Улаанбаатар 1c

Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томиллоо

УИХ-ын 2019 оны хаврын чуулган өнгөрсөн баасан гарагт нээлтээ хийлээ. Чуулганы анхны хуралдаанаар Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайханыг томилох тухай Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцсэн юм. Энэ талаар Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм.

Тэрбээр “Улсын Ерөнхий прокурорын албан тушаалд нэр дэвшигч Б.Жаргалсайхан нь 1964 онд Өвөрхангай аймагт төрсөн, 55 настай, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. 1973-1983 онд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын хоёрдугаар 10 жилийн сургууль, 1983-1988 онд Монгол Улсын Их сургууль төгссөн, эрх зүйч мэргэжилтэй.

Тэрбээр 1988 онд Өвөрхангай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажлын гараагаа эхэлж, 1991-1996 онд тус аймгийн прокурорын газарт ахлах прокурор, орлогч прокурор, 1996-2000 онд аймгийн прокурор, 2000-2001 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2009 онд Тээврийн прокурорын газарт тээврийн прокурор, 2009-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт Хэрэг эрхлэх газрын дарга, 2011-2014 онд

Тээврийн прокурорын газарт тээврийн прокуророор тус тус ажиллаж байжээ. Улмаар 2014- 2016 онд Улсын ерөнхий прокурорын газарт Дотоод аюулгүй байдлын хэлтсийн дарга, 2016-2017 онд Улсын ерөнхий прокурорын газарт Тамгын орлогч прокуророор ажиллаж байсан бөгөөд 2017 оноос Улсын ерөнхий прокурорын газарт Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн даргаар ажиллаж байгаа” гэсэн юм.

Улсын ерөнхий прокурорын албан тушаалд томилох нэр дэвшигчийг зөвшилцөх асуудалтай холбогдуулан үг хэлсэн гишүүд хууль, шударга ёс, хүний эрхийг дээдлэх зарчим барьж шударгаар ажиллах, хуулийн байгууллагын ажилтнууд өргөсөн тангаргаа умартаж, улс төр, бизнесийн нөлөөнд автдаг, хүнийг эрүүдэн шүүж хэрэг тулган хүлээлгэдэг, томилсон болон томилгоонд нь оролцсон албан тушаалтнуудынхаа талд үйлчилдэг, олон нийтэд илэрхий хэргүүдийг шийдэхгүй хамгаалж хаацайлдаг, зохиомол хэрэг үүсгэдэг, захиалгат томилгоо хийдэг явдлыг таслан зогсоож, дуулиант хэргүүдийг нэр мөр шийдэж эцэслэх, прокурорын байгууллагын алдагдсан нэр хүндийг сэргээж, нийгмийн шударга ёсны хүлээлтэд нийцэж ажиллахыг нэр дэвшигчид захилаа.

Тухайлбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Шударга ажиллах болов уу гэж танд бага зэрэг найдаж байна. Хүмүүс томилогдсоныхоо дараа өөр хүн болчихдог шүү. Хууль хяналтын байгууллагыг улс төрийн зодуурын хэрэгсэл бүү болгоосой гэж танаас хүсч байна” гэв. Ингээд санал хураалт явуулахад Б.Жаргалсайханыг Улсын Ерөнхий прокуророор томилох Ерөнхийлөгчийн саналыг гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилов. Мөн Улсын Ерөнхий прокурорын орлогч Б.Амгаланбаатарыг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид