Улаанбаатар 1c

“Сүрьеэтэй улс даяараа тэмцмээр байна”

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудаас сүрьеэгийн хэдэн зуун тохиолдол гэнэт илэрч, олныг цочирдуулав. Халдвар тархсан 15, 97 дугаар сургуулийн сурагчдын эцэг, эхчүүд үймж, учраа олохгүй энд тэнд шинжилгээ хийлгэж явна. Шуугиантай давхцаж, “Энхрий эрдэнэ сан”-гийн санаачилгаар Баянгол дүүргийн ИТХ, ЗДТГ, ХӨСҮТ хамтран “Сүрьеэгийн эсрэг хамтдаа тэмцэцгээе” төслийг хэрэгжүүлж буйгаа өчигдөр мэдээллээ. Төслийн нээлт Баянгол дүүрэг дэх “Өргөө” кино театрын гадаах талбайд болсон. Энэ үеэр дүүргийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжийг хамруулсан “Эрүүл энхийн төлөө” жагсаалыг зохион байгууллаа. Түүнчлэн тус дүүргийн өрхийн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмжийг иргэдэд өгч, цээжний зураг авахуулах X-ray явуулын аппаратаар 80 орчим иргэний цээжний зургийг үнэ төлбөргүй авч үйлчилсэн юм. Арга хэмжээний үеэр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Г.Энхмандахаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн 15 дугаар сургууль дахь нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?

-15 дугаар сургуулийн сурагчид болоод эцэг, эхчүүд ямар нэгэн байдлаар халдвар тараахгүй, ийм л байдалтай байгаа. 

-Тэгвэл 97 дугаар сургууль?

-Үзлэг хийж байна. Он гарснаас хойш 14 сургууль дээр үзлэг, шинжилгээ хийсэн. Бид “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр энэ ажлыг эрчимжүүлж, илүү олон сургуулийг хамруулна. Албан газруудыг ч хамруулна. Албан байгууллагаас ч сүрьеэгийн шинжилгээг хийгээд өгөөч гэсэн хүсэлт их ирүүлж байна. Гэхдээ бид эхний ээлжинд ерөнхий боловсролын сургуулиудыг үзлэгт хамруулна. Энэ жил буюу 2019 оныг дуустал 90 гаруй сургуулийн сурагчдыг сүрьеэгийн үзлэгт хамруулна.

-Сар гаруй хугацааны дараа сургууль амарлаа. хүүхдүүд зуны гурван сард сүрьеэгийн үзлэгт нэгдсэн байдлаар хамрагдаж чадахгүй нь, тийм үү?

-Бид чадлаараа үзлэг хийж байна. Ирэх есөн сараас дахин үргэлжлүүлэх болно. Хүүхдүүд амрах ч бид албан байгууллагууд дээр сүрьеэгийн шинжилгээ хийнэ.

-Зуны гурван сар хугацаа алдана гэсэн үг үү?

-Хүүхдүүд зуныхаа амралтаар сайн унт, ид, цэвэр агаарт гар, хөдөө яв. Ер нь хүүхдүүдэд эрүүл мэндийн боловсрол маш сайн олгох шаардлагатай байна.

-Таван сарын дотор 14 сургуулийг сүрьеэгийн шинжилгээнд хамруулахад хоёр сургууль дээр халдвар илэрлээ. Цаашлаад илрэхгүй гэх баталгаа байхгүй нь?

-Халдвар хэчнээн гарахыг бид хэлж мэдэхгүй байна. Шинжилгээ хийж гаргаад, урьдчилан сэргийлэх эмчилгээг зохион байгуулалттай хийнэ гэсэн юм.

Харин иргэд айдаст автаад буйгаа ярьж байна.

Баянгол дүүргийн иргэн Х.Баясгалан

-Үнэн, худал нь мэдэгдэхгүй маш олон мэдээлэл байна. Юутай ч урьдчилан сэргийлэх үүднээс цээжний зургаа авахуулаар явуулын аппаратны дараалалд зогсож байна даа.

Хан-Уул дүүргийн иргэн Г.Ганбат

-Сүрьеэтэй ганц дүүрэг биш, улс даяараа тэмцэх ёстой болсныг энэ өдрүүдэд харлаа. Төр засаг зүгээр суухгүй байх гэж итгэж байна. Мөн иргэд өөрсдөө эрүүл мэнддээ анхаарч сүрьеэгийн үзлэгт сайн дураараа хамрагдах нь хамгийн зөв болов уу.

Баянгол дүүргийн иргэн И.Саранцэцэг

-Бүхэл бүтэн сургуулийн 500-600 хүүхэд халдвар авчихаад байхад “Айх шаардлагагүй, энэ бол агаар дуслын замаар халддаг өвчин” гээд байгааг ойлгохгүй юм. Ерөнхий боловсролын бүх сургуулийн сурагчдыг түргэн сүрьеэгийн үзлэгт хамруулаасай.

Баянзүрх дүүргийн иргэн Х.Сайнбуян

-Халдвар тээсэн, тараасан багшид яагаад ямар ч арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Түмний олон хүүхдийг өвчний халдвар тээгч болгоно гэдэг байж болох асуудал мөн үү. Нэг сургуулийн 500 хүүхдийн цаана хэчнээн эцэг эх, ах дүү, найз нөхөд байгаа билээ. Ингээд бодохоор эрүүл хүн байгаа болов уу гэж бодогдох юм. Нэлээд айдастай л байна даа. Учир нь сүрьеэ бол энгийн нэгэн өвчин биш шүү дээ. Маш урт хугацаагаар эм ууж байж алга болно. Хүүхдэд энэ өвчний эсрэг эмийг удаан уулгавал элгэнд хортой шүү дээ.

Баянгол дүүргийн иргэн Ө.Бундмаа

-Сүрьеэгийн үзлэгийг улс даяар эрчимжүүлсэн нь дээр байх. Угаасаа үнэ төлбөргүй авдаг болохоор иргэд сайн дураараа идэвхтэй оролцох байх гэж итгэж байна. Тиймээс үзлэгт хамрагдахыг уриалсан уриалгыг маш сайн явуулах хэрэгтэй гэж байлаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид