Улаанбаатар 1c

“Aberdeen”хамтлаг үлээвэр хөгжмөөр рок хэмнэлд хөтөлнө

“Америк хөгжмийг гадаадад” (American Music Abroad) хөтөлбөрийн хүрээнд тус улсын нэртэй хамтлагуудын нэг болох үлээвэр хөгжмийн рок хамтлаг “Абердин” манай улсад тоглолтоо хийх гэж байна. Энэхүү соёлын арга хэмжээ ирэх тавдугаар сарын 21­28­нд болох бөгөөд АНУ­ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчоо, Монгол Улс дахь АНУ­ын Элчин сайдын яам хамтран санаачилсан юм. Түүнчлэн “Америк хөгжмийг гадаадад” (American Music Abroad) соёлын хөтөлбөр нь Америк­Монголын залуусын жилтэй давхцаж буйгаараа онцлог.

“Абердин” хамтлагийнхан Улаанбаатар хот болон орон нутагт бие даасан тоглолтоо зохион байгуулахаас гадна Монголын уран бүтээлчидтэй хамтарсан тоглолт хийж, уулзалт хэлэлцүүлгүүдэд оролцох аж.

“АБЕРДИН” БА ГИШҮҮД

“Абердин” (Нью­-Йорк хот) хамтлаг нь саксфонч, ая зохиогч Брайн Плаутцаар ахлуулсан таван гишүүний бүрэлдэхүүнтэй үлээвэр хөгжмийн рок хамтлаг юм. Тус хамтлаг нь хоёр саксфонч, нэг гитарчин, нэг басс гитарчин ба нэг бөмбөрчинтэй бөгөөд очсон газар бүртээ эрч хүчийг түгээдэг гэдгээрээ нэрд гарсан. Хамтлагийн ахлагч Брайн Плаутц нь нэр хүндтэй Берклигийн хөгжмийн коллежийн мэргэжлийн зэрэгтэй бөгөөд нийгмийн сүлжээгээр олон нийтэд өргөн түгсэн хөгжмийн видео продакшн болох “Апартмент Сешинс”, мөн “Бродвейн” жүжигчдийг цуврал концерт хэлбэрээр толилуулдаг “Бродвей Сингс” продакшнд тус тус ажиллаж байв. Мөн “Абердин” хамтлагийн динамик содон тоглолтууд нь хамтлагийн басс гитарчин Адам Нилигийн Youtube дэх сувагт багтаж олны хүндэтгэлийг хүлээсэн бөгөөд хөгжмийн онол болон сургалтын сувагт орсон байдгийг та бүхэн андахгүй биз. Тэрбээр өөрийн сувгаараа дамжуулан цахим орчин дахь хөгжмийн соёл, орчин үеийн хөгжмийн боловсрол, хөгжил зэрэг сэдвүүдээр гүнзгийрүүлсэн мэдээлэл өгдөг.

“Абердин” хамтлагийнхан Youtube болон орчин үеийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дэлхийн хэмжээнд өөрсдийн уран бүтээлээ хүргэсээр байна. Дээр дурдсан Берклигийн хөгжмийн коллежоос мөн хамтлагийн бөмбөрчин Себастьян “Си­басс” Черибога эрдмийн зэрэг хамгаалсан бөгөөд Вили Нелсон, Франк Фостер, Хилари Жейн гэх мэт алдартнуудтай Карнеги­холл, Кеннеди­центр, Жордан­холл гэх мэт нэр хүнд бүхий томоохон тайзнаа тоглож байсан туршлагатай. Харин хамтлагийн цахилгаан гитарчин, продюсер Ви Жей Браун бол Аарон Коплендийн нэрэмжит хөгжмийн сургуульд жазз судлал чиглэлээр мастерын зэрэг хамгаалж рок, жазз хөгжмийн домог болсон бүтээлүүдийг тоглохоос гадна өнөө үеийн Нью­-Йорк дахь залуу уран бүтээлчдийн өнгө аясыг агуулсан хөгжимчин юм. Харин тенор болон баритон саксфонч Жаред Ий нь АНУ-­ын том хэмжээний амьд хөгжмийн Хардли Стриктли Блюграсс, Саут бай Саутуэст зэрэг фестифалиудад оролцож байсан туршлагатай уран бүтээлч. Жаредийн хувьд Кенни Логгинс, Боб Минтцер, Луйс Конте зэрэг уран бүтээлчидтэй хамтдаа нэгэн тайзнаа тоглолт хийж байсан.

Сонирхуулахад, “Америк хөгжмийг гадаадад” (American Music Abroad) хөтөлбөр нь АНУ­ын Төрийн Департаментын Боловсрол соёлын товчоо Америк дуу хоолой нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлдэг хөтөлбөр аж. Хөтөлбөр нь Америк амьд хөгжмийн тоглолтыг тэр болгон үзэх боломж, хүртээмжээр хангагдаад байдаггүй хүүхэд залуучууд болон эмзэг бүлгийн үзэгч олонд анхаарлаа хандуулах бөгөөд Монгол Улсад 2017 оноос хойш хэрэгжиж эхэлсэн билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид