Улаанбаатар 1c

Н.Алтанхуяг:“Х.Баттулгын хажууд очоод толгой хорогдчихлоо, намаа шинэчлээч" гэж олон хүн хэлсэн

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өчигдөр мэдээлэл хийж, гурван зүйл дээр тодруулга, тайлбар өглөө. Түүний мэдээллийг бүрэн эхээр нь хүргэе.

-Би зарим зүйл дээр тодруулга хийх шаардлагатай болчихлоо. Тиймээс та бүхэнтэй уулзаж тайлбар хийх гэсэн юм. Би гурван зүйл ярихаар төлөвлөсөн. Ер нь манай АН дотор намын даргын болоод Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа хэрхэн болж байсан талаар эргэж сануулах шаардлагатай гэж бодлоо. Хоёрдугаарт, АН өнөөдөр юу болчихоод байгааг хэлье гэж шийдсэн юм. Бид цаашид яах ёстой, юу хийх нь зүйтэй вэ гэдэг асуудлаар санал хэлье. Төгсгөлд нь гүтгэлэгтэй холбоотой хэдэн зүй хэлнэ.

Нэгдүгээрт, 2016 оны сонгуульд УИХ-д АН есөн суудалтай болсон. Үүний дараа АНын даргыг сонгох сунгаа явуулсан. Тэр сунгаад би намын даргад нэр дэвшиж, өрсөлдсөн. Энэ үед Ц.Элбэгдоржийг МАНАН-гийн мафийн толгойлогч гэж зарласнаас хойш амар заяа үзээгүй дээ. Гэхдээ санаагаар унаад байх шаардлагагүй. Шударга, үнэн ёс хэзээ нэгэн цаг ялна гээд намын даргад өрсөлдсөн. Та нар одоо бараг мартсан байх. Намын даргад таван хүн өрсөлдсөн. Миний хувьд АТГ, цагдаа, тагнуул гэсэн олон газрын мөрдлөг, дуудлагын дарамтан дор намын даргын сунгаад оролцсон. Хоёр тоо та бүхэнд сануулъя. Намайг намын даргын сунгаанд явах сургаар, дээр нь Ерөнхийлөгчид нэр дэвших сургаар 2016 оны арваннэгдүгээр сарын 30-нд АТГаас дуудаж, сэжигтэн болгож байсан юм. “Сэжигтэн хүн намын даргын сунгаад явлаа” гэдэг пиарыг хийх нь гэж бодсон. Тэр нь ч ёсоор болсон. Бас 2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр намын даргын сунгааны санал хураалт болох гэж байтал гурван өдрийн өмнөөс намайг АТГ дээр дуудаж, “Таныг яллагдагч болголоо шүү” гэж хэлсэн. Гурав хоногийн дараа “Н.Алтанхуягийг АН-ын дарга болговол сайнаа үзэхгүй” гэсэн Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын босгосон шударга бусын хонгилын ажиллагаа явагдсан юм. Нэгэнт өнгөрсөн явдал ч хэлье гэж бодож байна. Манай намын сунгаад тэр үеийн МАНын дарга М.Энхболд, тэр үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар хууль, хяналтын байгууллагад шударга бусын хонгилоо ашиглаж оролцсон. Нөгөө талд нь юу болсон бэ гэхээр С.Эрдэнэ намын дарга болохын тулд “Н.Алтанхуяг гэдэг хүн намын байр зарж идсэн” гэдэг зүйлийг 2016, 2017 оны үед гаргаж ирсэн юм. Би тэр үед намын дотор сунгаа байхад нэг их зүйл яриад хэрэггүй гэж бодсон. Гэтэл өнөөдөр АН-ын дарга гэдэг хүн улс орон даяар намайг намын байр зарж идсэн мэтээр зарлаад байгаа учраас намын гишүүдээсээ хүлцэл өчөөд энэ асуудлыг олон нийтэд ил болгоё гэж шийдсэн юм.
Хоёрдугаарт, АН-ын мянга, мянган гишүүндээ баярлалаа гэж хэлэх гэсэн юм. Хэдийгээр 2-3 жил өнгөрсөн ч манай гишүүд намайг маш сайн дэмжсэн. Намайг намын даргад дэмжсэн санал хол зөрүүтэй байсныг С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж, М.Энхболд нар нийлж байгаад луйвардсан. Ганц л тоо хэлье. Нэг дүүрэгт над дээр 300 санал, С.Эрдэнэ дээр 3000 санал зүгээр л биччихсэн. Би тэр үед ерөөсөө дугараагүй. Яахав дээ, би ямар намын байр идчихсэн биш. Энэ зэргийн гүтгэлэг байна л биз гээд хаячихсан. Та нар мартаагүй байх. АН-ын даргаар С.Эрдэнийг сонгохдоо намын хурлаар батламжлах ёстой байтал тэрнээс нь өмнө М.Энхболд хадаг, сүү бариад давхиж байсан даа. Мартаж болохгүй ээ. Мартах тусам энэ луйварчид дэнддэг юм байна лээ. Түүнчлэн Ерөнхийлөгчийн сунгаа яаж болсныг хэлэх хэрэгтэй. Хэдийгээр намайг Ц.Элбэгдорж, М.Энхболд нар дарамталж байсан ч гэсэн Ерөнхийлөгчид үзнэ гэж шийдсэн. “Та нар шиг хулгайч, луйварчдаас энэ төрийг цэвэрлэнэ” гэсэн хатуу бодолтой байсан. Одоо ч энэ бодол маань хэвээрээ байгаа. Тэгээд үзэлцсэн. Намайг Ерөнхийлөгчийн сунгаан дээр унагаах бүх аргыг Ц.Элбэгдорж зохион байгуулсан. Хэнийг хаана нэмж өрсөлдүүлбэл Н.Алтанхуягийн саналыг бууруулах уу гэдгийг маш сайн тооцоолж хийсэн. Дээр нь С.Эрдэнэ намын дарга болчихоод “Санал хураалтын өдөр Р.Амаржаргалыг дэмжинэ шүү” гэдэг командыг гишүүдэд өгсөн. Одоо үүнийг манай намын мянга, мянган гишүүд мэдэж байгаа. Харин азаар дундуур нь Х.Баттулга гарч ирээд Монгол Улсын Ерөнхийлөгч болсон. Х.Баттулга Ерөнхийлөгч болсных нь дараа би зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. Тэгээд 2017 оны зунаас намын ажилд оролцоогүй. Яагаад оролцоогүй вэ гэхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх болчихоод нам руу орж янз бүрийн зүйл яриад яахав дээ гэхэд дуугүй л явсан. Р.Амаржаргалыг яагаад нэр дэвшүүлсэн бэ. Гол шалтгаан нь Ц.Элбэгдорж, М.Энхболд гэдэг хүмүүс үе залгамжлан Монголын төрийг барих бэлтгэлээ хангачихсан байсан. Их аархуу байсан хүмүүс. Хэнийг ч гэсэн бөөс, хуурс шиг бодож няц гишгэнэ гэж аархаж байсан. Хүнд хэцүү цаг үе байсан ч миний хувьд бол бууж өгөөгүй. Р.Амаржаргалыг гаргачихвал арай хямдхан хоол байх юм байна. Н.Алтанхуяг гарвал алалцаж мэднэ гэдэг агуулгаар АН руу аль хэдийн гар хөлөө шургуулаад, өөрийн хүнээ тавиад, луйварт автчихсан цаг үе байсан. Би бол тэвчээртэй хүн л дээ. Энэ асуудлаар олон хүн надад хандаж байсан. “Намаа шинэчлээч ээ. Чи юу хийгээд байгаа юм. Х.Баттулгын хажууд очоод бараг толгой хоргодчихлоо” гээд л олон хүн намайг шүүмжилж, зарим нь загнаж, гуйж байсан.

МАН-ЫН М.ЭНХБОЛДЫН ХЭРЭГЖҮҮЛСЭН 60 ТЭРБУМЫН СХЕМИЙГ АН-Д ХИЙЖ БАЙНА. ШИВШИГ, ГУТАМШИГ.

Гуравдугаарт, өнөөдөр АН юу болоод байгаа юм. Нам гэдэг бол бодлого ярьдаг байх ёстой. Хүн ардынхаа амьдралыг яаж дээшлүүлэх вэ гэдгийг ярьдаг институц байх ёстой. Жишээ нь, би намын дарга зургаан жил хийж байх хугацаандаа Монгол орон даяар хэлэлцүүлэг хийж байсан. “Монгол хүн 2020” гэдэг хөтөлбөр хэрэгжүүлж, ард түмнээрээ хэлэлцүүлж байсан. Ингэж ажилласаны хүчинд олонх болж чадаагүй ч олуулаа болсон. 2012 онд УИХ-д 34 суудалтай болж байлаа. Харамсалтай нь 2014 онд маш хорсол, заналтайгаар манай Засгийн газрыг огцруулж байсан. Манай Засгийн газарт ажиллаж байсан гурван сайдыг УИХ-ын санал хураалтанд оролцуулахгүйгээр барьж авч үлдс эн байдаг. Барьцаалагдаж үлдсэн хүмүүсийн нэг бол С.Эрдэнэ. Үүнийхээ шанд нь дөрвөн жил Засгийн газарт үргэлжүүлэн ажилласан. Ийм муухай ялзарсан зүйлийг улс төрд хийж эхэлсэн. АН өнөөдөр улс орны хөгжил, бодлого, ахуй амьдрал ярихаа больсон. Оронд нь 60 тэрбумын хэрэг болоод “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хамгаалдаг болсон. Эрүүдэн шүүхийг байх ёстой зүйл гэж хэлдэг болсон. АНыг дээрэмдэж авсан дээрэмчид манай намын нэр хүнд, олон зуун мянган гишүүдийн итгэл сэтгэлээр тоглож байна. 30 жилийн өмнө энэ АН-д элссэн олон зуун мянган гишүүд ийм зүйлийг дэмжихгүй. Өнөөдөр АН-ын удирдлага энэ намыг юу ч биш болгож байна. МАНын М.Энхболдын хэрэгжүүлсэн, хэрэгжүүлэх гэж оролдсон 60 тэрбумын схемийг АН-д хийж байна. Шившиг, гутамшиг. Үүн дээр би ганцхан жишээ хэлье. Зөвхөн АН-ын залуучуудын даргад өрсөлдөхийн тулд 120 сая төгрөг төлдөг. Аймаг, дүүргийн намын даргад өрсөлдөхийн тулд 15-20 сая төгрөг өгдөг. Гишүүдийнхээ дунд сургалт явуулахын тулд 60 сая төгрөг босгодог. Босгохдоо жирийн гишүүдээсээ авна. Ийм нам байхгүй шүү дээ. Монголд байтугай дэлхий дээр байхгүй. АН нам биш болсон. Мөнгөний сүлжээ болсон. Ингэж ажиллахгүй ээ. Хоёрдугаарт, хасдаг, хөөдөг болсон. Ж.Батзандан, Л.Болд хоёрын үйлдлийг зөв гэж бодож байгаа. 60 тэрбумын асуудлаар, шударга бус, хулгайч дээрэмчдийн зангарагаар хөдөлдөг болсон өнөөдрийн АНыг шүүмжилж байгаа нь зөв. Гэтэл тэднийг С.Эрдэнийн байр сууриас зөрсөн учраас намаас хөөж байна. Ж.Батзандан, Л.Болд хоёр намаас хөөгдөөд бүлэггүй болчихсон. Энэ нь МАНАН-д ашигтай. АН-ын мянга мянган гишүүдэд Монгол Улсын цаашдын хөгжилд хамаагүй. УИХ-д АН бүлэггүй болох нь ямар ч ашиггүй. Сөрөг хүчний албан ёсны дуу хоолой алга болж байгаа нь харамсалтай. Үүнийг зориуд алга болгож байгаа юм. Би өнөөдөр муухай л юм ярьж байна. Гэхдээ муухай зүйлийг ярьж байж сайн болгодог.

Ц.ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД НАРТ ХАНДАЖ НЭГ ҮГ ХЭЛМЭЭР БАЙНА. ТА НАРТ АН ДЭНДҮҮ ТОМДОНО ШҮҮ

АН-ын гишүүддээ хандаж “Надтай нэгдээч ээ” гэж хэлэх гэсэн юм. Санаа оноогоо хэл. Тэгээд өөрчлөлт, шинэчлэлтийг хийе. Хулгайч, дээрэмчдийн дохио зангаагаар хөдөлдөг тэр цаг хоцорсон. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хандаж нэг үг хэлмээр байна. “Төрөө тойруулж улсаа зардаг хулгайч нараа, та нарт АН дэндүү томдоно шүү. Та хоёр энэ нам руу битгий хуруу дүрээд бай”. Хоёрдугаарт, би С.Эрдэнэд хандаж үг хэлье. “С.Эрдэнээ би чамайг дэндүү сайн мэднэ дээ. С.Эрдэнийг ямар гэмт хэргээр нь хэнд барьцаалуулчихаад юу хийгээд байгааг нь ард түмэн ойлгочихсон. С.Эрдэнэ ээ, чи гэмт бүлэглэлийн гар хөл болж, тэд нарын дохио зангаагаар юм хийдгээ болио. Хүн гүтгэдэгээ боль. Чам шиг хүнд АН-ын дарга байх эрх алга. Чамайг зайлуулна аа” гэж хатуу хэлмээр байна гэв. Тэрбээр сэтгүүлчдийн асуултанд хариулсан юм.

-АН бүтэц, зохион байгуулалтын хувьд шинэчлэгдэж байгаа гэдгийг удирдлагынх нь зүгээс мэдэгдэж байгаа шүү дээ. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

-Манай нам шинэчлэгдэж байна. Хөгжиж, дэвжиж, өөрчлөгдөж байна гэж яриад л байгаа. Үхсэн элэнцгийнх нь байх вэ дээ. Татвар өгдөггүй, таардаггүй, таалагддаггүй гэж хассаар байгаад нэг суманд гуравхан гишүүн санал өгдөг болчихсон. Гуравхан хүнийхээ өгсөн саналыг будилаантуулж байгаа. Юун улс орон энэ тэр вэ. Цаашид яах юм. Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцооч ээ. Та нар АН-д бүх хог новшоо овоолж хаячихаад дараа дараагийн зүйл дээр золиос болгохоор тохиролцчихоод байгаа юм уу. Юу хийснийг нь бүгдийг нь гаргаад тавилаа шүү дээ. Тэгээд хариуцлага хүлээдэггүй. МАН-д үүрээ эвдүүлэнгүүтээ АН-д үүрээ засах гээд С.Эрдэнийгээ барьцаанд тавьчихаад Монголын төрөөр тоглож байна. Энэ АН-аар тоглож байгаа юм биш. Тиймээс би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарыг “Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцооч ээ” гэж хэлмээр байна. Тэгээгүй цагт Монгол Улсад шударга ёс тогтохгүй ээ. Тэд Монголын төрөөр тоглосон, ард түмний амьдралыг 10-20 жилээр хойш нь татсан хүмүүс.

-Таныг “Намын байраа долоон тэрбум төгрөгөөр зарсан” гээд байгаа шүү дээ?

-Надад намын байрыг идэх гэж оролдсон зүйл нэг ч байхгүй. Бас 570 гэдэг машин цоо шинээр нь аваад уначихсан гээд байгаа. Тийм зүйл байхгүй ээ. Би 2008-2014 онд АН-ын дарга, Монгол Улсын шадар сайд хийж байх хугацаандаа дандаа засгийн унаа унасан. Надад ядарсан АН-аараа 570 авахуулах ямар ч шаардлага байхгүй. 2014 онд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч байхад над шиг адгийн амьтан байгаагүй. Мөнгө хаяад л Ц.Элбэгдорж, М.Энхболд нарын хийсэн ажил. Тэр үед хүнд хэцүү байсан ч бий бууж өгөөгүй. 2014 онд Н.Алтанхуягийг яагаад новш болгох хэрэгтэй байсан юм. “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр дээр ганцхан гацаа байсан. Тэр нь А үсэг байсан юм. Тэгээд л энэ муу А үсгийг устгах бүх аргаар нь алсан. Гэхдээ би үхээгүй. “Байгалийн баялгийг ард түмэнд зөв хуваарилж болохгүй юм уу” гэж хэлснээрээ би гэмтэн болсон. Өнөөдөр дахиад намайг Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаа өгөөд “АН болохгүй байна” гээд яриад эхлэхээр аль дээр үеийн намын даргын сунгааны асуудлуудыг гаргаж ирээд олон нийтэд цацсан. Тэгээд би С.Эрдэнийг цагдаад өгсөн. Цагдаа дээр гүтгэсэн хэрэг нь шалгагдаж байгаа. Очоод хоншоортойхон шиг мэдүүлгээ өгөх хэрэгтэй. Намын байрны тухайд, энэ байшингийн суурийг долоон тэрбум төгрөгөөр зарсан байна лээ. Би бол Ерөнхий сайд байсан учраас юун намын байрны суурь зарах манатай байсан

. -Та Ж.Батзандан, Л.Болд хоёртой нэгдэх үү?

-Би тэр хоёртой олон асуудлаар санал нийлж байгаа.

-Капитал банкны үйл ажиллагаа АН-ыг засаг барьж байх үед алдагдаж байсан гэж ярьж байгаа. Энэ банкны дампуурал АН-тай холбоотой юу?

-”Капитал” банкны дампууралтай АН ямар ч холбоогүй. Холбогдвол нийгмийн даатгалынхан холбогдоно. Тэр дотроо С.Эрдэнэ холбогдоно.

-Таныг АН-ын гишүүнчлэлээс гаргах шийдвэрийг гаргасан. Та энэ шийдвэртэй хэр санал нэгдэж байгаа вэ?

-1990 онд МУИС-д арван жил багшлаад ардчилсан хувьсгалыг анх эхлэхэд нь оролцсон. Би өнөөдөр С.Эрдэнэ юм уу, С.Бямбацогтын баз хүргэнээр өөрийгөө намаас хасуулах гэж хувьсгалд оролцоогүй. Хоёрдугаарт, тэр цаас нь хаана байна. С.Эрдэнэ хулгай дээрмээр олсон мөнгөөрөө сонин хүртэл ажиллуулдаг юм байна лээ шүү дээ. Намаа хулгайч, дээрэмчдийн гарт үлдээмээргүй байна. Би намаасаа гарч явахгүй . Өөрчилнө, тэмцэнэ.

-Таны ард Х.Баттулга Ерөнхийлөгч байгаа юу?

-Харин ч Х.Баттулга Ерөнхийлөгчөөс болж миний тэмцэл удааширсан. Одоо миний ард хэн ч байхгүй. Би Ерөнхийлөгчтэй хамтраад Монголын шударга бусын хонгилыг нураахад оролцсон.

-Та энэ тэмцлээ 2016 онд эхлүүлэхгүй яасан юм бэ?

-Завгүй. Ерөнхийлөгчийн зөвлөх байсан. Баабар над руу хүн явуулаад “Энэ нам чинь болохоо байлаа” гэсэн. Тэгэхээр нь би зөвлөх хүн шүү дээ л гэсэн.

-Таны ойр дотны хүмүүс ямар нэгэн байдлаар хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаа юу?

-Намайг Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж мэдэгдсэнээс тав хоногийн өмнө эхнэрийг саатуулаад, долоо хоногийн дараа миний бага дүүг шоронд хийгээд, тэрний дараа эгчийн бэрийг шоронд хийсэн. Ингэдэг л хүмүүс шүү дээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид