Улаанбаатар 1c

10.2 их наяд төгрөгөөр 118 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ

Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн үзэл баримтлалыг хэлэлцлээ. Төслийн талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав. Уг төсөлд таван бүлэг, 20 зорилтын хүрээнд 118 бодлогын арга хэмжээг тусгажээ. Эдгээр арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээс улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум, гадаад эх үүсвэрээс хоёр их наяд 111.9 тэрбум, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр тусгасан байна. Энэхүү арга хэмжээнүүдийг бүрэн хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт зургаан хувь, инфляцын түвшин найман хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 5.6 хувиас бага байх үр дүн гарна гэж тооцсон талаар Сангийн сайд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуусан бөгөөд ипотекийн зээл олголт, гэр хорооллын дахин төлөвлөлт ажилгүйдлийг бууруулах арга хэмжээ зэргийг тодруулж байлаа. Ипотекийн зээл олголтын талаар тодруулсан гишүүдийн асуултад Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Өнгөрсөн онд хийсэн судалгаагаар орон сууцны урьдчилгаа 30 хувийг төлөөд, ипотекийн зээлд хамрагдах сонирхол бүхий 43 мянган иргэн бий. Нийлүүлэх бэлэн орон сууцууд ч бэлэн байгаа. Харин хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий. Энэ онд ипотекийн зээлийг төсвөөс 116 тэрбум төгрөг, Монголбанкны эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэхээр тусгасан. 2020 оны Үндсэн чиглэлийн төсөлд Барилга, хот байгуулалтын яамнаас нийт 12 мянган иргэнийг ипотекийн зээлд хамруулах зорилгоор 500 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналыг хүргүүлсэн. Харин төсөлд 60 тэрбум төгрөг байхаар тусгасан” гэлээ. Түүнээс гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар тодруулахад инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх шаардлагатай ч сүүлийн хоёр жилийн хугацаанд төсөвт энэ чиглэлээр санхүүжилт, хөрөнгө оруулалт тусгагдаагүй гэдгийг хэлсэн юм. Мөн энэ оны эхний таван сарын байдлаар Монголбанкнаас 170 тэрбум төгрөгийг 2500 орчим иргэнд олгох хүлээлттэй байгаа талаар Төв банк мэдээлэв. Энэ онд ипотекийн зээлийг нийтдээ 460 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэх бөгөөд эко шийдэл бүхий 120 ам.метр талбайгаас дээшгүй амины орон сууцыг 60 сая төгрөгийн зээлд хамруулахаар холбогдох шийдвэр гарчээ.

Түүнчлэн ажилгүйдэл, ядуурлыг бууруулах чиглэлээр Засгийн газраас өнгөрсөн онуудад авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд үр дүнтэй байсныг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг онцолж байлаа. Энэ онд анх удаа Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд улсын төсвөөс 20 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд гадаадаас авах ажиллах хүчний тоо, хэмжээг бууруулах бодлого баримталж байгаа аж. Үүнээс гадна хуралдааны үеэр “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийн Нийслэлийн Засаг даргын зөвлөл хуралдаж, Нийслэлийн харьяа хувьцаат компани болон төсөл хөтөлбөрүүдийн үйл ажиллагааг шалгах ажлын хэсгийн тайланг хэлэлцжээ. Ажлын хэсгийн тайланг нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, тус ажлын хэсгийн ахлагч Н.Батсүмбэрэл танилцуулсан байна. Уг ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын зөвлөлөөс холбогдох албаныханд үүрэг даалгавар өгчээ.

Тодруулбал, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” компанийн үйл ажиллагааны үр ашиггүй зардал өссөн тул бүтэц, бүрэлдэхүүнийг бууруулж, чадварлаг цөөн ажилтан ажиллуулах үүрэг өгсөн байна. Мөн “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн ¿ð ä¿íä аудитын шалгалт õèéж, дүгнэлт гаргуулахыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт даалгасан байна. Үүнээс гадна “Нийслэлийн нийтийн тээврийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр төсөл”-ийн хүрээнд “Тусгай замын автобус” төслийн үйл ажиллагааг үргэлжлүүлэхийг төслийн нэгжид үүрэг болгожээ. талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан сайд мэдээлэл өглөө. Өнгөрсөн оны байдлаар нэгтгэн дүгнэхэд 40 гаруй үйлдвэр ашиглалтад орсны 21-ийг нь шинээр байгуулжээ. Энэхүү хөтөлбөрийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хувийн хөрөнгө оруулалт буюу гадаад эх үүсвэрээс төлөвлөсөн байна. Улмаар төвлөрсөн суурин газруудын махны хэрэгцээг хангах нөөц бүрдүүлэх чиглэлээр Үндсэн чиглэлийн төсөлд тодорхой арга хэмжээнүүдийг тусгасны зэрэгцээ энэ онд багадаа 10 мянган тн мах нөөцлөх зорилготой ажиллаж байгааг салбарын сайд онцоллоо.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхээр санал хураалт явууллаа. Улмаар хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжив. Ингэхдээ уг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Я.Содбаатараар ахлуулан байгууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид