Улаанбаатар 1c

Ц.Нямдорж: Хулгайлагдсан найман эмэгтэйн зургаа нь 14-17 насны охид

УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганаар Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явууллаа. Дараа нь Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийн тайланг хэлэлцэв. Засгийн газраас Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн чиглэлийн таван бодлого, 18 зорилт, нийт 136 арга хэмжээний биелэлтийг 2018 оны жилийн эцсийн байдлаар үнэлэхэд биелэлт нь 76.7 хувьтай гэж үзжээ. Харин Эдийн засгийн байнгын хороо уг үндсэн чиглэлийн биелэлтийг 68.4 хувь гэж дүгнэсэн юм.

Иймд Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг баталсны дараа улсын төсвийг уялдуулан батлахгүй бол үндсэн чиглэл нь хөрөнгийн эх үүсвэргүй хоосон цаас болох тул энэ асуудалд УИХ нухацтай хандаж, хэлэлцэх шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд хэрхэн асуулт тавьж, байр сууриа илэрхийлснийг хүргэж байна.

М.БИЛЭГТ: -УИХ 2016 онд Монгол Улс эдийн засгийн гүн хямрал болж, иргэд ажил, орлогогүй байх үед сонгуулийн үр дүнд байгуулагдсан УИХ, Засгийн газар сонгогчдынхоо итгэлийг хөсөрдүүлээгүй. Яагаад гэвэл эдийн засаг хямарч, дампуурлаа зарлах үед ард түмэн сонголтоо хийж байсан. Харин одоо эдийн засаг өсөлттэй болж, бүх шатандаа үзүүлэлт нь сайн болсон байгаа. Энэ бол сонгогчдын сонголтын үр дүн юм. Төрийн үйлчилгээг иргэдэд орчин үеийн нөхцөлд хүргэх хөрөнгө оруулалтыг хийсээр ирлээ. Жил хүрэхгүй хугацааны дараа бид дүнгээ тавиулна. Мөрийн хөтөлбөрт бичигдсэн үг бүр дээр итгэж сонгогчид саналаа өгсөн. Бид цаг тутамд мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтээ бодож байх хэрэгтэй. Эдийн засаг өсч байгаа ч иргэдийн амьдралд анхаарах ёстой. Намын мөрийн хөтөлбөрт ажилтай, орлоготой, бат бөх гэр бүл гэсэн заалт бий. Харин иргэдээ ажилтай, орлоготой болгох шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна. 

ХХААХҮ-ИЙН САЙД Ч.УЛААН: -Засгийн газар энэ жилийг эх оронч худалдан авалтын жил болгон зарласан. Энэ хүрээнд эх орны худалдан авалтыг нэмэгдүүлэхийг дэмжих чиглэлээр судалж байна. Б.ПҮРЭВДОРЖ: -Бүх айл зээлтэй байна. Тэтгэвэр нэмсэн боловч махны үнэ нэмэгдээд ялгагдах зүйлгүй болсон. Зээлийн хүүг бууруулах талаар ямар бодлого хийж байна вэ. Та нарын эдийн засгийн өсөлт Засгийн газарт л очиж байгаа.

САНГИЙН САЙД Ч.ХҮРЭЛБААТАР: -Эдийн засгийн өсөлтөөс бий болсон мөнгөөр та бүгдийн өрийг төлсөн. Гадаадын банк, арилжааны банкнуудаас авсан бонд руу явсан. Эдийн засгийн өсөлтөөр ноолуурын үнэ өсч байгаа юм. Төсвийн орлого давж биелээд, 196 тэрбум төгрөгийн ашигтай гарсан.

С.БЯМБАЦОГТ: -Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл бол Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх нэг жилийн төлөвлөгөө. Энэхүү төлөвлөгөөг Засгийн газрын дөрвөн жилийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тулгуурлаж гаргадаг. Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь “М онгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурладаг. Ингэж бодлогын баримт бичгүүд уялдаж явах ёстой. Иймээс уялдаа холбоо нь хэр байна вэ, төлөвлөгөө хэрхэн яаж биелж үр дүн гарч байна вэ. Үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдэгдэлтэй, төсвийн хүрээний мэдэгдэл нь төсөвтэйгээ хэрхэн уялдсан байна гэдгийг дүгнэмээр байна. Гэтэл зорилгууд нь хоорондоо уялдсан эсэх, биелсэн эсэх, урт дунд богино хугацаандаа бодлогын баримт бичгүүд уялдаж, хэрэгжүүлэх байгууллагууд ажлаа уяж чадаж байна уу гэдгийг үнэлж дүгнэсэн үү.

Я.СОДБААТАР: -Байнгын хорооноос С.Бямбацогт гишүүний дүгнэж байгаатай ойролцоо дүгнэлт гаргасан. Үндсэн чиглэлд бодлогын гол асуудлыг тусгаж холбогдох зардлыг улсын төсөвт тусгах асуудлыг тодорхой болгох хэрэгтэй байгаа юм. Цаашдаа үндсэн чиглэлийг төсөвтэй уялдуулж батлахгүй бол төсөв мөнгөний дутагдлаас шалтгаалан ажлууд хэрэгжихгүй байгаа асуудал байна. Цаашдаа бид эдийн засгийн дунд болон урт хугацааны бодлоготой уялдуулах асуудалд анхаарах нь маш чухал гэдэгтэй санал нэг байна.

ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН: -С.Бямбацогт гишүүн хөгжлийн бодлогын талаар их зөв юм яриад байгаа юм. НҮБ-ын хурлаар хөгжлийн бодлогын асуудалд Монгол Улс ямар чиг шугамтай байна вэ гэдгийг ярьсан юм. Үнэндээ үүнд онцгой анхаарахгүй бол болохгүй болоод байна. Сонгуульд амласан зүйлсээ хөгжлийн бодлого гэж андууран Засгийн газрын мөрийн хөтөлбөр болгоод яваад байгаа нь туйлын буруу. Үндэсний хөгжлийн бодлогын яам гэж зайлшгүй байх ёстой. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн яам бодлого зангиддаг байх ёстой.

Ч.ХҮРЭЛБААТАР: -Үндсэн чиглэлд нийтдээ 136 арга хэмжээ туссан. Үүнээс 97 ажил буюу 92 хувь нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-тай, 124 буюу 92 хувь нь Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөртэй уялдаж байгаа.

ҮНДЭСНИЙ АУДИТЫН ГАЗРЫН ОРЛОГЧ С.ОЮУНБИЛЭГ: -2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018, 2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд 2018 оны нэгдсэн төсвийн зарлагын дээд хэмжээг 9.6 их наяд төгрөгөөр төлөвлөсөн байтал 2017 онд Сангийн яам болон бусад яамнаас 13 их наяд төгрөг төлөвлөж ирүүлсэн. Энэ бол уялдаа холбоо ямар байгааг харуулж байгаа тод жишээ. Уялдаа холбооноос гадна агуулгын хувьд арга хэмжээ давхцдаг, хэрэгжих хугацаа хөрөнгө санхүүгээ тооцоо судалгаанд суурилдаггүй, хяналт шинжилгээ хийхгүй байгаа асуудлууд бий гэсэн юм.

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДАД ТАВЬСАН АСУУЛГЫН ХАРИУГ СОНСОВ

Баасан гарагийн үдээс хойших чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы Хүүхэд,эмэгтэйчүүдийг хулгайлах, худалдаалах гэмт хэрэгтэй холбоотой асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн сайдад тавьсан асуулгын хариуг сонсов. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Хүн худалдаалах гэдэг зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн, шалгагддаг тохиолдол цөөхөн. 2016 онд дөрөв, 2017 онд арав, 2018 онд найман хэрэг бүртгэгдэж шалгагдсан. 2019 оны дөрөвдүгээр сарын байдлаар хүн худалдаалах найман гэмт хэрэг бүртгэгдсэн. Эдгээр хэргийн улмаас найман эмэгтэй хохирсны зургаа нь 14-17 насны хүүхэд байсан. Цагдаагийн байгууллагын бүртгэлээр 2010 оноос хойш 25501 хүн алга болсон гэж бүртгэгдсэний 25044 нь олдсон. Харин 478 хүн олдоогүй гэсэн дүн мэдээ бүртгэлтэй байдаг” гэж танилцууллаа. Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлж байв. Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тарж, ард иргэд үүнтэй холбоотой шүүмжлэл өрнүүлээд байгаа нөхцөл байдлын талаар Я.Содбаатар гишүүн хэллээ. Тэрбээр “Нэн тэргүүнд холбогдох төрийн байгууллагууд зөв, бодит мэдээллийг өгч байх нь чухал байна. Олон нийтийн сүлжээнд өдөр бүр ийм төрлийн мэдээ мэдээлэл гарч нийтийг цочроож байхад албан ёсны тоо, бүртэл нь өөр байна. Хуурамч мэдээ түгээж, олон нийтийн анхаарлыг татах зорилгоор ийм шуугиан тарьж байж ч магадгүй нөхцөл байна. Иймд энэ төрлийн мэдээ мэдээлэлд хяналт тавихад анхаарах нь чухал байна” гэв.

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн нөхцөл байдлыг судлахаар нийтлэг зүйл нь ял эдэлж байсан, дахин гэр бүл болсон, архидан согтуурсан хүмүүс ихэвчлэн ийм төрлийн гэмт хэргийг өдүүлж байгааг Ц.Нямдорж сайд тайлбарлалаа. Ажилгүйдэл, ядуурал, гэр бүлийн тогтворгүй харилцаа, гэр бүлийн таагүй орчин гэх зэрэг нь гэмт хэргийн суурь шалтгаан, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэлтэй байдгийг тэрбээр мөн хэлж байв.

Насанд хүрээгүй хүн буюу хүүхэд нь эцэг, эх, асрамжлагчийнхаа хараа хяналтад байдгийг, энэ хариуцлагыг нь хуулиар тодорхойлж, үүрэг хүлээлгэсэн гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлж байв. Хүүхдийн эсрэг нийтийг цочроосон гэмт хэргүүдийн үүсэх шалтгаануудын нэг нь эцэг, эх буюу хүүхдийн асран халамжлагч хариуцлага алдсан, цаг мөч бүр анхаарал хандуулж хараа хяналт тавьж байх үүргээ хангалтгүй биелүүлж байгаатай холбоотой гэдгийг гишүүд хэлж байлаа.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид