Улаанбаатар 1c

Хороодоор дамжуулан хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө мэдээлэл өгч эхэллээ

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нийслэлийн есөн дүүргийн хороодоор дамжуулан хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг өгөх ажил өчигдөр эхэллээ. Тус үйл ажиллагааг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Монголын өмгөөлөгчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж буй юм. Үйл ажиллагааны санамж бичгийг өнгөрөгч нэгдүгээр сард үзэглэжээ. Улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа гэмт хэргийн 68 хувь нь нийслэлд гардаг байна. Мөн эдгээр гэмт хэргийн зургаа нь өмчийн эрхийн эсрэг гэмт хэрэг байдаг бол гурав нь хүний амь, бие эрүүл мэндтэй холбоотой хэрэг байдаг гэх мэдээлэл байгаа юм. Иймд иргэд хууль зүйн мэдлэггүйгээс үүдэн их хэмжээний хохирол амсдаг учир хууль зүйн үнэ төлбөргүй туслалцаа үзүүлэх нь нэн чухал асуудал болоод байгаа аж. Хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгөх ажлын нээлтэд НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн 152 хорооны Засаг дарга нар, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар болон гишүүн өмгөөлөгч нар оролцсон юм.

Б.Ганбаатар: НЭГ ХОРООНД ХОЁРООС ДЭЭШ ӨМГӨӨЛӨГЧ АЖИЛЛАЖ ИРГЭДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨГӨӨ ӨГНӨ  (Монголын өмгөөлөгчдийн холбооны ерөнхийлөгч)

“Өмгөөлөгчдийн холбоонд харьяалалтай 1500 өмгөөлөгч байдаг. Энэ ажилд манай холбооны 152 өмгөөлөгч оролцох юм. Ямартай ч иргэдэд хүртээмжтэй мэдээлэл зөвлөгөө өгөх, цаашлаад чирэгдэл учруулахгүйн тулд нэг хороонд хоёроос дээш өмгөөлөгч ажиллуулна. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо нэн чухал. Ийн хамтарч ажилласны үндсэн дээр гэмт хэрэг, зөрчил буурна. Энэхүү хамтын ажиллагаа нь олон онцлогтой. Тухайлбал, анхан шатны нэгж буюу уулын мухарт , хотын захад байгаа иргэдэд зориулан мэргэжлийн өмгөөлөгч газар дээр нь очиж өмгөөлөл үзүүлж зөвлөгөө мэдээлэл өгч байгаагаараа онцлогтой. Түүнчлэн шинээр гарч буй хууль, тогтоомжийг сурталчилан таниулах, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Эрх нь зөрчигдөж байгаа хүнд хууль зүйн анхан шатны зөвлөгөө өгч чиглүүлж өгдөг болно. Бид хууль зүйн зөвлөгөө өгсөн байдлаа сар бүр тайлагнана. Тайлангаас гарсан үр дүнг тодорхойлж анхаарч үзэх зүйл байвал бататгаад явна.

Р.Дагва: ТУС АРГА ХЭМЖЭЭГЭЭР ДАМЖУУЛЖ ХҮҮХДҮҮДЭД ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОНО (НИТХ-ын дарга, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга)

“Иргэдэд ус, агаар мэт хэрэгтэй чухал үйл ажиллагаа бид эхлүүлж байна. Улаанбаатар хотод 1.4 сая гаруй иргэн ажиллаж, амьдарч, өдөр тутам эрх зүйн харилцаанд орж байдаг . Гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдэд хууль, дүрэм, журмын талаарх мэдээ, мэдээлэл хүргэж, эд хөрөнгөөрөө хохирохоос хамгаалах нь төрийн байгууллагын хариуцах ажлын нэг мөн. Гэхдээ нийгмийн хэв журмыг гажуудуулахгүй байх, гэмт хэрэгтэй тэмцэх, хэв журам сахиулах байгууллагын үйл ажиллагаанд иргэд идэвхтэй оролцдог болсон цагт урьдчилан сэргийлэх ажил цогц болох юм. Тиймээс иргэдэд хууль, эрх зүйн мэдээ, мэдээллийг хүргэж ажиллахыг зорьж байна. Үүний зэрэгцээ тус арга хэмжээний хүрээнд хүүхдүүдэд ч хуулийн мэдлэг олгох юм. Өөрөөр хэлбэл ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчид, их, дээд сургуулиудын оюутнуудыг сургалтад хамруулж гэмт хэргийн ойлголт, түүний хор уршгийн талаарх мэдлэгийг нь дээшлүүлэхийг зорьж байна. Ингэснээр аливаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хөшүүрэг болно гэж бид үзэж байгаа билээ” гэв.

Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаагаар 2019 оны эхний улирлын байдлаар нийслэлийн 1400 гаруй иргэн эрүүл мэндээрээ, 1800 хүн эд хөрөнгөөрөө хохирсон хэрэг бүртгэгдсэн аж. Үүний зэрэгцээ насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт өртөх, үйлдэх явдал нэмэгдэж байгаа талаар холбогдох байгууллагаас мэдээлжээ. Стастистик мэдээллээс үзэхэд Иргэний болон Захиргааны хэргийн шүүхээр шийдүүлсэн хэргийн маргаан тогтмол өсөж байгаа юм. Товчхондоо, иргэд хууль, эрх зүй, мөрдөгдөж буй дүрэм, журмын талаарх мэдээлэл, мэдлэг дутмагаасаа болж ямар нэгэн байдлаар хохирол амсах нь нэмэгдэж байна гэсэн үг. Энэхүү арга хэмжээг хэрэгжүүлснээр иргэд өдөр тутам оролцож буй эрх зүйн харилцааныхаа талаар тодорхой мэдээ, мэдээлэл олж эрхээ хамгаалж, үүргээ ухамсарлан өрөөлийн эрхийг дээдэлдэг болохын зэрэгцээ бусадтай гэрээ, хэлцэл хийхэд дөхөм болно гэж албаныхан үзэж байгаа гэнэ. Иймд иргэн та хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээллийг ажлын өдрүүдэд 9-17 цагийн хооронд хороогоор дамжуулан авах боломжтой болж байгаа юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид