.5 хувь, 2020 онд 3.2 хувь болж сэргэх төлөвтэй байна.

Төв Азийн эдийн засгийн хувьд ОХУ-ын өсөлт удааширснаас гадна газрын тосны үнэ буурсан нь дарамт учруулж байна. Тус бүс нутгийн өсөлт энэ жил болон ирэх жилд 4.2 хувь болж удаашрах төлөвтэй. Инфляци бага хэвээр байна. Хүнсний болон шатахууны үнэ тогтвортой байснаар 2019, 2020 онд нийт инфляци 2.5 хувьд тогтвортой байна гэж тайланд дурджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид