Улаанбаатар 1c

Монголд ослын хүндрэлийг тооцоход “Үхэл” гэсэн үр дүн гардаг

Монгол Улсад сүүлийн гурван жилд 947 үйлдвэрлэлийн осол болж, 88 хүн нас баржээ. Үүнээс уул уурхайн салбарт 22, барилгын салбарт 17, боловсруулах үйлдвэрлэлд есөн хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Энэ бол маш их тоо. Харин 2019 он гарснаас хойш олны анхаарлыг татсан осол гэмтэл шил дараалан болж, эрдэнэт хүний амь эрсэдсээр байна. Хоёр хоногийн өмнө гэхэд л Налайхын уурхайд осол гарч, дөрвөн уурхайчин дарагдсаны гурав нь нас барж, нэг нь эмнэлэгт хүргэгдлээ. Үүнээс өмнө буюу дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Төв цэвэрлэх байгууламжийн дөрвөн ажилтан мөн л ажлын байран дээрээ ослын улмаас амиа алдав. Түүнээс өмнө Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Эко Алтан Заамар” компанийн уурхайд дөрвөн хүн амиа алдсан гээд харамсалтай ослууд гарсаар байна. Тиймээс манай сонин уг асуудалд ач холбогдол өгч, сурвалжлага, нийтлэл цувралаар хүргэхээр зорьж байгаа. Энэ удаад бид УИХ-ын гишүүд болон иргэд дээрх асуудалд ямар санаа бодолтой явдгийг сонирхлоо. Мөн МХЕГ болоод Хүний эрхийн үндэсний комиссын байр суурийг хүргэе.

УИХ-ын гишүүд

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:

-Сүүлийн үед эмгэнэлтэй мэдээллүүд ойр ойрхон гарч байна. Тиймээс бүх үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд сахилга хариуцлагыг дээшлүүлэх ёстой. Ингэхийн тулд Засгийн газраас тодорхой чиглэл гаргаж, холбогдох бүх байгууллагад нь хяналт шалгалт хийх ёстой. Ийм маягаар бодитой ажил хиймээр байна.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

-Үндсэн хуулиараа хүн аюулгүй, эрүүл орчинд ажиллаж, амьдрах үндсэн эрхтэй. Энэ утгаараа аюулгүй байх нь л нэн тэргүүний хэрэг. Сүүлийн үед сэтгэл эмзэглүүлсэн асуудлууд удаа дараа гарч байна. Тухайлбал, Отгонтэнгэр ууланд уулчид олноороо амь эрсэдсэн. Дараа нь уурхайд хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдаж, олон хүн ослоор нас барлаа. Тиймээс хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахиулахыг ажил олгогч, ажилтан гээд бүх талаасаа онцгой анхаармаар байна. Мэдээж төрийн байгууллагууд хяналт шалгалт хийж байгаа байх. Үүний хажуугаар байгууллага, иргэн өөрөө сонор сэрэмжтэй хандахгүй бол нэг болгоомжгүй үйлдэл, аюулгүй байдлын доголдлоос л олон хүн эндэж байна. Бид хүний амь нас хохирч байгаа асуудалд онцгой анхаарах ёстой.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Хөдөлмөрийн аюулгүй байдал бүх л салбарт хамааралтай. Үүнд хамааралгүй иргэн, аж ахуйн нэгж гэж байхгүй. Сэтгэл сэртхийлгэсэн олон осол аваар гарлаа. Энэ нь төр засгийн хариуцлагагүй байдалтай холбоотой шүү дээ. Заамарт дөрвөн залуу нас барлаа. Үүнд хэн хариуцлага хүлээсэн юм. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Дараа нь үйлдвэр, уурхайд осол аваар гарлаа. Бас л хариуцлага ярихгүй байна. Хатуухан хэлэхэд, МАН хариуцлага хүлээдэггүй нам. Тиймээс зөвхөн хөдөлмөрийн аюулгүй байдал гэхээсээ илүүтэй эрх барьж буй улс төрийн намын хариуцлагагүй байдалтай холбоотой гэж харж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Хүний амь эндсэнтэй холбоотой асуудал төрийн байгууллагуудын буруутай үйл ажиллагаанаас үүдсэн бол заавал хариуцлага тооцох ёстой гэж би хувьдаа бодож байна. Мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг хүлээж хариуцлага ярихгүй байгаа болов уу. Түүнээс биш хариуцлага ярих нь мэдээжийн асуудал шүү дээ.

МХЕГ

Г.Эрдэнэтөгс: Бид регистрийн дугааргүй объектыг шалгах эрхгүй

МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын хэлтсийн дарга Г.Эрдэнэтөгсөөс зарим зүйлийг тодрууллаа.

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Ажил олгогчийн үүрэг нь аятай, тухтай ажлын байранд ажилчдаа ажиллуулах ёстой. Үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх ёстой гэдгийг хуулиар заагаад өгчихсөн. Мэргэжлийн хяналтын байгууллага бол хуулийн хэрэгжилтэд хяналт тавих ёстой. Гэхдээ бид энэ зорилтоо хэрэгжүүлэхдээ үндсэн гурван ажил хийдэг. Нэгдүгээрт, төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийдэг. Хоёрдугаарт, төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийдэг. Гуравдугаарт, дээрх хоёр хяналт, шалгалтаа давтамжтайгаар хэрэгжүүлдэг.

-Сүүлийн үед өдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүйгээс болж нэлээд хүн нас барлаа шүү дээ. Үүн дээр мэргэжлийн хяналтын байгууллага хэрхэн хяналт тавьж ажиллаж байна вэ?

-Манайх Засгийн газрын нэрийн өмнөөс хяналт тавьж байгаа байгууллага. Гэхдээ бидний хяналтад байдаг байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй, татварын регистрийн дугаартай байх ёстой. Түүнээс биш хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг бид олж авч чадахгүй. Жишээ нь, бид саяхан төмөр замд шалгалт хийхэд ганцхан регистертэй байсан. Тиймээс төмөр замын 44 байгууллагаас 27-г нь л шалгаж чадсан. Татвар дээр бүртгэлтэй юм шиг хэрнээ регистер нь олдож өгдөггүй. Тэгэхээр бид 61 хувьд нь л хяналт, шалгалт хийсэн гэсэн үг. Бид зөвхөн албажуулсан байгууллага дээр хяналт, шалтгалт хийдэг гэж ойлгож болно. Гэтэл Налайхын уурхай гурвалсан гэрээний зарчмаар явдаг. Ямар ч регистерийн дугаар байхгүй. Бидний шалгалтад бүртгэгдэх арга ч байхгүй. Жишээ нь, подвальд оёдолчин үйл ажиллагаа явуулж байвал бид хянаж чадахгүй шүү дээ. Сүүлийн гурван жилд 947 осол гарч, 88 хүн нас барчихаад байна. Энэ бол их тоо. Ганцхан өндөр үзүүлэлт гардаг зүйл нь хүндрэлийн ковцент буюу үхэлд хүргэсэн ослын тоо. Энэ тоо дэлхийд дунджаар 0.1 байдаг. Гэтэл манайд шууд 20-30 бүхэл гэж гардаг шүү дээ. Дэндүү их тоо. 100 мянган хүнд тооцоод гаргаад ирэхээр манайд 20-30 бүхэл гээд л гараад ирчихэж байгаа юм. Осол нь маш сайн буурсан Австрали, Германд 0.01- 0.02 гэж ярьдаг. Солонгос гэхэд 0.54 байсан. Үүнийгээ 0.27 болгоно гээд ажиллаж байх жишээтэй. Тиймээс энэ асуудал дээр анхаарахгүй бол болохгүй болчихоод байна. Ослын тоогоор уул уурхай, боловсруулах, барилгын салбар өндөр байна.

-Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын шалтгааныг шалгаж байгаа юу?

-Энэ ослыг урьдчилан харах арга байхгүй. Бид урьдчилан шалгалт хийгээгүй. Яагаад гэвэл, эрсдэлтэй гэж тооцогдоогүй, үнэлэгдээгүй. Бидний шалгуур үзүүлэлтээр их эрсдэлтэй гэж гарахгүй байгаа. Ер нь бол бохир хоолойгоор явж очдог. Нэгдүгээр шүүлтүүр дээр гацаа үүсдэг юм байна. Тэр гацааг нь өдөртөө хоёр удаа арилгадаг гэж байгаа. Хаалт хийж байгаад л гацааг нь арилгадаг гэсэн. Тэр хаалт нь л зад үсэрсэн юм шиг байна лээ. Яагаад зад үсэрсэн гэдэг ослын шалтгааныг нь шалгаж байгаа юм билээ. Хуримтлагдсан агаар, ялзарсан метанаас авахуулаад 3-4 төрлийн хорт бодис агуулагдсан учраас хүн шууд ухаан алдана л даа. Дээр нь бохирын нөхцөлд ажиллах бүрэн хувцас, хэрэгсэл байх ёстой. Тэр нь байхгүй байсан юм шиг байна лээ. Бид ослын хүчин зүйл, шалтгааныг тогтооно. Хэрэв тухайн байгууллага аюултай нөхцөл байдал үүсгэсэн гэдэг нь тогтоогдвол гурван мянган нэгжээр торгоно. Мөн үйл ажиллагааг нь түр зогсоодог. Гэвч үйл ажиллагааг нь зогсоох ямар ч аргагүй шүү дээ. 48 цаг зогсооход л Улаанбаатар хот болохоо байна шүү дээ. Тиймээс 48 цаг орлуулах л арга хэмжээ авдаг. Хэн буруутайг тогтоох эсэхийг шүүх шийднэ.

ХЭҮК

З.Өнөржаргал: Монгол Улс хөдөлмөрийн аюулгүй байдлын талаарх баримт бичгүүдэд нэгдэж ороогүй

Хүний эрхийн үндэсний комиссын Хүний эрхийн боловсрол судалгааны хэлтсийн ахлах референт З.Өнөржаргалаас тодрууллаа.​​​​​​​

-Манай улсад хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс маш олон осол, гэмтэл гардаг. Энэ нь хүний эрүүл, аюулгүй байх эрхийг зөрчиж байгаа хэрэг. Танайхаас 2014 онд барилгын салбарын нөхцөл байдлын илтгэлийг УИХ-д танилцуулж байсан санагдаж байна?

-Манай улсад уул уурхай, барилга, зам тээвэр, эрчим хүч зэрэг салбарт үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийн түвшин давамгайлах чиг хандлагатай байна. Эдгээр салбарт шинэ техник, технологи нэвтэрч, хөдөлмөрийн нөхцөл, хэв шинж өөрчлөгдөхийн хэрээр эрсд - лийн хүчин зүйлс нэмэгдэх боллоо. Ялангуяа барилгын салбарын хурдацтай хөгжлийн өнөө үед тус салбарын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны шаардлагыг зохих түвшинд хангахгүй байгаагаас хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх, эрүүл мэндээ хамгаалуулах эрхүүд ноцтой хэүК зөрчигдөж, хүний амь нас эрсдэж, үйлдвэрлэлийн ослын тоо өсөн нэмэгдэж байна. Хүний эрхийн үндэсний комисс Монгол Улсад хүний эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил болгон УИХ-д өргөн барьж мэдүүлдэг. 2014 онд барилгын салбар ямар байгааг бичиж байсан. Тус илтгэлд 2014 оноос өмнөх гурван жилд нийт 1209 үйлдвэрлэлийн осол гарч түүнд 1280 хүн өртөж, үүнээс 213 хүн нас барж, 285 хүн хөгжлийн бэрхшээлтэй болсноос барилгын салбарт 173 үйлдвэрлэлийн осол гарч, 67 хүн нас барж, 37 хүн хөгжлийн бэрхшээлтэй болж, 81 хүн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдаж байлаа. Гэхдээ энэ зургаан жилийн өмнөх явдал шүү дээ. Одоо энэ тоо тодорхой хэмжээгээр буурсан.

-Манай улс хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр олон улсын гэрээ конвенцид нэгдсэн байдаг уу?

-Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулах чиглэлээр Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай 155 дугаар конвенцийг 1981 онд, түүний нэмэлт протоколыг 2002 онд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг дэмжих суурь тогтолцооны тухай 187 дугаар конвенцûг 2006 онд баталсан байдаг. Эдгээр нь олон улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх суурь тогтолцооны үндсэн баримт бичгүүд юм. Монгол Улс 1998 онд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 155 дугаар конвенцыг соёрхон баталж, бусад баримт бичгүүдэд одоогоор нэгдэн ороогүй байна.

ИРГЭД

Ч.Оюун:

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хамгаалах хууль дүрэм амьдралд уг нь ойрхон байдаг. Гэвч хэрэгжүүлж байгаа байгууллага нь үүргээ биелүүлэх, түүнд нь хяналт тавьж ажиллах явдал муу байна уу даа гэж харагддаг. Байгууллагуудад хөдөлмөр хамгааллын инженер гэж байдаг. Энэ инженерүүд хариуцлагатай ажиллах хэрэгтэй байна. Одоогийн хэрэгжиж байгаа хууль дүрэм хэрэгжихдээ алдаа гаргадаг болоод л янз бүрийн осол, гэмтэл гардаг байж магадгүй. Ер нь бол бүх шатны байгууллагуудын хариуцлагатай холбоотой гэж бодож байна. Социализмийн үед өглөө болгон хүмүүсээр гарын үсэг зуруулж, ухуулга, танилцуулга хийдэг байсан. Тавих хяналт ч сайн байлаа. Сүүлийн үед гараад байгаа осол аваар бол цэвэр үүрэг, хариуцлагатай холбоотой гэж бодож байна.

Э.Хашбаатар:

-Иргэн хүн болгон хариуцлагатай байх ёстой гэж бодож байна. Мөн хууль дүрмээ биелүүлэх хэрэгтэй. Зарим хувийн компаниудад хөдөлмөр аюулгүйн ажиллагаа байхгүй шүү дээ. Ганцхан хөдөлмөр хамгааллын хэрэгслээр хангаад зогсохгүй сургалт, сурталчилгаа хийх ёстой. Ер нь хувь хүний хариуцлага хамгийн чухал. Хувь хүн өөртөө анхаарч, дүрэм журмын дагуу ажил олгогчдоо шаардлага тавьж яагаад болохгүй гэж. Манай зарим компаниуд хүний төлөө үйл ажиллагаа явуулахдаа хойрго шүү дээ. Хүмүүсийг мал болтол нь ажиллуулж мөнгө олохыг илүүд үздэг компани олон бий. Барилга дээр ажиллуулаад мөнгө, төгрөгийг нь өгдөггүй асуудал их л байдаг юм билээ.

Б.Энх-эрдэнэ:

-Үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан инженер нь ажлаа хийхгүй байгаа юм болов уу гэж боддог. Саяхан Төв цэвэрлэх байгууламжид дөрвөн хүн шаварт зоогдоод нас барсан. Энэ нь ажилчдынхаа хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах багаж, хэрэгсэл нь дутуу байсных гэж бодож байгаа. Бас Налайхын уурхайд болсон осол хөдөлмөрийн аюулгүй байдал дутагдсанаас болсон гэж бодож байна. Би өмнө нь барилга дээр ажиллаж байсан. Миний ажиллаж байсан барилгын компани хөдөлмөрийн аюулгүй байдлаа сайн хангаж ажиллаж байсан. Өөр барилгын компанид хүн унаж байсан тохиолдлыг харж байсан. Тэр хүн бүсээ хийгээгүйгээс болоод гэмтсэн. Ер нь хувь хүний өөрийнх нь хариуцлага сайн байх хэрэгтэй. Харин компанийн зүгээс сургалт, сурталчилгаа хийх хэрэгтэй гэж бодож байна.

Н.Гонгоржав:

-Манай улсад бүх шатандаа аливаа хүн эрхэлсэн ажилдаа эзэн болоод явах бололцоогүй шахуу болчихоод байна л даа. Энэ нь юутай холбоотой вэ гэхээр хуулийн системийн үйл ажиллагаа тасалдсан. Үүнээс болж хүмүүс хэтэрхий эрх чөлөөтэй болчихоод байна. Би юу хийсэн ч болно гэдэг байдлаар асуудалд хандаж байна. Стандарт, хууль дүрэмдээ тохирсон үйл ажиллагаа явуулахаас цааргалж, мөнгө олохын тулд асуудалд хандахгүй баймаар байна. Мань мэт нь төрийн байгууллагуудад очоод янз бүрийн асуудал ярихад эзэн нь бараг олддоггүй. Энэ тэнд нэг цэгийн үйлчилгээ байна. Тэднээс юм асуухаар ер нь л төвөгтэй. Энэ манай улсын хөгжилтэй холбоотой юу, монголчуудын гентэй холбоотой юу гэдэг нь эргэлзээтэй. Зах дээр очиход л мэдэгдэнэ. Хүнд үйлчлээд тэрнээсээ мөнгө олж амьдрах ёстой гэдэг ойлголт бага юм шиг санагддаг. Энэ нь нэг л юм харуулаад байна гэсэн үг. Эцсийн эцэст стандартаа мөрдүүлдэг, хариуцлагын тогтолцоог бүх шатандаа бий болгох хэрэгтэй юм болов уу гэж боддог юм.

Н.Баяраа:

-Хаа сайгүй хөдөлмөр хамгааллын зардал гаргадаггүй шүү дээ. Үүнийг том байгууллагууд дээр очоод шалгачихвал амархан мэдэгдэнэ. Химийн лабораторитой газруудад очоод үз. Би өөрөө химийн мэргэжилтэн болохоор гадарлаж байна. Тэнд агааржуулалтыг нь очоод л шалгачих. Олигтой техник хэрэгсэлтэй газар ганц ч байдаггүй шүү дээ. Түүндээ зардал төлөвлөдөггүй юм чинь ямар олигтой байх юм. Дөнгөж саяхан Оросын нэг сэтгүүлч Налайхын тухай нийтлэл бичсэн байна лээ. Тэр сэтгүүлч уурхайчдаас “Энэ нүх рүү ороход элдэв митан, хорт бодис байдаг. Та нар яаж ажилладаг юм бэ” гэхэд нь “Архи уугаад орчихдог шүү дээ” гэдэг хариулт өгсөн байгаа юм. Налайхад уг нь Тамгын газраасаа эхлээд төрийн бүхий л үйлчилгээ байгаа шүү дээ. Хажууд нь хүмүүс хэдэн зуугаараа үхэж байхад яаж ч чадахгүй байгаа юм чинь нэг байшин дотор юу болж байгааг хэн ч олж харж чадахгүй шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид