Улаанбаатар 1c

Хүүхдийг хүчирхийллээс ангид байлгахад чиглэсэн компанит ажил өрнүүлнэ

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчинг дэмжих” төслийн удирдлагыг хүлээн авч уулзлаа. Хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хамгаалах талаар олон нийт болон оролцогч талуудын мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийг хүчирхийллээс хамгаалах мэдлэг олгох тогтолцоо бий болгох зорилготой тус төсөл өнгөрсөн хугацаанд эцэг эх, багш, хүүхэд багачуудад тохирсон агуулгаар ойлголт мэдлэг олгох сургалт зохион байгуулан ажиллажээ.

Хөндлөнгийн үнэлгээний байгууллагаас гаргасан дүгнэлтээр төсөлд хамрагдсан багш нарын мэдлэг 10-25 хувиар, эцэг эхийн мэдлэг 14-28 хувиар, дөрвөн настай хүүхдийн зөв хариулт 10-36 хувь, таван настай хүүхдийн зөв хариулт 23-37 хувиар нэмэгдсэн байна. Тухайлбал, 4-5 настай хүүхдэд биеийн онцлог хүйсийн ялгаатай байдлыг таниулах, биеийн хүрч болох, болохгүй хэсгээ мэдэж авах, өөрийгөө аюулаас хамгаалах арга зэрэг агуулгаар сургалт явуулдаг байна. Төслийн зүгээс хамрагдах хүрээг өргөжүүлэх, цаашлаад бага ангийн сурагчдыг хамруулах тал дээр БСШУСЯ бодлогын дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм.

БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “Нийгэм ёс зүйгүй, хүн амын тоотой харьцуулахад хүүхдийн эсрэг гэмт хэрэг өндөр хувьтай байгаа энэ үед хүүхдийн өмнө үүрэг хүлээсэн төрийн болон төрийн бус байгууллагууд чадлынхаа хэрээр ажилласан ч өгөөж муутай байна. Иймд олон талын оролцоог хангасан томоохон компанит ажил өрнүүлэх санал төлөвлөгөөг хамтран боловсруулах уулзалтыг зохион байгуулах шаардлагатайг онцолжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид