Улаанбаатар 1c

П.Эрдэнэбилэг: Гөрөөсний цус ууснаас болж нэг иргэн амь насаа хохироосон

ЦЕГ, МХЕГ, ХЗДХЯ-ны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран “Байгалиа хамгаалъя “ аяныг дөрөвдүгээр сарын 15 –ний өдрөөс эхлэн зохион байгуулж байгаа юм. Тус аяны хүрээнд хийгдсэн хяналт шалгалт илэрсэн хэрэг зөрчлийн талаар ЦЕГ- ын мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.

-Өнгөрөгч 2018 онд хүрээлэн буй орчны гэмт хэрэг, зөрчил цагдаагийн байгууллагад хэд бүртгэгдсэн бэ. Он гарсаар нөхцөл байдал ямар байгаа вэ?

-2018 онд Ойн хуулийн хүрээнд нийтдээ 268 зөрчил илрүүлсэн байдаг. Үүнээс 233 зөрчлийг арилгуулж 231 шоо метр модон материал хурааж, нийт 72 албан шаардлага, 18 акт тавьж, 25 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулж, барагдуулсан. Мөн 27 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэж, таван иргэний хэргийг шүүхээр шийдүүлсэн. Нэг тээврийн хэрэгсэл хураалгасан гэх мэтчилэн хуулийн хүрээнд хариуцлага тооцон ажиллаа. Амьтны тухай хуулийн хүрээнд 145 зөрчил илрүүлсэн. Үүнээс 117 хэргийг арилгуулсан. 75 ангийн буу, 117 хавх, нэг завь хурааж авсан. Мөн 47 акт гаргаж, 146 сая төгрөгийн нөхөн төлбөр ноогдуулж, 23 сая тогууль ногдуулж ажилласан. Мөн найман иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэх санал хүргүүлснээс иргэний хэргийг шүүхээр таслан шийдвэрлэсэн. Он гарснаас эхний улирлын байдлаар хэрэг бүртгэлийн 140 хэрэг шалгагдсанаас 42 хэргийг хаах саналтай, нэг хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай, 71 хэрэгт Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, 76 иргэнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн. Нийтдээ 509.6 сая төгрөгийн хохирол учирсан. Үүнээс 302.6 сая төгрөгийн нөхөн төлүүлсэн. Мөн 263 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилсэн гэх стастистик мэдээлэл бий. Энэхүү аяны хүрээнд хийгдсэн шалгалтаар 74.8 килограмм мөнгөн ус худалдахыг завдсан гурван этгээдийг илрүүлжээ. Тэд 52 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх хэмжээний мөнгөн ус авч явж байсан нь илэрсэн. Тэрбээр цахим орчинд “Мөнгөн ус зарна” гэх зар байршуулсан байсны дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж илрүүлсэн байгаа. Уг хэрэгт холбогдох этгээдүүдийг химийн хорт бодисыг хууль бусаар худалдаалахыг завдсан гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг нээн шалгаж байна.

-“Байгалиа хамгаалъя” аяны хүрээнд нөлөөллийн ямар ажлууд хийж хэрэгжүүлж байна вэ?

-Энэхүү арга хэмжээний хүрээнд зөвхөн хэрэг шийдэх биш урьдчилан сэргийлж нөлөөллийн ажлуудыг хийж байгаа. Үүний үр дүнд байгаль орчны гэмт хэргийн гаралт багассан. Мөн хяналтын постуудыг ажиллуулах, Нийслэлийн томоохон зах худалдааны төвүүдэд гэнэтийн шалгалт явуулах ажлуудыг зохион байгуулна. Монгол улсын Үндсэн хуулийн арвандолдугаар бүлгийн хоёрдахь хэсэгт зааснаар байгаль орчноо хамгаалах нь иргэдийн журамт үүрэг хэмээн заасан байдаг. Иймээс байгаль хүрээлэн буй орчноо хамгаалахад иргэдийгноролцоог нэмэгдүүлэх, боломжоор хангах, урамшуулах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаа.

-Хаврын улиралд энэ төрлийн гэмт хэрэг ихсэх хандлага ажиглагддаг. Иргэдэд цагдаагийн байгууллагаас ямар санамж мэдээллийг хүргэх вэ?

-Хүрээлэн буй орчны гэмт хэрэг улирлын чанартай буюу ихэвчлэн арваннэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд ихээр үйлдэгддэг. Манай хэлтсээс он гарснаас хойш нэн ховорт тооцогдох цоохор ирвэс, хүрэн баавгай зэрэг ан амьтдыг агнаж тээвэрлэн авч явсан этгээдүүдийг барьсан талаар мэдээлж байсан. Одоо хаврын улирал эхэлсэнтэй холбогдуулан гөрөөс агнаж гөрөөсний цус уувал биед сайн гэх зэрэг буруу ташаа ойлголтоос үүдсэн хууль бус ан хийх тохиодол ихэсдэг. Мэргэжлийн хүмүүсийн өгсөн мэдээллээр гөрөөсний цус ууснаар хүний биед эргээд сөрөг нөлөө үзүүлдэг. Үүгээр зогсохгүй гөрөөсний цус ууснаас болж нэг иргэний амь нас хохирсон гэсэн харамсалтай мэдээлэл байна. Мөн энэ сард нийт 17 гал түймэрийн хэрэг гарсан байгаа. Иймээс та бүхнийг байгаль орчны хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хамтран ажиллахыг уриалж байна.

-Сүүлийн өдрүүдэд зуслангийн бүсэд шил даран гарсан томоохон гал түймэртэй холбогдох эздэд ямар хуулийн хариуцлага ногдуулах вэ. Маш олон айлын гэр, байшин шатсан. түүнчлэн байгаль орчинд хор хохирол учруулж болзошгүй байсан. Иймд ой хээрийн түймэр дэгдээсэн этгээдэд ямар хариуцлага ногдуулдаг юм бэ?

-Мэдээж холбогдох эздэд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гал түймрийн хохирлын үнэлгээг гаргаж гэм буруутай этгээдээс хохирлыг нь нөхөн төлүүлдэг. Зөрчлийн тухай хуульд 50-500 мянган төгрөгийн торгууль ногдуулахар тусгасан. Хэрэв хохирлын хэмжээ 50 саяас дээш давсан бол Эрүүгийн хариуцлага ногдуулна.

-Тэгвэл хууль бусаар дархан цаазат ан амьтан агнасан борлуулсан этгээдийн тухайд яах вэ?

-Амьтны тухай хуульд зааснаар байгаль орчинд учруулсан хохирлыг гурав нугалж төлүүлэхээр тусгасан. Шүүхээс оногдуулах ялыг сонгох хэрэгжүүлдэг. Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 т зааснаар торгуулийн арга хэмжээ ногдуулдаг

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид