Улаанбаатар 1c

Үхсэн малын сэг зэм борлуулж байсан үйлдлийг илрүүлжээ

Сүүлийн үед малын махыг зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэх, эрүүл ахуйн стандартын шаардлага хангахгүй, зориулалтын бус агуулахад хадгалах зэрэг зөрчлүүд их гарч, их хэмжээний ашиг олох зорилгоор гадаадын иргэд, аж ахуйн нэгжүүд болон төрийн зарим албан хаагчид оролцсон зохион байгуулалттай бүлгүүд өвчнөөр үхсэн малын махыг хүнсэнд нийлүүлэх, химийн бодис ашиглан өнгө зүсийг сайжруулан борлуулж байгаа ноцтой зөрчлүүдийн талаарх мэдээлэл Тагнуулын ерөнхий газарт ирж байгаа гэнэ. Тус байгууллагын зүгээс хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлэл авч МХЕГ болон холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа бөгөөд үүнийг таслан зогсоох чиглэлээр дараах ажлуудыг хийгээд байгаа талаар мэдээллээ.

Тухайлбал, лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон “Эмээлт” захад үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай махны үйлдвэрт 2019 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгаас авто тээврийн хэрэгслээр хүнсний стандартын шаардлага хангахгүй, үхсэн болон өвчтэй 20 тонн малын махыг ханган нийлүүлж болзошгүй мэдээллийг ТЕГ авч МХЕГ-тай хамтран шалгаж махны үйлдвэрт буулгах гэж байсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоосон аж. Лабораторийн шинжилгээний хариугаар үхсэн малын сэг зэм байсан нь тогтоогдсон тул мэргэжлийн хяналт, цагдаа, прокурор, онцгой байдал, мал эмнэлгийн газрууд хамтран устгалд оруулж ариутгал халдваргүйжүүлэлт хийжээ.

Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Номин Холдинг” ХХК-ийн агуулахын 5, 6 дугаар гүн хөлдөөх зооринд 20 тн орчим үхрийн махыг гарал үүслийн бичиггүй, бусад хүнсний бүтээгдэхүүнтэй хамт стандартын шаардлага хангахгүй нөхцөлд хадгалж байсан зэрэг зөрчлийг илрүүлж, мэргэжлийн байгууллага хуулийн хүрээнд хяналт шалгалтыг хийжээ. Түүнчлэн улсын хилээр нэвтрүүлж буй мах, махан бүтээгдэхүүнд хяналт тавьж ажиллан, эдгээр хууль бус ажиллагаанд оролцож буй сүлжээг илрүүлж, таслан зогсоон, зарим этгээдүүдэд холбогдох хууль, хяналтын байгууллагатай хамтран эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм байна. Иргэд энэ чиглэлээр мэдээллийг ТЕГ-ын /51/263017 дугаараар өгөх боломжтой гэж ТЕГ-аас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид