Улаанбаатар 1c

Дөрвөн өнгийн хот

Бээжин хотод хөл тавиад ирэв. Хятад улс бүх талаараа нүд баясгаж сэтгэл тэнийлгэхээр болжээ. Залуус нь соёлтой, хотынх нь гудамж цэвэрхэн, жолооч нар нь хүнлэг, хот нь ногоон байгууламжаар дүүрэн. Тэрбум гаруй хүнтэй Бээжингийн гудамжуудад нүдэнд торох нэг ч хог, чихрийн цаас, тамхины иш харагдсангүй. Тэрбум гаруй хүн амтай Бээжингийн цэцэрлэгт мод, цэцэггүй нэг ч хоосон зай талбай олж харсангүй. Тэрбум гаруй хүн амтай Бээжингийн олон салаа, олон давхар зам дээр нэг ч машин чих дөжрөм сигнаал дуугаргаж урд хойноосоо мөргөлдөж, шүргэлдсэнийг олж харсангүй. Эмх цэгц, иргэдийн ёс зүйгээс гадна дэлхийд бүхий л салбар нь нэгдүгээрт эрэмбэлэгдэхийг зорьж яваа том амбийцтай хот гэдэг үүд хаалганаасаа эхэлж “нүүрээ угаадаг” бололтой.

Үсээ самнаж, нүүрээ цэмцийтэл угаасан бүсгүй шиг Бээжин өнгө төрх, хөгжил цэцэглэлт, их хотын соёлоороо хүн төрөлхтөнд гайхуулсаар. Бээжингийн хамгийн атаархам гоё үзэмж юундаа байгааг төвөггүй мэдэж болохоор. Нүд эрээлсэн өнгийн цэцэгс, багсайж ургасан тоймгүй олон модод. Ногоон байгууламж ямар байдгийг, тарьсан суулгасан модоо хэрхэн хамгаалж ургуулдгийг хятад хүмүүс хүн төрөлхтөнд зааж байх шиг санагдсан. Гэтэл бид юу болов. Өндөр байшин босго гэхгүй ээ. Бээжингийн цэцэрлэг, хөл нүцгэн гүймээр ногоон байгууламж л бий болгоё.

Айл бүр хашаандаа таван мод таръя. Хотын цэцэрлэг, хоосон газар бүртээ цэцэг ургуулъя. Ядаж иргэн бүр чадах ийм л ажлаас хотынхоо өнгийг засъя. Туулынхаа бургасыг хядаж байшин босгох гэж элийрснээс хүн бүрт мод тарих зүтгэлийг бий болгочихвол Бээжин шиг багширсан их модон дундах хот болдоггүй юм гэхэд ядаж хүүхэд сүүдэрт нь тоглох орчин айл бүрийн хашаанд бий болог. Хэдий болтол бид өвөлдөө нэлийсэн цагаан, хавартаа шороон саарал, зундаа хуурай, халуун, намартаа шарласан борог өвснөөс өөр бараагүй хотод их хотын иргэн хэмээн амьдрах вэ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид