Улаанбаатар 1c

Регистрийн дугаараар фэйсбүүк ашигладаг болно

Өөрийнхөө регистрийн дугаараар бүртгэл хийж, нийгмийн сүлжээнд нэвтрэх зохицуулалт бүхий хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байна. Тодруулбал, УИХын Эдийн засгийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлд нийгмийн сүлжээнд нэрээ нуусан хаягаас бусдын нэрээр орохыг болиулах, хориглох арга хэмжээ авах зорилгоор харилцаа холбооны үйлчлэгч нь хэрэглэгчийг регистрийн дугаараар нь бүртгэх зэрэг зохицуулалтыг тусгажээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг УИХ-д оруулж ирэх үү. Бусад орнууд сошиал орчны аюулгүй байдалтай холбоотой тодорхой хязгаарлалтуудыг хуулиндаа тусгасан байдаг. Олон орны улс төрийн сонгуулийн үеэр нийгмийн сүлжээтэй холбоотойгоор маргаан, мэтгэлцээн их гарч байгаа. Манай улсад цаашдаа энэ асуудлыг хэрхэн зохицуулах вэ. Хүн амын тоотой харьцуулахад манай улс хамгийн их фэйсбүүк хэрэглэгчтэй гэж ярьдаг. Энэ нь үндэсний аюулгүй байдалтай хэр харшилж байгаа вэ. Миний бодлоор энэ асуудлыг тодорхой хэмжээгээр зохицуулах ёстой. Тухайн хүн өөрийнхөө регистр, овог, нэрээрээ фэйсбүүк рүү ордог байх нь зөв. Германы энэ зохицуулалтыг хийхгүй бол манай улсад мэдээллийн аюулгүй байдлын асуудал хөндөгдөх магадлалтай” гэсэн юм. Энэ талаар ажлын хэсгийнхэн “Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг удахгүй УИХ-д өргөн барина. Одоогоор яамдаас санал авч байна. Цахим мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн үзэл баримтлалд Цахим халдлагатай тэмцэх үндэсний төвийг байгуулах заалт орж байна. Тус төвийг байгуулснаар цахим мэдээллийн аюулгүй байдлын түвшин дээшилнэ гэж үзэж байгаа. Одоо Тагнуулын ерөнхий газар, Батлан хамгаалахын яам холбогдох газруудад тус тусдаа байгаа боловч нэгдсэн бодлого төлөвлөлт, гадаад харилцаа байхгүй. Мөн утасны дугаарыг бүртгэлжүүлэх ажил хийгдэж байгаа. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын чиглэлээр Засгийн газраас тогтоол гарч гар утасны дугаарыг бүртгэлжүүлэх үүрэг өгсөн. Энэ зургаан сард хэрэгжилтийг танилцуулна” гэсэн юм. 2016 оны байдлаар 650 мянган бүртгэлгүй гар утасны дугаар байсан бол өнөөгийн байдлаар энэ тоо 42 мянга болж буурчээ. Ирэх зургадугаар сар гэхэд бүртгэлгүй утасны дугаарыг бүрэн устгана гэж харж байгаа аж. Бүртгэлтэй болсноор төрийн үйлчилгээг цахимаар авах, сошил орчинд гар утасны дугаараа бүртгүүлэх зэрэг нөхцөлүүд хангагдах юм.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хуурамч хаягнаас бусдын нэр төрд халдаж буй үйлдлийг хэрхэн хянаж байгаа талаар тодруулав. Энэ талаар ажлын хэсгийнхэн хяналтыг сайжруулах тал дээр анхаарч ажиллаж байгаагаа тайлбарлаж байлаа. Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг дэмжсэн юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид