Улаанбаатар 1c

С.Даваасүрэн дарга нь СЗХ-г самарч дуусгалаа

Санхүүгийн мэргэжлийн холбоодоос өнгөрсөн оны гурав болон арванхоёрдугаар сард Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэнд хариуцлага тооцуулах асуудлыг УИХ-д тавьсан. Ер нь С.Даваасүрэн 2016 онд СЗХ-ны даргаар томилогдсноос хойш санхүүгийн зах зээлийн бизнес эрхлэгч, компаниудыг хүнд суртлаар дарамталж, торгох, шийтгэх, үйл ажиллагааг зогсоох, хаах зэргээр сүрдүүлэх нь дээд цэгтээ хүрсэн гэнэ. Зах зээлийн оролцогчидтой огт хамтарч ажилладаггүй, тэднийг хүлээн зөвшөөрдөггүй байдал нь хэрээс хэтэрч, СЗХ-ны 80 орчим мэргэшсэн төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас нь халж сэлгэжээ. СЗХ хамтын удирдлагатай байгууллага боловч УИХ-аас томилогдсон бусад хорооны гишүүдтэйгээ хамтарч ажиллаж чаддаггүй, тэдний бүрэн эрхэд бүдүүлгээр халддаг, тэднээсээ өөрийгөө ямагт “том дарга” нь гэдгээ ойлгуулах, мэдрүүлэх гэж хичээдэг, ажил хэргийн мэдээ, мэдээллийг тэднээс нуудаг. Ямар сайндаа л УИХ-аас 2018 оны хавар шалгалт хийгээд С.Даваасүрэнд хувийн ааш зангаа засах, хорооны бусад гишүүн болон мэргэшсэн төрийн албан хаагч нартай хамтран ажиллах үүрэг өгсөн байдаг аж. Тухайн үед Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Монголын даатгагчдын холбоо, Монголын даатгалын зуучлагчдын холбоо, Даатгалын хохирол үнэлэгчдийн холбоо болон бусад мэргэжлийн оролцогчдын холбоод С.Даваасүрэнгийн ааш аяг, хийж буй буруу үйлдлүүдтэй нь холбогдуулан УИХ-д гомдол гаргасан юм.

Тэд гомдолдоо “Салбарын бодлогыг хэрэгжүүлэх, хөгжлийг дэмжих чиглэлээр өнгөрсөн хоёр жил гаруйн хугацаанд ямар ч дорвитой шийдвэр гаргаагүй, салбарын оролцогчдын үйл ажиллагааг дэмжих бус тэднийг хүнд суртлаар дарамтлах, улмаар санхүүгийн салбарын хөгжлийг гацаах үйл ажиллагааг явуулж ирлээ” хэмээсэн байдаг. Тэгвэл УИХ-ын даргын захирамжаар Эдийн засгийн байнгын хорооноос гарсан ажлын хэсгийнхэн дүгнэлтдээ хорооны үйл ажиллагаа доголдох болсон талаар дурдсан бөгөөд СЗХ-ны шийдвэр гаргах үйл ажиллагаанд хамтын удирдлагын зарчмыг тууштай мөрдөхийг С.Даваасүрэнд даалгаж байжээ. СЗХ долоон гишүүнтэй, бүгд УИХ-аас томилогддог. Өөрөөр хэлбэл, хамтын удирдлагатай байгууллага юм. Гэвч 2016 оноос хойш С.Даваасүрэн дарга дангаараа удирдаж, өөрийн шийдвэрээ бусад гишүүддээ тулгах болсон байна. Тиймээс УИХ-аас гарсан ажлын хэсгийнхэн СЗХ-ны даргын хувьд удирдах арга барилдаа шүүмжлэлтэй дүгнэлт хийж, ажил хэргийн талаарх зан харьцааны болон багаар ажиллах ур чадвараа дээшлүүлэх, хорооны гишүүдэд үзүүлэх мэргэжил, арга зүй, техник зохион байгуулалтын туслалцааг сайжруулахыг даалгасан. Мөн хорооны ажлын албыг мэргэжлийн хүчтэй баг болгох буюу халаа сэлгээгээ зогсоохыг үүрэгджээ. Гэвч халаа сэлгээ одоог хүртэл үргэлжилсээр байгаа. С.Даваасүрэн дарга алба авснаасаа хойш тус хорооны ажилчдын 50 хувийг сольсон байдаг. Үүнээс гадна хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл”- үүдийг шинэчлэн байгуулахыг даалгасан. Хорооны дэргэдэх “Бодлогын зөвлөл”-үүд бараг хоёр жил ажиллаагүй, одоо ч ажиллахгүй байгаа талаар эх сурвалжууд хэлж байгаа юм. СЗХ-ны өмнөх удирдлагуудын үед үнэт цаас, бичил санхүү, даатгал, хөдөө аж ахуйн бирж гэсэн чиглэлүүдээр тус бүр хорооны дэргэд орон тооны бус “Бодлогын зөвлөл”-тэй байжээ. Зөвлөлүүд улирал бүр хуралдаж бодлогын зөвлөмж гаргадаг. Бодлогын зөвлөлийн бүрэлдэхүүнд холбогдох төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, багш, судлаачид, мэргэжлийн оролцогчдын төлөөлөл оролцдог байсан юм.

ГАДААДАД ТОМИЛОЛТООР ЯВАХ НЭРЭЭР ХОРООГОО ХУРАЛДУУЛДАГГҮЙ

Энэ бүхний эцэст хорооны үйл ажиллагаа доголдож, хуралдаж ч чадахаа байжээ. СЗХ 2016 онд гурав удаа, 2017 онд 16 удаа, 2018 онд шалгалт орох хүртэл ердөө таван удаа хуралдсан байна. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд хороо сард нэгээс доошгүй удаа хуралдах бөгөөд хуралдааны дэгийг хороо тогтооно гэж заасан байдаг аж. Харин хорооны хуралдааны дэгд ээлжит хуралдаан сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагт хуралдана гэж заажээ. Дэгийн дагуу хороо 20 сарын хугацаанд сард хоёр удаа буюу нийт 40 удаа хуралдахаас 24 удаа хуралдсан байна. Мөн хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэлд СЗХ 2017, 2018 онуудад хариуцан боловсруулах 13 хуулийн төсөл тусгаснаас одоогоор УИХ-д өргөн мэдүүлсэн төсөл ганц ч байхгүй аж. Энэ хугацаанд С.Даваасүрэн 20 гаруй удаа гадаад улс оронд томилолтоор явжээ. Ингэхдээ нэг ч удаа шилэн дансаар тайлагнаагүй аж. Томилолтоор олон удаа явснаас болж СЗХ-ны хуралдааны дэгд заасан хугацаанд хорооны хурлаа хийж чадахаа байсан. Үүнээс болж аж ахуйн нэгжийн хороонд тавьсан асуудлууд шийдэгдэхгүй уддаг байна. Түүнчлэн урьдчилсан судалгаа, хэлэлцүүлэг хийлгүй, санал авалгүйгээр ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг гэнэт гурван дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, олон зуун бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаа, эрх ашгийг хохироосон. Ингэж хүчлэн шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хууль зөрчин гаргасан байдаг. Уг асуудлаарх хорооны гишүүдийн саналыг авалгүй гарсан шийдвэрийг дур мэдэн засаж, хорооны хурлаар гарсан шийдвэр, бүрэн эрхэд халдсан асуудал гаргасан аж. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцэж, ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэл өгсөн гэх худал мэдээллийг хорооны бусад гишүүддээ танилцуулж байжээ. Одоо Захиргааны хэргийн шүүх дээр ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн дээрх шийдвэрийг хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр хэрэг үүсгэн шалгаж байна. Харин Захиргааны ерөнхий хууль зөрчин ББСБ-ын хувь нийлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх замаар төсөвт төвлөрүүлэх орлогоо нэмэгдүүлсэн хэмээн сүүлийн хоёр жилд 1.7 тэрбум орчим төгрөгийн төсвийн урамшуулал авсан. Тодруулбал, ББСБ-ын хувь нийлүүлсэн хөрөнгийг нэмэгдүүлэх шийдвэр гаргасны дараах жил буюу 2017 онд 462 сая төгрөгийн үйлчилгээний хөлс ББСБаас төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөө нь 60 гаран хувиар даван биелж 727 сая төгрөг төсөвт төвлөрүүлэн давсан орлогоо СЗХ урамшуулал болгон авсан байна. Мөн Олон улсын байгууллагаас өгсөн төслийн мөнгийг өөрийн найз МУИС-ийн багш Б.Алтанцэцэгийн “Эн Ар Си Си” ХХК-д ямар нэгэн сонгон шалгаруулалтгүйгээр шилжүүлэн өгсөөр байгааг эх сурвалж мэдээлэв. Санхүүгийн мэдээллээс үзэхэд 100 гаруй сая төгрөгийг “Эн Ар Си Си” ХХК-д шилжүүлсэн байдаг аж. 

ЖИЖИГ ХУВЬЦАА ЭЗЭМЧИГЧДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ҮҮРГЭЭСЭЭ УХРАВ

2015 онд Санхүүгийн зохицуулах хорооноос “УИД” ХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийж “Номин Холдинг” группийн гишүүн компаниудын хооронд хийсэн гэрээ, хэлцлүүд, эдгээрийн үндсэн төлбөр тооцоо нь зарим талаар сонирхолын зөрчилтэй, жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьд ашиггүй, дүр үзүүлсэн гэрээ байх магадлалтай гэж шалгалтын ажлын хэсэг дүгнэсэн. 2008 оноос хойш хийсэн түрээсийн болон зээлийн нийт 13 гэрээг хүчин төгөлдөр гэрээ, хэлцэл мөн эсэх нь эргэлзээтэй байгаа. Эдгээр гэрээг хүчин төгөлдөр үү гэдгийг тогтоолгохоор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг өмнөөс СЗХ 2015 онд шүүхэд нэхэмжлэх гаргасан байсныг С.Даваасүрэн дарга болсон даруйдаа “УИХ” ХК-тай эвлэрэлийн гэрээ байгуулж шүүхэд гаргасан нэхэмжлэлээс татгалзсан байдаг. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд заасан хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүргээсээ ухарсан, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт сөргөөр нөлөөлсөн үйлдэл болсон байна. Зарим хувьцаа эзэмшигчдийн зүгээс С.Даваасүрэн даргыг албан тушаалаа урвуулан ашиглаж өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлснээр “УИД” ХК-ийн жижиг хувьцаа эзэмшигч нарт их хэмжээний хохирол учруулсан хэргээр АТГ-т гомдол хүргүүлсэн юм. С.Даваасүрэн дарга болсноосоо хойш томоохон компанийн эрх ашгийг хамгаалсан өөр нэг шийдвэр гаргасан байдаг нь Хөтөлийн “Цемент шохой” хувьцаат компанийн 275 тэрбумын өрийг хувьцаагаар сольсон асуудал юм. Хөгжлийн банкнаас Хөтөлийн цементийн үйлдвэрт 161.2 тэрбум төгрөгийн зээл олгосон боловч эргэн төлөлт нь 2016 оноос хойш огт хийгдээгүй байна. СЗХ-ны дарга С.Даваасүрэн 2017 онд Хөтөлийн “Цемент шохой” ХК-ийн 275 тэрбум төгрөгийг хувьцаагаар солих асуудлыг шийдвэрлэхдээ дээрх өр болон зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй байгаа талаарх мэдээллийг хорооны бусад гишүүддээ өгөлгүй нуун дарагдуулах замаар өрийг хувьцаагаар солих шийдвэрийг хорооны хуралдаанаасаа гаргуулсан нь саяхан ил болжээ. Хэт удаан үргэлжилсэн халаа, сэлгээнээс болж ажлын албаа чадваргүйдүүлж, хороогоо ч хуралдуулж чадахгүй байгаа С.Даваасүрэн дарга харин тансаглалдаа гар татдаггүй гэнэ. Албан ажилдаа хөлөглөдөг Ланд200 маркын машинаа өнгө нь таалагдахгүй байна гэсэн шалтгаанаар өнгийг нь өөрчлөж олон сая төгрөгөөр будуулсан. Томилогдсон цагаас хойш өрөө тасалгаагаа олон сая төгрөгөөр засуулсан. Өнгөрсөн 2.5 жилийн хугацаанд нийт гурван өрөө сольжээ. Солих болгондоо ихээхэн хэмжээний өртөг, мөнгөтэй засвар хийлгэж, эрх ямба эдэлдгээс гадна ажилчид ордог давхрын нийтийн 00-ын талыг өөрийн өрөөндөө шилжүүлэн хийлгэж, ажилчдын 00- ыг нар, байгалийн гэрэл үздэггүй болгосон. Өрөөгөө өндөр нууцлал, код бүхий электрон цоож, түгжээгээр тоноглож, зохицуулалтын байгууллага бизнес эрхлэгчдээс төдийгүй хорооныхоо ажилтан албан хаагчдаас “тасарсан”. Хорооныхоо бусад гишүүдтэй уулздаггүй, цаг өгдөггүй, ганц, хоёр гишүүнээс бусад гишүүн хоёр жил гаруй хугацаанд өрөөнд нь орж үзээгүй, хамтын удирдлагатай байгууллага хэдий ч өөрөө бүх асуудлыг дураараа, хууль журмаас давсан, хууль бус шаардлага, шалгуур тавьж иргэд, бизнес эрхлэгчдийн хэдэн сар жилээр хохироодог нь хэвийн үзэгдэл болсон. Түүнийг нь эсэргүүцсэн бизнес эрхлэгчдийг олон төрлийн захиалгат шалгалтаар дарамталж эхэлдэг. Одоо өмнөөс нь эсэргүүцэх, хууль бус үйлдлийг хэлэх зохицуулалтын байгууллага, бизнес эрхлэгч байхгүй болсон. Салбарын мэргэжлийн холбоодын үйл ажиллагаанд хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож, дунд нь маргаан үүсгэх, эсэргүүцсэн удирдлага, компаниудын төлөөллийг холбооны удирдлагад ажиллуулахгүй байх зэргээр төрийн өндөр албан тушаалтны хувьд байж боломжгүй бүдүүлэг, ёс зүйгүй үйлдэл гаргадаг байна. Хуулиар эрх авсан зарим мэргэжлийн төрийн бус байгууллагын статус, чиг үүргийг өөрчлөхөөр улайран зүтгэж байгаа зэргээр олон асуудал байна даа, С.Даваасүрэн даргад.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • zochin
    Er ni ajlaa ogt hiij chadaagui hi. 3 jil duraaraa zagnahaas uur um hiigeegui.Jish ee ni huduu oron nutagt BBSB iin zuvshuurul avahaar handahad durem jurmaaraa durmiin san ni baga bgaa bolovch dur meden undur bosgo togtooj amaaraa heleed ugduggui.avilga avah arga ni ch baij magad
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Сулиар
    Даваасүрэн дарга болсноос хойш санхүүгийн луйварчдын нөлөө эрс буурсан. Үүнд хорссон этгээдүүдийн захиалгат бичлэг байна. Ер нь өөрсдийг нь хянаж, хууль журмын дагуу шаардлага тавьдаг хүмүүсийг эсэргүүцдэг хуулиас дээгүүр дураар аашилдаг луйварчид сүүлийн 30 жилд дийлдэхийг болилоо. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Бадраа гэдэг залууг ажлынх нь үүдэнд шалгуулж, луйвар хийж байгаа нь илэрсэндээ бухимдсан хадгаламж зээлийн хоршооны эзэн хутгалж алж байсан. Одоо Даваасүрэн хууль хэрэгжүүлж чанга шаардлага тавиад, мөнгө хүүлдэг дураар авирладаг байдлыг нь зогсоох гэж оролдоод эхлэхээр үмхий шуналын хүүдийнүүд боож үхэх гээд Даваасүрэн үрүү дайраад байх юм.
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Давхар даатгалын Энхтайван чи болиоч
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Ene hun Moncord hadgalamj zeeliin horshoonii buruutai zuil ajillagaag nuun daragduulj olon huviaraa hodolmor erheldeg humuusiig odor bur baga bagaar tsugluulj huraasan hadgalamjiin mongiig ugui hiihed gol noloolson.
    2019 оны 05 сарын 08 | Хариулах
  • Harin tiin Davaasuren IPO gargahad yamar ch noloo bhgui. Tsag hugatsaanii huvid l tegj taarj bgaa bolohoos bish. Horongiin zah zeel oroltsogch aj ahuin negj, irgediin l huch hodolmor shuu dee.
    2019 оны 05 сарын 07
  • Naadah chini Davaasurentei tui ch holboo baihgui. Ter nuhur IPO gargadag hun bish.
    2019 оны 05 сарын 07
  • ХАРИН Ч ДАВААСҮРЭН ДАРГА СЗХ-Г ЗӨВ БОДЛОГООР ЗӨВ УДИРДАЖ ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙГ ХУРДАЦТАЙ ХӨГЖҮҮЛЖ БАЙГАА. ИЙМ ИХ ШИНЭ IPO, БҮТЭЭГДЭХҮҮН ХЭЗЭЭ ГАРДАГ БАЙЛАА
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
    • Harin tiin Davaasuren IPO gargahad yamar ch noloo bhgui. Tsag hugatsaanii huvid l tegj taarj bgaa bolohoos bish. Horongiin zah zeel oroltsogch aj ahuin negj, irgediin l huch hodolmor shuu dee.
      2019 оны 05 сарын 07
    • Naadah chini Davaasurentei tui ch holboo baihgui. Ter nuhur IPO gargadag hun bish.
      2019 оны 05 сарын 07
Нийтлэлчид