Улаанбаатар 1c

Д.Эрдэнэбат: Улс төрийн захиалгаар шийдвэр гаргавал үндсэн хуулийн цэцийг өөрчлөх санал гаргана

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өчигдөр мэдээлэл хийлээ. Тус зөвлөлөөс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар Үндсэн хуулийн Цэцэд сануулж мэдэгдэл гаргасан байна. Ерөнхийдөө УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдсон, УИХ-ын нэр хүндийг унагаж, олон нийтийн дургүйцлийг хүргэсэн зэргээ ухамсарлаж өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн атал Үндсэн хуулийн Цэц дээр хянаж үзэх шаардлагагүй гэж үзэж байгаа аж. Мөн өнгөрсөн жил зарласан нөхөн сонгууль Үндсэн хуулийн Цэцээс хууль зөрчсөн гэж зарласантай холбоотойгоор хойшилсныг дурдаад дахин ингэж улс төрийн нөлөөллөөр шийдвэр гаргахгүй байхыг хүсэв. Ингээд мэдээллийн үеэр УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Хэрвээ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр сонгууль цуцлагдвал танай намын зүгээс ямар байр суурь илэрхийлэх вэ?

-Үндсэн хуулийн Цэц яг Үндсэн хуулийг мөрдөж түүнд заагдсан хүний сонгох сонгогдох эрх, УИХын гишүүний ёс зүйн хэм хэмжээг дагахыг сануулах мэдэгдэл хийж байна. Энэ бол шахалт дарамт биш. Үүнийг зөв харж, зөв шийдвэр гаргах нь чухал. Яагаад гэвэл тэнд улс төрийн сонгууль болох гэж байна. Гэтэл нэг хүний хараат байдлаас болж гацааж болохгүй гэдгийг л сануулж байгаа юм. Хэрвээ улс төрийн захиалгаар эсрэг шийдвэр гарвал цаашлаад Үндсэн хуулийн Цэцийг өөрчлөх санал гаргана. Үндсэн хуулийн Цэц нь хараат бус байгууллага байх ёстой. Гэтэл эхний шийдвэрт эрх баригчтай холбоотой нэр бүхий иргэн Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаснаар цуцлагдсан. Үүнийг улс төрийн захиалгаар гаргасан шийдвэр гэж харж байна. Яг үүн шиг дахин ийм зохион байгуулалтай улстөржсөн шийдвэр гарах юм бол бид шударга Үндсэн хуулийн Цэцийг шаардах болно.

-Оюутолгойн асуудал дээр ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

-Оюутолгойн ажлын хэсгийн дүгнэлтэд өнөөдрийн гэрээний нөхцөлийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж гарсан. Үүн дээр бодлогын зөрчлийн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл эрх баригчид нэг бодлого дээр ажиллаж чадахгүй асуудал. Оюутолгойн гэрээг нэн яаралтай авч хэлэлцэх шаардлага үүсээд байна. Уг нь Оюутолгойн гэрээг хийх эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газарт бүрэн эрх нь байхад үүнийг УИХ-д оруулж, улстөржүүлэх нь зарчмын хувьд буруу гэж бид харж байна. Тиймээс Засгийн газар Оюутолгойн асуудлаар эцсийн үгээ хэлэх хэрэгтэй. Гэрээгээ өөрчлөх юмуу, эсвэл гэрээг өөрчлөхгүйгээр цаашдаа яах гэдгийг Засгийн газар өөрөө санаачилж, УИХ-д оруулж ирэх нөхцөл байдал үүссэн гэж бодож байна.

-МАН-аас 20 сая төгрөгийн “итгэлийн зээл”-ийг олгож эхэлнэ гээд ярьж эхэллээ. Үүн дээр АН ямар байр суурьтай байна вэ?

-ЖДҮХС-гийн мөнгийг зохион байгуулалттайгаар хулгай хийгээд авсан хүмүүс түүнийгээ цайруулах гэсэн янз бүрийн аргуудын нэг нь “Итгэлийн зээл”. Энэ бол сонгуульд зориулагдсан зээл. 300 тэрбум төгрөгийг төсвөөс гаргаад гуравхан хувийн хүүтэй, барьцаагүй өгөх арга хаана ч байхгүй. Тэр дундаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүст өгөх гэж байгаа бол энэ “Итгэлийн зээл” биш халамж. Энэ мэт худал амлалтууд хэрээс хэтэрч байгааг сануулж байгаа юм. Тэрнээс бид иргэддээ зээл өгч болохгүй гэсэн асуудал яриад байгаа юм биш. Үүнийхээ оронд иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулах тал дээр ажиллах зарчмын хувьд зөв. Эрх баригчид хэдэн удаа энэ мэт ард иргэдийг хуурах вэ. Үүнийхээ оронд 2016 оны амлалтуудаасаа нэгийг ч болов биелүүлэх нь чухал болоод байна.

-Улстөрчид хуулийн шахаа хэр хийдэг вэ. таны хувьд хуулийн шахаа хийж үзсэн үү. Жишээ нь, хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хуульд оруулсан энэ өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Би хуулийн шахаа гэж мэдэхгүй. Би ямарваа нэгэн хууль дээр зарчим бодлогыг л баримталдаг. Энэ бол туйлын чухал. Өнөөдөр хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэм хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацаа гэж заасан нь өөрөө ялаас мултрах боломжийг бий болгож байна. Ялангуяа энэ нь авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой. Жишээ дурдахад, энэ хуулиар явбал “Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Энэ нь хэрэг цагаатах, ялаас мултрах боломж бүрдэж байгааг харуулж байна. Үүнээс харахад тэд өөрийн авлига хээл хахуультай холбоотой хэргийг хаах, цайруулах үйлдлийг улайран хийж байгаа нь энэ төрд байж болшгүй зүйл юм. Тиймээс энэ хөөн хэлэлцэх хугацааг бид зайлшгүй эргэн харах шаардлагатай.

-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлигын асуудалд холбогдлоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ тал дээр мэдээлэл өгөөч?

-Бид үүнийг зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд Ерөнхий сайдад асуулга явуулна. Иргэд олон нийт үүн дээр их анхаарал хандуулж байна. Тиймээс үнэн үү үгүй юу гэдэг дээр асуулга явуулж мэдээлэл авна. Үүний дараа нийгэмд дахин мэдээлэл гаргах байх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид