Улаанбаатар 1c

Туулын орчимд хайрга, дайрга олборлож байгаа компаниудын үйл ажиллагааг хаах үүрэг өглөө

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр холбогдох албаныхны хамт Хан-Уул дүүргийн зарим хороо, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өглөө. Голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь байгаль орчны шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд бохир ус 450 км орчим урсаж байгаагаас Сонгиноос цааших 120 гаруй км нь маш их буюу их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна. Мөн Хан-Уул дүүргийн XIII хорооны нутаг дэвсгэрт хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байгааг иргэд хэлж байлаа.

Тэнд 85 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 40 гаруйнх нь эрхийг цуцалж, 24-т нь холбогдох албанаас мэдэгдэл хүргүүлсэн ч одоо 50 гаруй аж ахуйн нэгж ажилласаар байгаа аж. Төв аймгийн Алтанбулаг сум 1100 гаруй өрхтэйгөөс 700 гаруй нь Туул голоо дагаж нутагладаг байна. Голын усны бохирдлоос болж мал хордож байгаа нь шинжилгээгээр нотлогджээ. Малын арьс хөрс зулгарах, хээл хаях, амьгүй төл гарах нь хэвийн үзэгдэл болсон байна. Мал нядлаад гэдэс, дотрыг нь шууд хаяхаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Тус сумын I баг буюу Туулын орчимд 145 өрхийн 20 мянган мал бэлчээрлэж байгаагаас зөвхөн энэ хавар л гэхэд нэг айлын 100 гаруй бог хорогдож, өөр нэг айлаас 50 гаруй мал хорогдсоныг шинжлүүлж үзэхэд хордлого болох нь тогтоогдсон талаар багийн Засаг дарга Г.Болдбаатар танилцуулав. Мал нь усандаа хордож, хүн нь уух усгүй болсноос малчид сумын төв, ойролцоох цэргийн ангиас усаа гуйж, эсвэл мөнгө төлж авдаг болжээ.

Энэ үеэр УИХын дарга Г.Занданшатар дээрх нутаг дэвсгэрийн хөрс, усанд байгаль орчны нарийвчилсан шинжилгээг долоо хоногийн дотор хийж, дүгнэлт гаргах, иргэд болон малыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн даруй хаах үүрэг даалгаврыг холбогдох албаныханд өглөө. Мөн тэрбээр Алтанбулаг суманд иргэдийн ундны усны зориулалтаар хоёр худаг шинээр гаргаж өгөх асуудлыг шийдвэрлэхээ амласан áàéíà.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид