Улаанбаатар 1c

МАХН-ын эмэгтэй гишүүд охид, бүсгүйчүүдээ хамгаалахыг уриалав

МАХН-ын Эмэгтэйчүүдийн холбооноос “Хүчирхийлэлгүй Монголын төлөө” сэдвийн дор хэвлэлийн хурал хийлээ. Тус холбооноос Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль яаралтай явуулж, тус тойргийн сонгогчдыг УИХ-д төлөөлөлтэй болгохыг шаардав. Уг шаардлагад “Өнгөрсөн оны есдүгээр сард болохоор товлогдсон нөхөн сонгуулийг МАН-ынхан хойшлуулж, сонгогчдын эрх ашгийг хохироосон. Мөн энэ оны зургадугаар сард товлогдсон нөхөн сонгуулийг МАН-ынхан хойшлуулах, бүр сонгууль явуулахгүй байх арга хэмжээ авч байна. Тэр ч бүү хэл хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын бүрэн эрхийг сэргээх асуудал ч яригдаж эхэллээ.

Эмэгтэй хүн хүчирхийлсэн Д.Гантулгыг МАН илт хамгаалж байна. Тиймээс МАХНын эмэгтэйчүүдийн байгууллага энэхүү бусармаг явдалтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж байна” гэжээ. Энэ талаар МАХНын Гүйцэтгэх товчооны гишүүн Н.Удвал “Хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг тэмцэхэд бодлого, хөрөнгө хангалттай бий. Зөвхөн улс төрийн хүсэл зориг, сэтгэл зүрх дутагдаж байна. Энэ хүчирхийлэл явсаар байгаад өнөөдөр улс төрийн хүчирхийлэл болж хувирлаа. Эмэгтэй хүнийг хүчирхийлээд, өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөрөөд, чөлөөлөгдсөн хүнийг хамгаалаад явж байгаа нь хүүхэд, эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй тэмцэх ямар ч хүсэл зориггүй гэдгээ харуулж байна. Тиймээс манай намын эмэгтэйчүүдийн холбоо “Охид, эмэгтэйчүүдээ хамгаалъя, хөвгүүдээ боловсруулъя” гэж уриалж байна” гэв.

Харин УИХын гишүүн асан З.Баянсэлэнгэ “Охид, эмэгтэйчүүдийн хүчирхийлэл өнөөдөр гамшгийн хэмжээнд хүрээд байна. 13 настай охиныг хүчирхийлсэн хэрэг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын эзэмшдэг зочид буудалд үйлдэгдсэн. Тийм хэрэг гарчихаад байхад яагаад тэр зочид буудалд ажиллаж байсан хүмүүс хариуцлагаас мултрав. Гамшгийн хэмжээнд хүрсэн энэ үзэгдлийг бид хамтын хүчээр даван туулах хэрэгтэй байна” хэмээлээ. Дашрамд дурдахад, өчигдөр Монголд үйл ажиллагаа явуулж буй улс төрийн намуудын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд Төрийн ордны Нээлттэй сонсголын танхимд зөвлөлдөх уулзалт хийж, нийгмийг цочроогоод буй хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудлаар санал солилцлоо. Уг зөвлөлдөх уулзалтад 14 намын 30 гаруй эмэгтэйчүүд оролцож, өдрөөс өдөрт газар авч буй гэр бүл, хүүхдийн хүчирхийлллийг бууруулахын тулд ямар арга хэмжээ авах талаар байр сууриа илэрхийлж, санал солилцсон юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид