Улаанбаатар 1c

2020-2023 онд гурван тэрбум гаруй ам.долларын өр төлөх ёстойг сануулав

Монголбанкнаас 2018 оны нэгдүгээр сард Эдийн засгийн бодлогын анхдугаар чуулганыг Эрдэнэт хотод хоёр өдрийн турш зохион байгуулж байлаа. Энэ үеэр “Эдийн засгийн бодлогын сорилт, чиг хандлага” сэдвийн хүрээнд дөнгөж өндийж эхэлсэн эдийн засгаа цаашид хэрхэн хөгжүүлэх талаар холбогдох яам, бодлогын байгууллагууд, мэргэжилтнүүд цуглаж, тодорхой шийдлүүдийг тодорхойлж байсан юм. Тэгвэл энэ сарын 19-нд “Эдийн засгийн бодлогын чуулган 2019”- ийг “Санхүүгийн салбарын хөгжил: Өнгөрсөн, одоо, ирээдүй” гэсэн сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Чуулганаар “Банкны хөгжил-95 жил”, “Санхүүгийн салбарын дархлааг бэхжүүлэх нь”, “Финтек: Санхүүгийн зах зээлийн ирээдүй” гэсэн гурван сэдвийн хүрээнд илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлэв. Уг чуулганд УИХ, Монголбанк, Сангийн яам, Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Үндэсний хөгжлийн газар, Хөгжлийн банк, арилжааны банкууд болон олон улсын байгууллагуудын төлөөллүүдээс бүрдсэн 100 гаруй төлөөлөгч оролцлоо.

Чуулганы эхэнд манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг товч танилцуулав. Гадаад худалдааны эргэлт, улсын төсвийн тэнцэл эерэг байна. Гэвч эдийн засгийн өөрчлөлтийг айл өрхийн хэмжээнд бууж нөлөөлөх байдлаар хүртээмжтэй болгох шаардлагатай бөгөөд улсын төсвийн зарлага хурдацтай өсч байгааг онцолж байлаа. Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх Б.Энхбаяр “Монгол Улсын эдийн засаг 2016 онд дефолт зарлах хэмжээнд хүрсэн үетэйгээ харьцуулбал дорвитой өөрчлөлт гарч байна. Богино хугацаанд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдаж тогтвортой бодлого хэрэгжүүлсний үр дүн гарсан. Цаашдаа эдийн засгийнхаа зан төрх буюу өөрийн онцлогоо илүү сайн мэдэрч, макро тогтвортой бодлогоо үргэлжлүүлэх шаардлага бий. Олон улсын байгууллагууд болон ОУВС-гийн зүгээс Монгол Улсын гадаад өрийн хэмжээ их, эргэн төлөлтийн дарамт өндөр байгааг байнга анхааруулдаг. 2012 онд “Чингис бонд”-ыг босгосноос хойш манай улсын гадаад өр тасралтгүй өссөн. Засгийн газрын өр 2012 онд арав хүрэхгүй их наяд төгрөгөөр хэмжигдэж байсан бол 2018 оны эцсийн байдлаар 22.3 их наяд төгрөгт хүрсэн байна. Тиймээс гадаад өрийн асуудалд ойрын хугацаанд анхаарч ажиллах шаардлагатай.

Тодруулбал, Монгол Улс 2020-2023 онд гурван тэрбум гаруй ам.долларын өр төлөх хуваарьтай байгаа. Хугацаатай өрийг төлбөрийг ямар эх үүсвэрээр хэрхэн төлөхийг хугацаа тулгаж шийдэх биш, өнөөдрөөс арга замаа тодорхой болгох ёстой” гэдгийг анхаарууллаа. Мөн энэ үеэр Монголбанкны зүгээс “Валютын ханшийн огцом савлагаа үүсгэхгүй байх бодлого баримталж байна” гэж мэдээллээ. 2019 он гарснаас хойш Төв банкнаас 600 гаруй сая ам.долларыг валютын захад нийлүүлжээ. “Банкуудын нэмэгдүүлсэн өөрийн хөрөнгө хуулийн дагуу бүртгэгдсэний дараа банкны систем бүрэн эрүүлжиж байна гэж ойлгож болно” гэж Төв банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов. Монгол Улс 1991 онд хоёр шатлалт банкны тогтолцоонд шилжсэнээс хойш нийтдээ 31 аж ахуйн нэгж банкны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авснаас өнөөдрийн байдлаар 13 арилжааны банк ажиллаж байна. “Санхүүгийн системийн 90 гаруй хувь банкны салбараас хамааралтай байгаа манай улсын хувьд эрүүл дархлаатай банкны систем маш чухал. Энэ чиглэлд Монголбанкны бодлого үйл ажиллагаа чиглэгдэж байгаа” гэж Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч О.Эрдэмбилэг хэлэв. “Банкны хөгжил 95” хуралдаанд оролцогчид дараах байр суурийг илэрхийлсэн юм. Хас банкны гүйцэтгэх захирал М.Болд “УИХын зарим гишүүн зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоох хуулийн төсөл боловсруулан зээлийн хүү рүү дайрч байгаа нь банкны салбарыг эрсдэлд оруулах вий гэж санаа зовж байна. Банкууд олгодог зээл нэг хувиар өсөхөд дотоодын нийт бүтээгдэхүүн 80 хувиар өсдөг. Тэгэхээр нягт холбоотой байгаа биз. Энэ салбарын чанаргүй зээлийн өсөлт эдийн засагт дарамт болдог.

Банкны салбар эдийн засгийг гал шиг өрддөг. Банкуудыг буруу замаар будаа тээвэл эдийн засгийг онхолдуулж чадна. Учир нь манай улсын нэг иргэн дунджаар дөрвөн данстай байна. 840 мянган хүүхэд данстай. Эдгээр харилцагчид ч банкны эзэд мөн. Сүүлийн дөрвөн жилд Хас банк 445 тэрбум төгрөгийг хадгаламж эзэмшигчдэд хүүгийн орлого болгон төлсөн. Ханган нийлүүлэгчдэд 135 тэрбум, ажилчдынхаа цалинд 140, хувьцаа эзэмшигчдэд 80 тэрбум төгрөг хуваарилсан ч ногдол ашиг болгон тараагаагүй. Хадгаламжтай хүний мөнгийг хямд аваад мөнгөгүй хүнд өгөхтэй адил. Иймд хүмүүс банкнаас мөнгөө татна. Зээлийн олдоц муудна. Гадаадын хөрөнгө оруулалт хумигдана. Тиймээс өдрийн зээлийг хязгаарлан хуульчлах ёстой. Банкны салбарын шинэчлэлийг банк бус санхүүгийн байгууллагуудад мөн адил мөрдүүлэн, чанд сахиулах ёстой” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид