Улаанбаатар 1c

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн боллоо

Монгол Улсад Хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан байгуулагдсаны 60 жил, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жилийн ой энэ онд тохиож байна. Энэхүү ойн хүрээнд Хөдөлмөрийн бодлогын асуудлаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн” Төрийн ордны Их танхимд өнгөрсөн баасан гарагт болж өнгөрлөө. Зөвлөгөөнд Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэлсэн юм. Тэрбээр хэлсэн үгэндээ “Ирж буй 15 жилд дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, тэр дундаа техник технологийн хөгжил дэвшил, хүрээлэн буй орчин, хүн ам зүйн өөрчлөлтөөс хамаарч, ажиллах хүчний бүтцэд ихээхэн өөрчлөлтүүд гарах талаар эрдэмтэн мэргэд тодорхой статистик ярьж байна. Жишээ нь, хөдөлмөрийн насны хүн амын тоо нэмэгдэж, 2030 он гэхэд 600 саяас дээш ажлын байр шинээр бий болгох хэрэгцээ байгаа боловч технологийн дэвшил хүний хөдөлмөрийг бүрэн орлох чиглэлд давшингуй амжилт олж байгаа нь ажиллах хүчний бүтцэд сөргөөр нөлөөлөх хандлага бий болгосон юм байна.

Харин бидний хувьд хүн амын гуравны нэгээс дээш хувийг 15 хүртэлх насны хүүхэд эзэлж байсан байдал өөрчлөгдөж, 2025 онд 25 хувь болж буурах бөгөөд хөдөлмөрийн насны хүний тоо нэмэгдэж, “хүн амын цонх” үе 2030-аад он хүртэл үргэлжлэх төлөв байна. Манай улсын хөдөлмөрийн нөөц оргилдоо хүрч, түүнийг дагаад бүтээмж бий болгох боломж бүрдэнэ. Гэтэл ийм нөхцөл байдалд бэлдэх, ажлын байрыг өсгөх, хөдөлмөрийн зах зээлийн балансыг тэнцвэржүүлэх, дундаж цалин, хөдөлмөрийн үнэлэмжийг зүй зохистой хэмжээнд байлгах тал дээр ирээдүйг харсан бодлого тулгамдаж байна. Бүс нутгийн хүрээнд бусад улстай харьцуулахад манай улсын хөдөлмөрийн дундаж хөлс бага хэвээр байна. Тиймээс энэ байдалдаа дүн, шинжилгээ хийж, тодорхой бүтээлч ажил хийх хэрэгтэй. Ажлын байрыг олноор бий болгох хэрэгтэй.

Өнөөдөр БНСУ руу ажиллахаар явж байгаа манай улсын иргэдийн тоо 45-50 мянгад хүрсэн. Одоо АНУ, Япон руу ажиллах хүч илгээх гэрээ, хэлэлцээрүүд хийгдэж байна. Эрүүл саруул, идэр залуу, юм хийж бүтээх насныхан маань гарч явсаар байгаа энэ урсгалыг бид зогсоох ёстой. Урд хөршийн хил дагасан аймгуудаас мал маллахаар малчид хил давж эхэллээ. Бид сайн сайхнаа ярьж байгаа ч саараа ярьж байж л урагшилна. Ажлын байр болон хөдөлмөрийн хөлсний зохистой хамаарлыг бий болгох ёстой. Гадагш ажиллахаар явж байгаа залуус эх орондоо дургүй, ажил хийх дургүй хүмүүс биш юм. Ажил олдохгүй, хөдөлмөрийн хөлс санасан хэмжээнд хүрэхгүй байгаа тул хөдөлмөрөө үнэлүүлэх, гэр бүлдээ ахиухан орлого олох гэж хүний нутгийг зорьж байгаа гэдэгтэй та бүхэн санал нэг байгаа байх. Үүнээс улбаалсан сөрөг зүйлс олон байдаг. Үүнийг дагаад гэр бүл салалт, хүүхэд өнчрөх, хүүхдийн хүмүүжил гээд маш олон асуудал урган гардаг юм.

Өнөөдөр 60 жилийн ойн хүрээнд зөвлөгөөнөө хийж суугаа шийдвэр гаргагчид энэ тал дээр дорвитой арга хэмжээ аваасай хэмээн хүсч байгаа учраас эдгээр зүйлсийг хэлж байна. Монголын төр, Монголын Засгийн газар юм бол монгол хүнээ ажилтай байлгахад, авч байгаа цалин нь хүрэлцээтэй байхад түлхүү анхаараач ээ гэж дахин хүсмээр байна. “Дэлхийн тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр-2030”-д тусгагдсан “Бүх нийтийн зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох” зорилтод нийцсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх, иргэдэд мэргэжил, ур чадвар эзэмшүүлэх, хамгийн гол нь тэднийг ажилтай болгох, ажлын дадлага туршлагыг тасралтгүй дээшлүүлэн хөгжүүлэхэд сум, хорооны анхан шатны ажилтнаас эхлэн аймаг, нийслэл, дүүргийн хөдөлмөрийн асуудал хариуцсан байгууллага, орон нутгийн засаг захиргаа, төрийн яамд Та бүхний хамтын ажиллагаа, хүчин чармайлт шийдвэрлэх үүрэгтэй юм шүү” гэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид