Улаанбаатар 1c

Хүүхдийн төв номын сангийн хөдөөх нутагт зочилсон нь

16 жилийн түүхэн замналтай Хүүхдийн төв номын сан Соёлын төв өргөөний Б корпуст байрладгийг уншигч та андахгүй мэдэх биз. Энэхүү оюуны их өргөө өнгөрсөн 2018 онд л гэхэд 56828 хүүхдэд үйлчилж, 104.6 мянган ном хэвлэлийг танилцуулж, уншуулжээ. Уг номын ордон нь “Боловсрол хөгжил”, “Мөрөөдөл”, “Их мэдэх”, Герман мэдээллийн номын сан, Өрнө болон Дорно дахины гээд нийт зургаан танхимтай юм. Харин энэ сарын 23-нд хамгийн отгон танхим нээлтээ хийсэн нь “Монгол ахуй, соёл”-ын танхим бөгөөд номын сангийн хоёрдугаар давхарт бууриа засаж, төвхнөжээ. 40 гаруй метр кв-т энэ талбайг сэтгүүлч, зохиолч Р.Оюунжаргалын “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын өгүүлэмжээс санаа авч тохижуулсан байв.

“Монгол ахуй, соёл”-ын танхимын таазанд цэнхэр тэнгэр, цагаан үүлс дунд хараацай шувуу халин дүүлж буй дүрслэлтэй уран зураг өлгөжээ. Хөдөө нутгийн тэнгэр ийм л үзэсгэлэн гоо байдаг даа гэж шүүрс алдмаар санагдсан. “Ийм сайхан тэнгэрийг хамгийн сүүлд хэзээ харлаа”... өөрөөсөө ингэж асуугаад хараа цааш бэлчээв. Танхимын хойморт байрлах цагаан модон авдар дээр нэгдэлжих хөдөлгөөн эд өрнөж байсан үед Зөвлөлтөөс орж ирсэн бараан өнгийн чемоданыг зэрэгцүүлэн тавьж, дээр нь тухайн үеийн хөгшчүүдийн салшгүй “анд” ражуу (радио), сонирхолтой түүхэн гэрэл зурагтай жаазнуудыг өржээ. Харин баруун гар талд цагаан төмөр ор, орны хөлд хуучны буюу “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын зохиолч Р.Оюунжаргалын эмээгийн хөлний авдрыг тавьсан байв. Энэхүү авдар нь 80- аад жилийн настай бөгөөд сур, чөдөр, ном товхимол, төмөр сав зэргийг багтаасан нь ч с онирхолтой. Түүний араас хоолны шүүгээ залгана. Тус шүүгээ нь мөн л сэтгүүлч, зохиолч Р.Оюунжаргалын өвөө, эмээгээс өвлөж ирсэн түүхтэй. Түүх сөхвөл, шүүгээг XIX, XX зууны заагт Оросоос Монголд орж ирсэн Бавуу Балдангийнх хэмээх айл ачиж ирсэн бөгөөд нутаг сэлгэхдээ буурин дээрээ орхиод явсан байсныг нутгийн хөгшчүүд авчээ. Танхимын зүүнтэй том, жижиг модон сандал эгнүүлж, доогуур нь аргал, түлээ зэргийг өрсөн харагдлаа. Харин танхимын голд байрлуулсан гурван сандалтай модон ширээн дээр мөлчийтөл нь цэвэрлэсэн 15 орчим тооны шагайг цацжээ.

21 дүгээр сургуулийн гурвын “Г” ангийн сурагч н.Есүй найз н.Хувьтөгөлдөр болон эмээгийн хамт “Монгол ахуй, соёл”-ын танхимд зочилж байхтай таарлаа. Хүүхдүүд шагайгаар наадах зуур цөөн хором хуучилсан юм.

-Гэрт нь шагай бий юү?

Е: -Байгаа. 100 орчим шагай бий.

Х: -Манайд бас шагай бий. 108 билүү дээ.

-Танай гэрийн хэн нь шагай цуглуулдаг юм?

Е : - Манайд шагайгаар хийсэн машины суудал байсныг задалчихсан.

Х: -Ээж, аав хоёр цуглуулсан байх. Манай аав Хэнтий аймгийнх, ээж бас хөдөөнийх.

Тэд ярилцах зуураа хоолны шүүгээ рүү очиж, хаалгыг нь нээж үзэв. Шүүгээнд боорцог, цайны идээний уут, данх харагдана. н.Есүй, н.Хувьтөгөлдөр хоёр тэр бүхнийг сонирхон үзэж, зарим зүйлийг эмээгээсээ тодруулах аж. “Эмээ энэ юу юм бэ” гээд цайны идээ хийдэг уутыг үзүүлэв. Тэд мэдэхгүй байх нь аргагүй. Орчин цагийн хүүхдүүд арьсан гадартай цайны идээний уут харах нь бүү хэл зүүдэлч байгаагүй нь мэдээж.

Танхим доторх эд хогшлоос төмөр цагаан ор н.Есүйд ихэд таалагдаж “Ийм ор авъя” гэж эмээдээ хэлээд амжсан. Хүүхэд л болсон хойно дээр нь хэвтэж хэдэнтээ дэвхцэв. Болдог бол гутлаа тайлаад дээр нь үсэрмээр байгаа нь илт. Харин энэ зуур н.Хувьтөгөлдөр хүү шүүгээнээс олсон бод малын шагайг хараад ихэд гайхаж, “Энэ ямар том шагай вэ. Та хардаа” гэж надад үзүүлэв. Тэднийг хөндлөнгөөс ажиглахад “Монгол ахуй, соёл”-ын танхим танин мэдэхүйн ямар өндөр ач холбогдолтой танхим болоо вэ гэж эрхгүй бодогдсон юм. Энэ танхимаар ороод гарсан багачууд аргал, түлээ, данх, сур, авдар, шагай гээд монголчууд биднээс салшгүй холбоотой соёлын гэрчүүдийг мэдээд зогсохгүй, түүнд дурлаад гарч байх юм. Өөрөөр хэлбэл, “Монгол ахуй, соёл” танхим үүргээ онцсайн биелүүлж байна. Мөн Хүүхдийн төв номын сангийн ажилтнуудын хэлж буйгаар “Монгол ахуй, соёл”-ын танхимд өнгөрөгч бямба гарагт нийслэлийн 45 дугаар дунд сургуулийн Г.Мөнхбаяр багштай гурвын ”А” ангийн сурагчид, эцэг эхийн хамт зочилж, “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын хэсгийг зохиолчийнх нь уншлагаар сонссон аж. Түүнчлэн хүүхдүүдэд төдийлөн танил бус байсан “Хонины хот, хонь хотондоо налайх, уяа морьд, уяа сойлго, ёпоошиг (ёпоошхо)-буриад талх, сүү голын усанд тавих, хөтөл, дов, хурууд” гэсэн үг, хэллэгийг танин мэдэж авсан байна. Мөн сурагчдын эцэг, эх хүүхдүүдтэйгээ тус танхимд ирсэндээ баяртай байгаагаа хэлжээ.

Танхимд орж, гарах хүмүүсийн дунд пүрштэй орон дээр сууж, хэвтэж хүртэл үзсэн нь бий гэж номын сангийн ажилтнууд ярьсан. Мөн үзэсгэлэнгийн танхимд өнгө нэмсэн бүтээлүүдийг дурсахгүй байж болохгүй. Энэ бол гэрэл зурагчин П.Баттулгын нүүдэлчдийн амьдрал болоод хөдөө нутгийн үзэсгэлэнг аргамжсан фото зургууд байв. Гэрэл зурагчны хувьд “Монгол ахуй, соёл” танхимын тохижилтод нэмэр болж бүтээлүүдээ бэлэглэсэн нь энэ ажээ.

“Монгол ахуй, соёл”-ын танхимын тухай сэтгүүлч, зохиолч Р.Оюунжаргал “Энэхүү танхим нь танин мэдэхүйн болоод уншлагын танхим юм. Бага насны хүүхдүүдэд зохиолчид маань өөрсдийн биеэр ном, шүлгээ уншиж өгч, үйл явдал, зураглал, дүрслэлийн талаар ярилцахад маш тохиромжтой бөгөөд үр өгөөжтэй байх болов уу. Энэ орчныг үүний тулд л бүрдүүлсэн юм. Тухайлбал, адуу малын тухай хэсгийг уншихдаа танхимд байгаа хазаар, чөдөр, хомоол зэрэг зүйлсийг зааж, харуулж, бариулж үзүүлбэл мартахгүй шүү дээ. Танхим байнгын нээлттэй байна. Үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ. Хүүхдэд зориулсан ном бүтээлтэй хэн боловч уншигчдаа урин залж, харилцан ярилцаж байх ийм чөлөөт орой зай олгож буй Хүүхдийн төв номын сан, түүний захирал Д.Оюунбилэгт хүүхдийн зохиолчдын өмнөөс талархал илэрхийлж байна. Мөн 2019 оныг хүүхэд залуусын уншлагыг дэмжих жил болгосноо зарлаж, энэ чиглэлийн санаачилга, ажлуудыг дэмжин ажиллаж буй БСШУСЯ-ны Соёл урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнд мөн талархал илэрхийлье” гэсэн юм.

Дашрамд дурдахад, Хүүхдийн төв номын сангийнхан “Монгол ахуй, соёл”-ын танхимыг “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын зохиолч Р.Оюунжаргалтай хамтран нээсэн бөгөөд зохиолч энэхүү танхимдаа бямба гараг бүр өөрөө уншлага зохион байгуулж байгаа гэнэ. Иймд хуучин цагаа санан дурсахыг хүссэн, бяцхан үрсдээ монгол ахуйгаа таниулахыг хүссэн хамт олон, гэр бүл, ахан дүүс байвал “Монгол ахуй, соёл”-ын танхимд зочилж, ном уншлагад хамрагдах боломжтой юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид