Улаанбаатар 1c

Б.Игорь: Би түүхийн гэрч болж үлдсэн

Монголын уламжлалт урлахуйн ухааныг дэлгэрүүлэн сэргээн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүний нэг бол зураач Б.Игорь гуай юм. Тэрбээр 1961 онд Чойжин ламын сүмийг сэргээн засах ажилд оролцож явсан нэгэн. Харин түүний гэргий “Цэнхэр дурдан алчуур” дуугаар олонд танигдсан Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөр агсан билээ. Б.Игорь гуайг сониныхоо “Хоймор”-т урьж бүтээсэн ажил хийгээд Монголын хосгүй өв соёл болсон сүм дуганыг хэрхэн хайрлан хамгаалах учиртай талаар ярилцлаа.

-Чойжин ламын музейн сэргээн засах ажилд гар бие оролцсон цөөнгүй хүний нэг нь та байсан. Тухайн үед сэргээн засах ажил хэрхэн явагдав. хоёулаа эндээс яриагаа эхлэе?

-1961 оны хавар радиогоор “Чойжин ламын сүмийг сэргээн засварлах гэж байгаа тул урчуудыг урьж байна” гэж зарласан юм. Тухайн үед манайх гэдэг айл Дорнод аймгаас Улаанбаатар хотод нүүж ирээд удаагүй байлаа. Уг нь би Дорнод аймгийн урчуудын эвлэлийн салбарт ажилллаж байсан. Ингээд хотод ирдэг жил дээрх зарлал радиогоор явдаг юм байна. Явж очоод шалгаруулалтад орлоо, тэнцсэн. Эргээд дурсах нь урчуудыг шалгаруулж авахын өмнө тухайн сүмд гурван жилийн турш хятадууд ажиллаж байсан юм билээ. Биднийг сэргээн засах ажлаа эхлүүлэхээр дотогш ороход Чойжин ламын сүмийн зураг чимэглэл, өв соёлын зүйлийг нь бүгдийг хусаад хаячихсан байсан. Ингээд тухайн үед Хятадын 22 бурханч, Монголын гурван урлаач залуу ажлаа эхлүүлсэн. Тэдний нэг нь, би. 1961 онд Чойжин лам сүмийн барилгыг засаж урласан түүхтэй.

- Та бүхэн тус сүмийн засварын ажлыг хэр хугацаанд хийж гүйцэтгэв. Таны хувьд өөр сүм дуганыг засварлаж байв уу?

-Чойжинламын сүмийн засварыг 1961 оны дөрөвдүгээр сараас есдүгээр сарын хооронд урлаж дуусгасан. Үргэлжлүүлээд Богд хааны музейн засварыг хийсэн.

-Тухайн үед тантай хамт урлан бүтээсэн хүмүүс одоо байхгүй гэж сонссон. Бүгд бурханы оронд морджээ дээ?

-Тийм, тэд бурхан болсон доо. Би л түүхийн гэрч болон үлдэж.

-Уг сэргээн засварлах ажилд оролцохоос өмнө хийдэг байсан ажлаа эргээд дурсаач?

-Би Дорнод аймгийн Баяндун сумын уугуул. Аймгийнхаа урчуудын эвлэлээс зураач болох гараагаа эхэлсэн байдаг юм. Анхны урлан бүтээх ажил маань Чойжин ламын сүмийн сэргээн засварлалт байсан.

-Тухайн үед чойжин ламын сүмийг засварлалаа гэж хэрхэн урамшуулж байсан бол?

-Лүн бан гэж эрх бэлэглэж байсан даа. Тэр нь Хятадын II зэргийн үнэмлэх. Өөр гавьяа шагнал гээд байх зүйлгүй байж.

-Чойжин ламын сүмийн үнэт зүйл нь юу вэ?

-Тус музейд Монголын түүх шашны үнэт зүйл түүх соёлын 6000 гаруй эд өлгийн зүйл бий. Дахин давтагдашгүй бүтээл тэнд хадгалагдаж байна. Өдгөө 110 жилийн түүхтэй гэлцдэг.

-Хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд усталгүй үлдсэн цөөн хэдэн сүм байдгийн нэг нь чойжин ламын сүм музей. Чухам яаж өнөөдрийг хүртэл уламжлалт хэв маягаа хадгалж ирсэн нь хүмүүст сонин санагддаг байх?

-Хэлмэгдүүлэлтийн жилүүдэд 1000 гаруй сүм хийд устаж үгүй болсон. Өдгөө Улаанбаатар хотноо цөөхөн үлдсэн Монголын бурхан шашны түүх, соёлд холбогдох өвийн нэг нь Чойжин ламын сүм музей яах аргагүй мөн. Тус музейг 1903-1908 онд нутаг бүрээс 300 гаруй урлаач ирж босгосон юм гэдэг.

-Ижий, аав тань юу хийдэг хүмүүс байв. Бага залуу насаа дурсаач?

-Аав маань Цэргийн яамны нөхөн хамгаалах хэлтсийн дарга, ээж минь эмч хүн байсан. Би Дорнод аймгаас ажлын гараагаа эхлүүлсэн ч миний багад манайх хотод байдаг байлаа. Чойжин ламын сүмийн зүүн талд хотын захиргаа, баруун талд Цэргийн яамны сургагч багш нарын 28 айлын байр байдаг байсан. Тэдгээр айлуудын 27 нь орос, ганц монгол айл байсан нь манайх байв. Эндээс миний амьдрал сүм хийдтэй холбогдож, улмаар бурхан урлаач болох хувь заяатай байжээ. Тэр үед би жаахан хүүхэд, Чойжин ламын сүмийн ойр орчмоор их гүйнэ. Тэгээд сүүдрэвч дунд суух шувуудыг огт зүгээр байлгадаггүй. Чулуугаар үргээж, лам нарт дүрсгүй золиг гэж загнуулна. Бүр алгадуулж байсан ч үе бий. Огт хаширдаггүй нэгэн байж билээ. Хожим бодохнээ тэр зүгээрч нэг тохиол биш байж. Чойжин ламын сүмийг өөрийн гараар урлах завшаан байж уу хэмээн боддог юм.

-Та айлын хэддэх хүүхэд вэ. Одоо хэдэн насны босгийг алхаж байна вэ?

-Эхээс гурвуулаа. Айлын хоёрдахь хүүхэд болж мэндэлсэн байдаг юм. Өдгөө 79 насыг зооглож байна.

-Тухайн үед сүмийн сэргээн засварлах ажилд хятадууд оролцож байсан гэлээ. Тэдний хувь нэмрийг та хэрхэн үнэлдэг вэ?

-22 хятад иргэн байсан. Биднийг тус сүмийг сэргээн засахаар очиход тэд сүмийн засварын бэлтгэл ажлыг хийчихсэн байлаа. Чамгүй их ажил хийсэн шүү. Бас биднийг бодвол туршлагатай Франц, Москвад сүм дуган засаж байсан хүмүүс байлаа. Тэдний бригадын ахлах гэж Шау Чин Фүн гэж хүн байсан. Тэр их чадварлаг. Бусад нь бол туршлага муу. Тэднийгээ тэр нөхөр л яаж ийгээд аваад явдаг байсан даа. Надтай хамт урлаач н.Дорж, н.Юра нар хамт ажилласан. Хятадууд намайг Б.Игорь чи мундаг гэж онгирооно.

-Та Чойжин ламын сүмийн аль хэсэгт голлож ажиллаж байв. Тухайн үед хэдэн цагаар ажилладаг байсан бэ?

-Тус сүмийн гол баганууд, мөн луу ороосон зүмбэр зэрэг нь миний урлал. Өглөөнөөс орой хүртэл ажиллана. Ямартай ч цаг их барьдаг байсан юм. Сүмээр ормогц дээх нь талд үсийг нь доош харуулж унжуулсан тийм арьсыг тэлээд хадчихсан байж билээ. Тэр арьс олон жил болсон болохоор үлээхэд хугараад уначихна. Гэтэл нэг удаа “Нэгдүгээр эмнэлэгт гурван хүн нас барсан. Тэдний арьсыг нь авч тэр хуучирч муудсан арьсны оронд хадна” гэх яриа гарлаа. Тиймээс тэр арьсыг дуурайлган зурсан шүү.

-Танд гарын шавь бий юү. Таниас суръя гэсэн хүмүүс хэр ирдэг вэ?

-Төрийн соёрхолт зураач Ш.Чимэддорж миний шавь юм шүү дээ. Одоо ч зааж сургах цаг ард хоцорчээ.

-Соёлын өвийг сэргээн засаж байгаа хүмүүс хэр олон байдаг юм бэ?

-Мэдээж байлгүй л яах вэ. Гэхдээ цөөн байх. Сүүлийн үед Чойжин ламын сүмийг засах тухай яригдах боллоо. Чухам ямар хүмүүс энэ ажлыг хийх бол гээд чих тавьж суух юм.

-Та гэргийтэйгээ анх яаж танилцаж байв?

-Би офицеруудын ордны зураачаар ажиллаж байх үедээ эхнэртэйгээ танилцсан юм. Офицеруудын ордны найрал дуучдын нэг нь миний хань байсан юм. Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Төмөр гэж эмэгтэй байлаа. Ард түмэн “Цэнхэр дурдан алчуур” дуугаар нь сайн мэднэ дээ. Хань минь өнгөрсөн намар насан өөд боллоо. Тэр цагаас тун чиг их гансарч сууна даа. Хааяа түүнийгээ зүүдлэх юм. Хань маань 1945 онд уран сайхны сургуулийн хийлийн ангид элсэж, хийлч болж байсан. Цэргийн дуу бүжигт найрал дуучнаар олон жил ажилласан. Миний хийж бүтээж байгаа зүйлийг их дэмждэг, урам зориг өгдөг нэгэн байсан.

-Одоо та юу хийж байна даа?

-Гэртээ ганц нэг бурхан зурах захиалга авч, урлаад л байж байна.

-Бурхан шүтээн урлахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Өдрийн барилдлагыг сайн харж урлах хэрэгтэй. Мөн бурхан шүтээнийг шөнөөр урладаггүй юм. Бурханч хүн амьдралдаа Шашлы бурханыг ганц л удаа урлах ёстой байдаг юм байна лээ. Би ч урлаж үзээгүй л явна. Социализмын үед бурхан урладаг гэдгээ хүн бүрт ярьдаггүй байсан. Шоронд орчихно гэж их айдаг байж. Тухайн үед би бурханаа урлачихаад Гандангийн баруун талын шашны дэлгүүрт аваачиж заруулдаг байсан. Тосон будгийн зураач байсан.

-Та хэчнээн бурхан урласан байдаг юм бэ?

-Ойролцоогоор 6000 гаруй бурханыг урлажээ. Одоо ч гэсэн бурханы захиалга авч урласаар л байна.

-Таны багш хэн гэж хүн байсан бэ?

-О.Санжжав миний багш байсан.

-Өнгөрсөн хугацаанд та төрөөс ямар, ямар гавьяа шагнал авч байв?

-Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын тэргүүний ажилтан, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, Дэлхийн үйлдвэрчний эвлэлийн шагналтай.

-Таныг нутагтаа дуун хөшөө босгосон гэдэг юм билээ. Энэ тухай дэлгэрүүлж яриач?

-Би Халх голын дайнд мордсон 16 бүсгүйд зориулж Б.Лхагвасүрэн агснаар дууны үг бичүүлээд ”Дайнд мордсон бүсгүйчүүдийн дууль” нэртэй дуун хөшөөг нутагтаа босгосон. Халх голын дайны сүүдэрт Хавтгай цагаан уулс хиртэхэд Бүтэн амьдралаа өмөөрөн босч Бүсгүйчүүд дайнд мордсон юм Яргайн даваагаар яаруухан давахдаа Явлаа гэж хэлсэн шигээ Ирлээ гэж бас хэлсэн юм Тэд нар хэнийхэн байлаа гэж дуу бий. Шүлгийг Б.Лхагвасүрэн, хөгжмийг Д.Дашням зохиож билээ. Үүнийг бас дурсахгүй байхын аргагүй түүх.

-Цаашид Чойжин ламын сүм музейг хэрхэн хамгаалах ёстой юм бэ?

-Их сүйдсэн байна лээ. Барималууд нь хагарч цуурсан, дээвэр нь элэгдсэн байна лээ. Эргэн тойрон өндөр барилга баригдаж. Сүүлийн үеийн барилгууд газар хөдлөлтөдд тэсвэргүй болсон цагт нэг л өдөр тэр их өв соёлын өлгий болсон сүмийн дээр өндөр барилгууд нураад сүмийг сүйтгэвэл яана вэ. Үүнд л их санаа зовж байна. Ямартай ч засварын ажлыг хийхээр төлөвлөж байгаа юм байна лээ. Маш сайн мэргэшсэн урлаачдаар хийлгээсэй гэж хүсэх байна даа. Нурж унахаас нь өмнө сэргээн засварлалтад анхаарах нь зүйтэй болов уу. Уран барилга барималууд эзэнгүйдээд байх шиг. Залуу үеийн оролцоо чухал байна. Энэ түүхийн өвөө үгүй болгохгүйн тулд сэргээн засах ажлын сайтар хийх хэрэгтэй. Энэ сүм хийдийг засварлахад ажлыг нь судалдаг хүн алга. Өөрөөр хэлбэл, манайд сэргээн засварлагчийн орон тоо үгүйлэгдэж байгаа юм. Иймд үүнийг бэлтгэх хэрэгтэй байна.

-Тухайн үед сүмийг засварлахад ямар будаг шунх ашигладаг байсан бэ?

-Засварын ажлыг хятад будгаар л хийнэ. Бас нэг сонин зүйл нь Чойжин ламын сүмийн Янпай хаалгыг хөх тоосгон дээр хар зураг сийлбэр хийгээд босгож байлаа. Ер нь бусад багана дээвэр зэргийг сэргээн засахдаа эхлээд зүлгүүрдэнэ, дараа нь хэлбэр гаргаж сийлнэ. Үүний дараа будаж зурах ажлаа хийдэг байсан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид