Улаанбаатар 1c

Л. Дамдинсүрэн: Эгзэгтэй цэгийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй

Хүн амын гол дархлаа бол эрүүл мэнд. Эрүүл амьдрахад нөлөөлөх гол хүчин зүйл бол хүнсний хэрэглээ юм. Тэгвэл манай улсад хүнсний аюулгүй байдал ямар түвшинд байгаа талаар ШУТИСийн Үйлдвэр технологийн сургуулийн зөвлөх профессор Л.Дамдинсүрэнтэй ярилцлаа.

-Манай улсад хүнсний аюулгүй байдал ямар түвшинд байна вэ?

-Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад манай улс хүнсний аюулгүй байдлаараа доогуур жагсдаг. Хамрах хүрээгээр нь авч үзвэл аюулын түвшинд хүрчихээгүй. Хамгийн гол нь хууль сул байна гэж харж байна. Хангамжийн нөөц манай улсад байгаа. Харин нөөцөө яаж ашиглаж байгаа нь чухал. Буруу тенологи хэрэгжиж байгаа нь хүнсний хангамжийн гинжин хэлхээ алдагдаж байна гэж хэлж болно.

-Бид юун дээр анхаарах хэрэгтэй вэ. Хүнсний аюулгүй байдал хаанаа алдагдаад байна вэ?

-Ганзагаар буюу хууль бусаар орж ирж байгаа бараа бүтээгдэхүүн. Ил задгай худалдаа зэрэг хүнсний аюулгүй байдлыг алдагдуулж байгаа. Тэр дундаа гадна талбайд бүтээгдэхүүн зардаг худалдаачдад өндөр хариуцлага ногдуулдаг байх нь чухал. Хяналтын үр нөлөө сул, зөрчил, дутагдал давтагдсаар, импортлогч нь зөвхөн хямд үнийг эрхэмлэдэг, гэрээ эрх зүй стандартын мэдлэг муутай, хэрэглэгчийн хүнсний боловсрол дутмаг, мэдээлэл авах систем байхгүйгээс иргэд хүнсний аюулгүй байдлын талаар мэдлэг дутмаг байгаа юм.

-Иргэдийн хувьд юун дээр анхаарах вэ. Хэрэглэгчдийн дунд ямар нийтлэг зөрчил гардаг вэ?

-Хүнсний аюулгүй байдлын талаарх мэдлэгээ сайжруулах. Гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдээхүүнийг худалдан авахгүй байхад л анхаарах нь зүйтэй. Асуудал, зөрчил гарахаар мэргэжлийн хяналт руу дайрдаг. Ингэхгүйн тулд аливаа үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг байгууллага дотоод хяналтаа сайжруулж хүнсний бүтээгдэхүүний хангамжаа бүрэн анхаарах шаардлагатай тулгарч байна. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн зохистой дадлыг хэвшүүлэхийг хэлээд байгаа юм. Хэрэглэгчдийн дунд гарал үүсэл нь тодорхойгүй бүтээгдэхүүн, монгол хүн уншиж мэдэхгүй хаяг шошго, дэлхийн брэндийг хураамчаар хэрэглэдэг, орц найрлагын мэдээлэл бүрэн бус, хадгалах хугацаа эргэлзээтэй гэх мэт зөрчил их гардаг.

-Манай улс хүнсний бүтээгдэхүүнийхээ 70 хувийг импортоор авдаг. Энэ нь хүнсний аюулгүй байдал алдагдахад асар их нөлөөлөл үзүүлдэг. Тэгвэл энэ асуудалд хэрхэн анхаарч, хяналт тавьдаг вэ?

-Импортын бүтээгдэхүүний дийлэнх хувь нь Хятад Улсаас орж ирдэг байгаа. Бараа бүтээгдэхүүн бүрт тавих хяналтын тогтолцоо сул байна. Иймд гаалийн байцаагч нарын орон тоог нэмж хариуцлагыг чангатгах нь чухал. Лабораторийн нөөц бололцоо багаж хэрэгслээр бүрэн хангаж өгөх хэрэгтэй.

-Тэгэхэээр тухайн бүтээгдэхүүнийг хугацаа нь дууссан эсэхийг тусгай технологи бүхий багажны тусламжтайгаар мэдэх ёстой юм байна. Энэ бололцоог бүрдүүлэх багаж хэрэгслээр манай улс хангагдаж чадсан уу?

-Хараахан хангагдаагүй байна. Гэхдээ олон улсын жишгээс бид судалж байгаа шинэ технологийг нэвтрүүлэх гэж оролдож байгаа. Олон улсад хүнсний аюулгүй байдлын “Нazard Analysis Critical control poits” буюу эгзэгтэй цэгийн аюулгүй байдалд дүн шинжилгээ хийдэг. Энэ тогтолцоог бий болгох нь чухал.

-Энэ тогтолцоог манай улсад нэвтрүүлэхийн тулд бусад салбарууд ч хамтарч ажиллах ёстой юу?

-Тийм

-Цаашид хүнсний аюулгүй байдлын тогтолцоог сайжруулахад юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хэрэглэгчээс санал хүсэлт авч түүнийг ажил хэрэг болгодог тогтолцоог бий болгох ёстой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид