Улаанбаатар 1c

“Шинэ бүтээл-Хүмүүс” үзэсгэлэн найм дахь жилдээ...

“Батзориг” сангаас жил бүр зохион байгуулж ирсэн Баримтат гэрэл зургийн “Шинэ бүтээл-Хүмүүс 8” үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжлагаа хүргэе.

“Гамма” агентлагийн гэрэл зурагчин Ц.Батзориг агсны нэрэмжит “Шинэ бүтээл-Хүмүүс 8” баримтат гэрэл зургийн үзэсгэлэн өнгөрсөн баасан гарагт СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн “Дебют” галерейд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэн нь Ц.Батзориг агсны 1998 онд гаргасан “Хүмүүс” үзэсгэлэнгээс үүдэлтэй бөгөөд түүний дурсгалд зориулан 2013 оноос жил болгон зохион байгуулж ирсэн юм. Баримтат гэрэл зураг сонирхогчдын шилдэг бүтээлийг олон нийтэд танилцуулах зорилготой тус үзэсгэлэнд энэ жил 88 гэрэл зурагчны 770 бүтээл ирснээс 59 гэрэл зурагчны 97 бүтээлийг дэлгэсэн байна. Жил бүр 5-8 шүүмжлэгч редакторын гурван удаагийн сонгон шалгаруулалтад орж шалгарсан бүтээлийг энэ үзэсгэлэнд дэлгэдгээрээ онцлог юм. Тийм ч учраас энэхүү үзэсгэлэнд бүтээлээрээ шалгарч оролцох нь гэрэл зурагчдын хувьд нэр төрийн хэрэг билээ. Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог нь өмнөх жилүүдийнхээс цуврал зураг олноор дэлгэгдсэн явдал байлаа.

Д.Давааням: Энэ үзэсгэлэнд бүтээл нь шалгараад оролцоно гэдэг бол шагнал

Үзэсгэлэнг зохион байгуулагч Ц.Батзориг сангийн гүйцэтгэх захирал Д.Даваанямтай цөөн хором ярилцсанаа хүргэе.

-”Шинэ бүтээл-хүмүүс 8” үзэсгэлэнгийн онцлог нь юу байна вэ?

-Энэ жилийн үзэсгэлэнгийн онцлог гэвэл цуврал гэрэл зургууд их ирсэн. Өмнөх жилүүдээс хоёр, гурав дахин их. Тийм ч учраас үзэсгэлэнд цуврал бүтээл олон сонгогдлоо. Галерейн зүүн хойд тал бүхэлдээ цуврал гэрэл зургаар дүүрсэн байна. Цуврал гэрэл зургийг манай зурагчид сонирхож, оролдож авч байгаа нь сайн хэрэг юм. -хөрөг зургийн маш сайн бүтээлүүд ирсэн юм шиг санагдлаа. энэ талаар? -Хөрөг зураг бол гэрэл зургийн нийтлэг сэдэв учраас зурагчид маань 50, 60 хувь нь хөрөг илгээсэн байсан. Тийм болохоор сайн, сайн хөргүүд олон бий. Мөн үзэсгэлэн маань баримтат гэрэл зургийнх учраас ахуй амьдрал, нийгэм, улс төрийн гээд бүхий л төрлийн сэдэвтэй зургууд ирсэн.

-Үзэсгэлэнд оролцогчдын насны хувьд ямар байгаа вэ?

-Ер нь залуучууд дийлэнх нь байна. СУИС-иас гэхэд нэг, хоёрдугаар курсын найман оюутны бүтээл шалгарсан байна. Тэгээд ихэнх оролцогчид маань 20-30 насныхан байгаа. Нэг үеэ бодвол залуус гэрэл зураг сонирхох нь нэмэгдэж, сайн зургууд авч байна. Ахмад уран бүтээлчид цөөхөн оролцсон. Үүнээс гадна манай үзэсгэлэнд жил бүр оролцдог уран бүтээлчид ч бий болж байна.

-Та гэрэл зурагчныхаа хувиар энэхүү үзэсгэлэнд бүтээлээ дэлгэсэн. Тийм учраас зурагчин хүний хувиар үзэсгэлэнгийн зурагнуудаас өөрт таалагдсан зургаа бидэн хэлж болох уу?

-Цуврал зургууд дотроос Д.Амараа гээд хүний цонхоор авсан зургуудыг онцолмоор байна. Гэхдээ манай үзэсгэлэнгийн зорилго бол нэг, хоёр бүтээл дээр онцлох биш. Зүгээр л энэ үзэсгэлэнд шалгараад бүтээл нь оролцсон л бол шагнал. Д.Амараа ахын цонхоор авсан зургуудыг онцолж байгаа учир нь гэвэл зүгээр нэг зүйлийг буулгаагүй. Юмны завсар зайгаар зургийг яаж авах вэ гээд бүтээлч санаа их байсан.Энэ өнцөгөөс нь харвал ингэж буудаг юм байна шүү гэсэн шинэлэг санаа бууж байгаа юм.

 

Д.Гэрэлцэцэг: Нийгэмд цөөнх болж явдаг хүмүүсийг ойлгох хэрэгтэй

Энэ удаагийн үзэсгэлэнд оролцсон СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн оюутан Д.Гэрэлцэцэгийн сэтгэгдлийг хуваалцлаа.

-Энэ үзэсгэлэнд оролцож буй хамгийн залуу гэрэл зурагчдын нэг нь та. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Сэтгэгдэл маш өндөр байна. Дөрвөн бүтээл илгээснээс нэг зураг маань шалгарсан. Өөрийнхөө бүтээлийг шалгарна гэж огт төсөөлөөгүй. Учир нь энэ үзэсгэлэн босго өндөртэй мөн гэрэл зураг сонирхдог хүн бүрийн оролцохыг хүсдэг үзэсгэлэн. Тийм болохоор шүүмжлэгч нараас шүүмж сонсоход л оюутан миний хувьд маш том туршлага болж байна.

-Шалгарсан гэрэл зураг нь бусдаасаа нэлээд онцгой зураг харагдсан. Зургаа бидэнд тайлбарлаж өгч болох уу?

-Энэ зургийн онцлог нь ерөнхий утга санаа нь юм. нийгмийн цөөнх хүмүүсийг бага ч гэсэн зөвөөр хүлээж аваасай гэж хүссэндээ би энэ зургийг дарсан. Хэдий бэлгийн чиг хандлага өөр боловч бидэнтэй адил хүн учраас тэднийг сөргөөр хүлээж авах шаардлагагүй. Тэдний ихэнх өөрсдөө хүсээд энэ хандлагыг сонгоогүй. Тийм болохоор бид тэднийг хүлээж аваад ойлгож, тусалж дэмждэггүй юм аа гэхэд өөрсдийн ертөнцөд нь тайван байлгах хэрэгтэй.

Үзэсгэлэнд шалгарсан 59 гэрэл зурагчны дийлэнх нь мэргэжлийн гэрэл зурагчид байсан юм. Мөн манай сонины гэрэл зурагчин А.Чимэдцэрэнгийн “Шөнийн зах” бүтээл шалгарсан байлаа. Үзэсгэлэнд шалгарсан гэрэл зурагчдын дунд ерөнхий боловсролын сургуулийн сурагч болон тогооч гээд өөр өөр мэргэжлийн гэрэл зураг сонирхогчид ч байлаа. Шүүмжлэгч редактор С.Туяа хэлэхдээ “Энэ жилийн үзэсгэлэнгийн шалгаруулалтад хөрөг зургууд чанартай бүтээлүүд ирсэн. тийм болохоор үзэсгэлэнд маш сайн хөргүүд тавигдлаа. Ер нь манай гэрэл зурагчид хөрөг зураг сайн дарж байгааг онцолмоор байна. Мөн цуврал зургууд олноор ирлээ. Эдгээр дунд сайн цувралууд ч байна. Манайд хөгжөөд удаагүй ч цуврал зургийг авч байгаа гэрэл зурагчиддаа талархмаар байна” гэсэн юм. “Шинэ бүтээл-Хүмүүс 8” үзэсгэлэн маргааш хаагдах бөгөөд гэрэл зураг сонирхогч таныг амжиж үзэхийг хүсч байна.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид