Улаанбаатар 1c

Хөгжлийн банк өнгөрсөн хоёр жилд 6.1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлжээ

Үндэсний аудитын газраас Монгол Улсын Хөгжлийн банкны 2011-2018 оныг хүртэл үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд хоёр үе шаттайгаар аудит хийснээ өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Төсвийн байнгын хороон танилцуулсан. Шалтгалтын эхний үе шат 2017 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл, дараагийн үед шат нь 2018 оны аравдугаар сарын 24-өөс өнгөрсөн хоёр дугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд гүйцэтгэжээ. Өөрөөр хэлбэл, 2016 оноос Хөгжлийн банкинд Засгийн газрын түвшинд хоёр удаа, Үндэсний аудитын газраас мөн хоёр удаа шалгалт ороод буй нь энэ.

Дээр нь Монголбанк эрх үүргийнхээ хувьд сар тутам хяналт хийж байгаа бөгөөд хамгийн сүүлд KPMG олон улсын хөндлөнгийн аудит Хөгжлийн банкны санхүүгийн тайланд иж бүрэн аудит хийсэн байдаг. Эдгээрээс олон нийтийн хувьд хамгийн их хүлээлттэй байсан нь Үндэсний аудитын газрын дүгнэлт байсан юм. Шалгалтаар 2011-2016 оны хооронд Хөгжлийн банкнаас авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа хангалтгүй үнэлгээ авсан хэдий ч 2017 оноос тус банкны тухай хуулийг шинэчлэн батлуулснаар үйл ажиллагааны доголдол, тухайн нөхцөл байдалд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ харьцангуй сайжирч, хяналтын тогтолцоо боловсронгуй болсныг аудитын тайланд дурджээ. Байгуулагдаад найман жилийн нүүр үзэж байгаа Хөгжлийн банкны үйл ажиллагааг шинэ удирдлагууд томилогдсон үед буюу 2016 оны есдүгээр сараас өмнөх, түүнээс хойших гэж ангилж үздэг. Тэгвэл аудитын тайланд дурдсан гурван их наяд орчим төгрөгийн зөрчлийн бараг л 99 хувь нь 2016 оны есдүгээр сараас өмнөх үед хамаарч байгаа аж.

Тухайлбал, аудиторуудын тодорхойлсон 16 зөрчил, найман алдааны хоёр нь одоогийн удирдлагын үед харин 22 алдаа, зөрчил нь 2016 оныг хүртэлх удирдлагын үйл ажиллагаа, шийдвэр гаргалттай холбоотой гэнэ. Хамгийн өндөр алдагдал үүсгэсэн үйл ажиллагаа нь Сангийн яам 2013 онд Чингис бондын эх үүсвэрээс 1.2 тэрбум ам.долларыг Хөгжлийн банкинд төгрөгөөр байршуулснаас 2016 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд нийт 761.1 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн тооцоо гарч энэ нь төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1 “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” гэж заасныг зөрчсөн байна.

Мөн тус банкны өмнөх удирдлагын үед арилжааны банкаар дамжуулан нэг их наяд төгрөгийн зээл олгосон нь “ Хөгжлийн банк нь УИХын баталсан Монгол Улсын хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийн жагсаалтыг УИХ-ын жил бүрийн хаврын чуулганаар батална” гэсэн тухай үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн заалтыг зөрчсөн гээд хэд хэдэн ноцтой зөрчил байгаа юм. Тэгвэл шинэ удирдлагууд томилогдсон даруйд Засгийн газраас шалгалт орсон байдаг. Ажлын хэсгийн зүгээс зөрчил дутагдлыг засаж, залруулах, банкийг хүнд байдлаас гаргах төлөвлөгөө боловсруулан ажиллах үүрэг өгөгдсөн. Тухайн үеийн Засгийн газрын шалгалтаар өгсөн 98 зөрчлийн дагуу авах арга хэмжээний биелэлт 2019 оны шалгалтын дүнгээр 84 хувийн биелэлттэй байгаа аж. Улмаар 2018 оны жилийн эцсийн байдлаар актив хөрөнгө өмнөх оны мөн үеэс 14 хувиар өсөж 4.2 их наяд төгрөгт хүрсэн бол өөрийн хөрөнгө 1.1 их наяд төгрөг болж нэмэгджээ.

Харин хамгийн их шүүмжлэл дагуулдаг зээлийн эргэн төлөлтийн хувьд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 6.1 их наяд төгрөгийн зээл эргэн төлүүлсэн гэдэг мэдээ байна. Ийм хэмжээний хөрөнгө төвлөрүүлсний үндсэн дээр 2.4 тэрбум ам долларын гадаад, дотоод өрөө барагдуулжээ. Түүнчлэн гадаад валютын ханшийн эрсдэлээр 2016 онд 191 тэрбум төгрөгийн алдагдал хүлээж байсан бол өнгөрсөн хоёр жилд 79 тэрбум төгрөгийн татварын өмнөх ашигтай ажиллаж улсад 74 тэрбум төгрөгийн татвар төлсөн байна. Зээл олголтын дараах хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх хүрээнд 10 дэд хөтөлбөрт 11 банкаар дамжуулан олгосон 1325 дэд зээлдэгчийн үйл ажиллагаанд түүвэрлэсэн хяналт, шалгалтыг хийж, зориулалтын бусаар ашигласан 9.1 тэрбум төгрөгийн зээлийг хугацаанаас нь өмнө эргэн төлүүлжээ.

Хугацаа хэтэрсэн 12 зээлийг тусгай активт шилжүүлж 6.2 тэрбум төгрөг бүхий гурван зээл дээр шүүхийн шийдвэр Хөгжлийн банкны талд эцэслэн гарсан бол Хөгжлийн банк хариуцагчаар оролцсон дөрвөн хэрэг дээр шийдвэр гарч, учирч болох 17.2 тэрбум төгрөгийн эрсдэлийг хаасан байна. Энэ хугацаанд олон улсын хэмжээнд зээлжих зэрэглэл тогтоодог голлох агентлагууд Хөгжлийн банкны зэрэглэлийг Засгийн газарт өгсөн үнэлгээтэйгээ адилаар өсгөсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тиймээс 2017 оныг хүртэл Засгийн газрын баталгаа ашиглаж байсан бол өнгөрсөн хоёр жилд 568 сая ам долларын эх үүсвэрийг Засгийн газрын баталгаагүйгээр босгож чаджээ.

Б.ЭНХБАЯР: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГҮҮДИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦААГ ДУУСГАХ ГЭЖ БАЙНА

(Хөгжлийн банкны ажлын хэсгийн ахалсан Хууль зүй, дотоод хэргийндэд сайд асан)

-2016 онд Хөгжлийн банкийг шалгахад 98 асуудал гарч ирсэн. Түүн дотроо Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт 1.3 их наяд төгрөгийн 18 зөрчлийг нэр дурдаж хүргүүлсэн. Одоо шалгагдаж байгаа. Тэгсэн эхнээс нь эхлээд мөрдөн байцаалтын шатанд буцааж байна. Шалгалтын дүн гарснаас хойш дөрөв дэх жилдээ орлоо. Алийг нь ч шийдээгүй. Зориуд мөрдөн байцаалтын шатанд удаашруулаад, хэрэг хөөн хэлэлцэх хугацаа нь дуусгах гэж байна. Ерөөсөө ийм тактикаар явж байна. Тийм боломж олгохоор УИХ-ын гишүүд хэрэг хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн юм биш үү гэж бодож эхэлж байна.

С.ОЮУНБИЛЭГ: АУДИТЫН ДҮГНЭЛТЭЭР ГУРВАН ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН

(Улсын ерөнхий аудиторын орлогч бөгөөд тэргүүлэх аудитор)

-Хөгжлийн банкнаас 2012-2016 онд олгосон зээлээс гурван их наяд төгрөгийн зөрчил илэрсэн гэдгийг тайландаа дурдсан. Ангилал буурсан зээлд тавих хяналтыг сайжруулах, эргэн төлөлтийг нэмэгдүүлэх ажлыг зохион байгуулах шаардлагатай гэх мэтчилэн Хөгжлийн банкны удирдлагуудаас зохион байгуулах шаардлагатай 786.9 тэрбум төгрөгийн 28 төсөлд анхаарал хандуулах албан шаардлага хүргүүлсэн байгаа. Нийт 11 зээлийн асуудлыг хууль хяналтын байгууллагаар шалгуулах шаардлагатай гэдэг дүгнэлтээ холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн.

.БАТБАЯР: ЗОРИУЛАЛТЫН БУСААР АШИГЛАСАН ЗЭЭЛҮҮДИЙГ АРИЛЖААНЫ БАНКУУДААС ЭРГҮҮЛЭН ТАТСАН

(Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал)

-Сүүлийн хоёр жилд Хөгжлийн банкнаас олгосон зээлийг эргэн төлүүлэх ажлыг эрчимтэй хийж, зориулалтын бусаар ашигласан зээлүүдийг арилжааны банкуудаас эргүүлэн татах арга хэмжээ авсан. Авсан зээлээ хугацаанд нь ашиглаагүй аж ахуйн нэгжүүдийг хуулийн байгууллага руу шилжүүлсэн. Хөгжлийн банкинд 2016 онд хийсэн Засгийн газрын шалгалтаар тодорхой материалуудыг хууль хяналтын байгууллагууд руу шилжүүлсэн. Одоогоор шалгагдах шатандаа явж байгаа гэсэн мэдээлэлтэй байгаа. Цаашдаа банкны үйл ажиллагааг сайжруулахаар тодорхой алхмуудыг эхлүүлээд байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид