Улаанбаатар 1c

Б.Ганхуяг: Тавантолгойн ордыг түшиглэн 100 мянган хүн амтай хот байгуулна

Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. 

Тус компани өнгөрсөн онд 11 сая тонн нүүрс олборлож, 13 сая тонныг экспортолжээ. Үүнээс 1.9 их наяд төгрөгийн борлуулалтын орлоготой ажилласан байна. 807.6 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Улсын төсөвт 478.8 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэ үр дүнд Монгол Улсын ДНБ болон төсвийн орлогын зургаан хувийг “Эрдэнэс-Тавантолгой” дангаараа бүрдүүлсэн амжилт гаргасан болохыг тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулав. Харин энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 4.2 сая тонн нүүрс олборлож, 741 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого бүрдүүлжээ. Мөн улсын төсөвт 193.5 тэрбум төгрөг төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна. Хэрэв оны төгсгөлд үйл ажиллагаа нь цалгардахгүй бол 1.2 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэсэн үг.

Маргааш тус компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох бөгөөд 2019 онд компанийн ТУЗөөс баталж өгсөн төлөвлөгөөгөө I улиралд 21-25 хувиар давуулан биелүүлсэн байна. Мөн энэ онд гурван том зорилтыг хангах удирдамж гаргасан. Нэгд, олон улсын зах зээлд дээр компанийн 30 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний үнийн дүнтэй IPO гаргах үүрэг өгсөн. Хоёрт, дэд бүтцийн томоохон төслүүдээ санхүүжүүлэх, хөдөлгөх даалгавар авсан. Гуравт, олборлолт, экспортыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтыг бүрдүүлэх чиглэл өгсөн гэнэ. Тэгвэл энэ оны нэгдүгээр улирлын санхүүгийн байдал болон өнгөрсөн оны тайланг харахад, төлөвлөгөөний гүйцэтгэл биелэх санхүүгийн болон үйл ажиллагааны нөхцөл бүрдсэн гэдгийг Б.Ганхуяг тодотголоо. Олон улсын зах зээлд дээр компанийн 30 хүртэлх хувьд IPO гаргах ажлын хүрээнд аудит, компанийн засаглал гэх мэт таван зөвлөх ажиллуулж байгаа аж. Одоогоор хоёр зөвлөх гэрээгээ албан ёсоор байгуулж, ажилдаа ороод байгааг мөн дуулгасан. Тус компани өөрөө бүрдүүлж өгөх хэд хэдэн стандарт шаардлага байгаа гэнэ.

Тиймээс “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийг ажиллуулж, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч байгаа бөгөөд компанийн засаглалын зарчмаар улирал, хагас жил тутамд тайлангаа олон нийтэд ил тод мэдээллэж байгаа юм. “1072 хувьцаа мэдээллийн төв” байгуулагдсанаас хойш хоёр сая гаруй иргэнд мэдээлэл, зөвлөгөө өгчээ. Компанийн тухай хуулиар тухайн компанийн ТУЗ эцсийн шийдвэр гаргагч байдаг. Энэ эрх үүргийнхээ дагуу “ЭрдэнэсТавантолгой”-өөс 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтад тодотгол хийсэн байна. Энэ онд хийхээр байсан хөрөнгө оруулалтаа цуцалж, 600 гаруй тэрбум төгрөгийг дэд бүтцийн том төслүүддээ зарцуулахаар болсон аж. “Эрдэнэс-Тавантолгой” компани иргэдийг оролцуулсан жижиг том 2.5 сая хувьцаа эзэмшигчтэй. Тэднээс төрөл бүрийн санал, гомдол ирдэг. Тэр болгоныг харгалзан үзэж, үйл ажиллагаандаа тусгадаг болохоо гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцуулсан. УИХ, Засгийн газраас Тавантолгой ордын дэд бүтэцтэй холбоотой чиглэл гарсан аж. Чиглэлийн хүрээнд уурхайн олборлолтын хүчин чадлыг бүрэн ашиглаж, жилийн олборлолтыг 35 сая тоннд хүргэн ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэсэн аж. Энэ нь Тавантолгойн ордыг ашиглах анхны ТЭЗҮ-д батлагдсан юм. Хоёрт, усан хангамжтайгаа хамт жилд 30 сая тонн нүүрс боловсруулах чиглэл барьж байгаа аж. 2014 онд 20 сая тонн нүүрс боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ баталсан гэж үзвэл, нэмээд 10 тонныг боловсруулахаар болжээ. Гуравт, 18 сая тоннын хүчин чадалтай Гашуунсухайт хүртэл авто замаар тээвэр хийж байгаа. Үүнийгээ 60 сая тонн болгон нэмэгдүүлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Хангимандал, Тавантолгой-Гашуунсухайтын паралель дөрвөн чиглэлийн замд хөрөнгө оруулалт хийснээр 60 сая тонн нүүрс тээвэрлэх боломжтой. Дөрөвт, хими технол огийн үйлдвэр. Энэ үйлдвэрийг 2023 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Эрчим хүчний нүүрс 2019 оноос их хэмжээгээр гарч, 1.3 сая тонн эрчим хүчний нүүрс “Эрдэнэс-Тавантолгой” компанийн агуулахад хуримтлагдсан байна . Эрчим хүчний нүүрсийг боловсруулахад 70 гаруй төрлийн эцсийн болон завсрын бүтээгдэхүүн гардаг. Мөн Тавантолгойн цахилгаан станцыг байгуулах төсөл олон жил хэрэгжиж байгаа. Эдгээр төслийн хэрэгжүүлснээр тус компанийн орлого 2023 онд борлуулалтын орлого 2.1 тэрбум ам.доллар хүрнэ. Ногдол ашигт 800 сая ам.доллар төвлөрүүлнэ гэсэн урьдчилсан стратеги гарсан байна. Энэ мөнгөн урсгалыг дагаад 2-3 мянган бизнес, 5-10 мянган хүний шинэ суурьшлын бүс бий голох эхлэхээр төлөвлөжээ. Суурьшлын бүсийг даган хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжинө гэж үзэж байгаа аж. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг энэхүү мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

-2019 онд Эрдэнэт шиг хот байгуулахаар шийдвэрлэсэн гэсэн үг үү?

-1983-1985 онд ОХУ-ын мэргэжилтнүүд Тавантолгойн бүлэг ордыг ашиглах ТЭЗҮ-г боловсруулсан байдаг. Тэд 50 мянган хүн амтай суурьшлын бүс байгуулах төлөвлөгөө боловсруулсан. Үүнийгээ дагаад хүнд болон хөнгөн үйлдвэрийн бизнес хөгжих боломжтойгоор хийсэн. Дараа нь “Northwest” болон манай компанийн хийсэн тооцооллоор 100 мянган хүн амтай хот байгуулахаар ажиллаж байна. Одоо зөвхөн Цогтцэций сум бүртгэлтэй болон бүртгэлгүй 21 мянган хүн амын хөдөлгөөнтэй байгаа. Тэгэхээр 50 мянгаас өсгөх зайлшгүй шаардлага байгаа юм. Хими технологи болоод цахилгаан станц үйлдвэр баригдахад, тэнд ажиллах хүчний тоо 15-21 мянга болно. Ингэснээр хөгжлийн бүс гэж тодорхойлогдож байгаа.

-Олон зуун тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг танасан гэж ойлголоо. Тансаг хэрэглээгээ танасан гэж ойлгож болох уу?

-Тансаг гэж хэлэхэд хэцүү. Манай компанийн байр түрээсийн байр. 6.8 тэрбум төгрөг энэ байранд зарцуулсан. Ер нь тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа стратегийн, тэр дундаа төрийн, олон улсын компаниуд хотынхоо “А” цэгт хамгийн өндөр барилгуудтай байдаг. Ялангуяа уул уурхайн компаниуд. “Оюутолгой” компани заавал Монгол Улсад өөрийн мэдлийн барилгатай байх албагүй. Харин “Эрдэнэс-Тавантолгой” компани Монголдоо байж л байна, 100 хувь Монголын эзэмшлийнх. Гэвч улсдаа хамгийн их мөнгө оруулж байгаа, стратегийн компани байранд амь зууна гэдэг байж болохгүй зүйл л дээ. Тиймээс дараа дараагийн үр ашиг нэмэгдээд ирэхээр энэ компани зайлшгүй өөрийн гэсэн байртай болох ёстой. Гэхдээ өөрийн шинэ байраа барих уу, худалдаж авах уу гэдэг бол компанийн стратеги төлөвлөлтийн асуудал. Үүнийг тансаг хэрэглээ гэж битгий ойлгоорой. Үүнд 19.2 тэрбум төгрөг төлөвлөсөн байсныг болиулсан. Мөн 302 тэрбум төгрөг борлуулалт маркетингийн зардал гэж байгаа. Үүний 95 хувь нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр шүү. 302 тэрбумыг татварт төлөх мөнгө гэж ойлгож болно.

-Сайжруулсан түлш боловсруулах ажил ямар шатандаа явж байна вэ. Энэ өвөл Улаанбаатарын айл өрхийг 100 хувь сайжруулсан түлшээр хангаж чадах уу?

-“Эрдэнэс-Тавантолгой” компани нийгмийн хаируцлагын хүрээнд “Тавантолгой түлш” компанийг санхүүжүүлж, үйл ажиллагааг нь дэмжиж байгаа. Улаанбаатар хотыг хорт утаанаас нь салгах ажилд Монголын үндэсний компанийн хувьд оролцож ирсэн. Нийслэл 1.5 сая гаруй иргэнтэй. Тиймээс нийгмийн ач холбогдлыг ярих илүүц биз. “Тавантолгой түлш” компани жилд 800 мянган тонн түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Анх 600 мянган тонн гэж гарч байсан. Гэвч тооцооноос ахиу үйлдвэрлэх шаардлагатай гэж үзээд 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна. Улаанбаатар хот руу Тавантолгойгоос нүүрс зөөгдөж байгаа. Тавдугаар сарын 15-наас хойш “Тавантолгой түлш” компанийн боловсруулсан түлшийг нийлүүлнэ. Ажил 90 орчим хувьтай явж байгаа. Би баталгаатай нэг зүйлийг хэлж чадна. Утаагүй буюу сайжруулсан түлш нийлүүлэгдсэнээр Улаанбаатар хотын утаа 2019- 2020 оны өвөлд 50-60 хувиар багасна. Урьдын түлшнүүдтэй харьцуулшгүй. Тавантолгойн нүүрс маш өндөр зэрэглэлийн хатуу коксжих чанартай нүүрс. Утаа маш бага гаргадаг Зөвхөн эхний 10-15 минутад утаа гарна. Түүнээс хойш ямар ч утаа гарахгүй. Мөн хүний биед хоргүй. Үүнийг 24 төрлийн шинжилгээгээр тогтоосон юм билээ. Япон, Солонгос, Хятадын эрдэмтэд дэлхийн гуравдагч зах зээл нийлүүлэхэд өндөр стандартын шаардлага хангасан гэдгийг ярьж байна. Энэ жил ирэх 15-наас хойш хэрэгжээд явна. Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхүүд жилд 1.4 сая түүхий нүүрс хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Сайжруулсан түлшний давуу чанар нар нь үүнийг 50 хувиар бууруулна. Өөрөөр хэлбэл, 700 мянган тонн сайжруулсан түлш нийслэл хотын өвлийн хэрэгцээг хангана гэж үзэж байгаа. Бид эрсдэлээ тооцоод 800 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэхээр ажиллаж байна.

-Иргэдэд ногдол ашиг олгоно гэж шийдвэр өмнө нь гарч байсан. Энэ шийдвэрээсээ буцсан гэсэн үг үү?

-Энэ бол ТУЗ-ийн эрхийн хүрээнд шийдэх асуудал буюу компанийн 85 хувийг эзэмшигчийн шийдвэрлэх асуудал. Хувьцаа эзэмшигч эхлээд биднийг иргэдээсээ хөрөнгө оруулалтаа хийх үү, эсвэл бэлнээр авах уу гэдгийг асуу гэсэн. Үүний дагуу “Эрдэнэс-Тавантолгой” компанийн веб сайтаар асуулга явсан. Асуулгад 4000 гаруй иргэн оролцож, 68 хувь нь хөрөнгө оруулалтаа хий гэсэн. Ингэж байж одоогийн ногдол ашиг дараагийн жилдээ маш их хэмжээгээр нэмэгдэнэ гэж үзсэн.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих уу?

-Гашуунсухтайт чиглэлийн төмөр замд 7.7 тэрбумыг санхүүжилт хийнэ. Өнөөдрийн байдлаар гүйцэтгэл нь 70 хувьтай байгаа. Үүнийг аудитлах, цаашилбал олон улсын аудитын байгууллагад хүлээн зөвшөөрүүлэх ажлыг зохион байгуулна. Ингээд барилгын ажил, Засгийн газрын тогтоолын дагуу гэрээ байгуулах замаар Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замыг санхүүжүүлэх үүргийг манай компани хүлээсэн. Засгийн газрын тогтоолоор төмөр замын суурь бүтцийг санхүүжүүлэх чиглэл өгсөн. 2019 онд гурван сая тонн нүүрсийг гэрээгээр өгөхөөр болсон. Гашуунсухайт дээр “Тавантолгой төмөр зам” гээд компани байгуулаад явж байгаа. Зүүнбаян чиглэлийн төмөр замыг Монголын төмөр зам компани хариуцаад явна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид