Улаанбаатар 1c

Х.Тэмүүжин: Тэр гонхноос хүн өөрөө үсрээд унах боломжгүй

Өнгөрсөн баасан гарагийн 19:00 цагийн орчимд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордны Засгийн газрын хуралдааны танхимын ойролцоох хоёрдугаар давхрын гонхноос нэг давхар руу унаж амь насаа алдсан байдалтай олдсон харамсалтай хэрэг гарсан. Хэргийн үзлэгийн талаар цагдаагийн байгууллагаас албан ёсны мэдээлэл хийгээгүй байгаа ч АН-ын зүгээс гадны нөлөөтэйгөөр амь насаа алдсан байж болзошгүй талаар байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тодруулбал, өчигдөр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин нарын хүмүүс мэдээлэл хийж талийгаачийг хамгийн сүүлд МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүнтэй уулзсан тухай дуулгасан. Үүний дараахан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж Г.Батхүү агсантай өөрийн ажлын өрөөнд уулзаад зөвлөхийнхөө хамт хуралд суухаар гарсан талаар хэлсэн юм. Ингээд уг явдлын талаар хоёр талын хийсэн мэдээллийг хүргэж байна.

Ардчилсан намын дэд дарга Х.Тэмүүжин мэдээллийн эхэнд “Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Чуулганы үүдэнд болон гаднаас орж ирж байгаа иргэдийг хянах зорилготой камертай, бусад газар камер байхгүй. Үйл явдал болсон газар ямар нэг бичлэг болон хяналтын төхөөрөмж байхгүй. Ардчилсан намын зүгээс болон хуулийн байгууллагуудын зүгээс нэг эргэлзээтэй зүйл үүсч байгаа нь юу вэ гэхээр цагдаагийн байгууллага албан ёсны ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зүрх нь хаагдсан байна, шатнаас унасан байна гэх мэтчилэн үйл явдалтай огт хамааралгүй бодит байдалд үл нийцэх мэдээлэл маш хурдтай тархсан. Энэ нь учир битүүлэг үйл явдлыг өөр зүйл рүү хөтлөхөд хүрэв гэж эргэлзэхэд хүргэж байгаа. Одоогоор цагдаагийн байгууллага албан ёсны үзлэгтэй холбоотой ямар нэгэн баримт мэдээллийг дэлгээгүй байна. Үйл явдал шатны ойр орчимд болоогүй. Та бүхний мэддэгээр Засгийн газрын хуралдааны танхимын хажууд оршиг гонх гэж хэлдэг нэг, хоёрдугаар давхрын хоосон орон зайтай газар өндрөөс унасан байдалтай үйл явдал болжээ. Унасан шалтгаан нь юу болохыг одоогоор хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан өндрөөс унасан, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх дүгнэлт рүү очиж байх шиг байна. Олон нийтэд тараад байгаа шиг зүрх хаагдсан эсвэл өвчтэй байсан, эмчлүүлж явсан, бие нь муудсан гэдэг учир шалтгаан одоогоор тогтоогдоогүй байна” гэсэн юм. Ингээд сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг хүргэж байна.

-Ар гэрийнхэн нь хөндлөнгийн шинжээч эмч нарыг задлан шинжилгээнд оруулах санал гаргасан боловч прокуророос татгалзсан гэдэг мэдээлэл байна?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт эцэслэн бүрэн гараагүй байна. Та бүхэн шүүх шинжилгээ хэрхэн явагддаг талаар тодорхой ойлголттой байгаа байх. Тодруулбал, химийн буюу нарийвчилсан шинжилгээнүүдийн дүгнэлт гарахад ойролцоогоор 14- 21 хоног болдог. Гадна талын үзлэг болон задлан шинжилгээний дүгнэлт урьдчилсан байдлаар гарч эхэлж байх шиг байна. Их хэмжээний гэмтэлтай, гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй гэж байгаа.

-Талийгаач нас барахынхаа өмнө анын дарга С.Эрдэнийн өрөөнөөс гарсан гэх яриа байгаа. Энэ үнэн үү?

-Нэр бүхий твиттерчдээс болон сошиал орчинд ийм ярианууд гарч байна. 15.00-18.20 орчим цагийн хооронд бол Орос, Монгол, Хятадаар дамжин өнгөрөх авто уралдаантай холбоотой Ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордонд болсон байна. Тэр хуралдаан 18.20 цагийн орчим тарсан. Уг хуралдаанаас хамгийн сүүлийн хүмүүс 18.30 цагт гарсан гэдэг яриа байгаа. Дээр нь 18.33 цагаас 18.36 цагийн хооронд АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаатай утсаар ярьсан байдаг. “Энэ хуралдаанд оролцсон Оросын талын төлөөлөгчидтэй оройн хоол иднэ. Та Элчин сайд байсан хүн. Танай хуучин найз, түншүүд ирсэн учраас энэ оройн хоолонд цуг орох уу” гэдэг байдлаар ярилцаад цаг болзсон байсан. Тэгээд та бүхний сонссончлон УИХ-ын чуулганы урд талын хяналтын камерт 18.35 цагийн орчим гурван давхраар баруун тийшээ алхаж явсан дүрс бичлэг бичигдсэн байна. Тэгээд 19.09 цагт нэгдүгээр давхарт унасан байдалтайгаар олдсон. 19.57 цагт цагдаагийн байгууллагад анхны дуудлага өгсөн байсан. Цаг орчмын дараа дуудлага өгөх хүртэл юу болсон, яагаад ийм удаан дуудлага өгөөгүй вэ гэдэг дээр хүмүүс эргэлзэж, асуулт асууж байгаа. Сүүлийн тэр 20 минут дотор 18.35-19.09 цагийн хооронд хаана, хэнтэй уулзав гэдэг эрэл хайгуулыг бүгд л хийсэн. Зарим хүмүүс зорилготой ч юм уу С.Эрдэнэтэй уулзсан байна лээ гээд сошиалаар бичсэн байна лээ. Тухайн өдөр 15.00-18.00 цагийн үед би намын байранд дотоод ажлаар хуралтай байсан. С.Эрдэнэ дарга цуг байсан, Төрийн ордонд байгаагүй. Цагдаагийн байгууллага сүүлийн 20 минутад уулзсан хүнийг нь тогтоосон. МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүний нэр тодорч байгаа. Тэр хүн бол “Бид өрөөндөө 20 минут уулзаад, уулзалт дуусаад гарсан” гэдэг мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байна лээ. Удахгүй тодорхой болох байх.

-Хөндлөнгийн шинжээчийн хувьд?

-Маш их маргаан дагуулдаг учраас олон нийт шүүх шинжилгээнд итгэх итгэл хомс болсон гэдгийг та бүхэн олон үйл явдлаас харсан байх. Ар гэрийн зүгээс задлан шинжилгээнд хөндлөнгийн гэрч байдлаар хүн оруулья. Гэр бүлийн гишүүдээс ороод харж болох уу гэж хүсэлт тавьсан байна лээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хууль болон шүүх шинжилгээтэй холбоотой хууль тогтоомжуудаар бол үүнийг хориглосон болон зөвшөөрсөн ямар нэгэн зохицуулалт байхгүй. Харин прокурорын зүгээс хүсэлтийг хүлээж авалгүйгээр хөндлөнгийн эмч нарыг оруулалгүй явуулсан байна лээ. Учир битүүлэг үйл явдал болсон гэдэгт бид хатуу итгэл үнэмшилтэй байна. Гадны нөлөөтэй байж болзошгүй. Хэвийн хүн гонхноос өөрөө үсрээд унах боломжгүй. Шат, гонх хоорондоо нэлээд зайтай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид