Улаанбаатар 1c

“Улсын тэмцээнд оролцох усан спортын тамирчидтай болно, бид”

Эрдэм мэдлэгтэй, эрүүл чийрэг, зөв монгол хүн төлөвшүүлэх үүрэг ерөнхий боловсролын сургуулиудад бий гэхэд болно. Сурагчид сургуулиасаа халдвар тээгч болдог, өвддөг, үүнээсээ болж үе тэнгийнхэндээ гадуурхагддаг байж болохгүй. Иймд сургуулийн орчин нэн тэргүүнд цэвэр, эрүүл байх нь хамгаас чухал билээ. Тэгвэл энэхүү зорилтыг нийслэлийн 33 дугаар сургууль хөрсөнд буулгаж, хэрэгжүүлж байгаа нь сайшаалтай. Тус сургуулийн захиргаа сурагч болоод багш, ажилтнуудынхаа эрүүл мэнд, чөлөөт цагт зориулан Монголдоо хамгийн анхны усан бассейнтай улсын сургууль болоод байна. Шинийг санаачилсан тэдний сайн жишигтэй танилцахаар манай сурвалжлах баг 33 дугаар сургуулийг зориод ирлээ.

13:00 цаг.

33 дугаар сургуулийн спорт цогцолбор бага болон ахлах сургуулийнхаа дунд байрладаг ажээ. “Улсын тэргүүний лаборатори 33 дугаар сургууль, спорт цогцолбор” гэсэн хаягаар хөтөчлүүлж зорьсон газар руугаа орлоо. Өөдлөх айл үүднээсээ гэдэг шиг эргэн тойрон нь цэвэр цэмцгэр гэж жигтэйхэн. Спорт цогцолборын бассейн руу ороход тохитой орчин таатайгаар угтах юм билээ. Энэ бүхэн сурагчдын сурах хүсэл, тэмүүллийг эрхгүй бадраадаг нь илхэн байв. Энд усан бассейнд хэрэгтэй бүх зүйлийг цогцлоожээ. Бассейны эмч А.Баясгалан биднийг улавч өмсөхийг зөвлөөд, чиглүүлэн явлаа. Танхимд ямар ч хүн байхгүй байв. Учир нь цайны цаг болж завсарласан тул 13:30 цагаас хичээллэж эхэлнэ гэдгийг тэрбээр хэллээ. Хүүхдүүд ирэхээс өмнө эмч А.Баясгалантай цөөн хором ярилцсан юм.

-Та усан бассейны эмчийн үүргээ тодруулж ярьж өгөөч?

-Мэдээж сургуулийнхаа эрүүл аюулгүй байдалд анхаарал тавина. Мөн бассейны 220 тонн усыг азон, хлорын уусмалаар 24 цагийн турш цэвэршүүлдэг. Бассейнд орохоос өмнө сурагч заавал усанд орох ёстой. Усанд орсны дараа арьсны зөөлөн хэсгийг спирттэй хөвөнгөөр ариутгадаг. Өдөрт дунджаар 80 хүүхэд усан спортоор хичээллэдэг юм. Усан сангийн хувьд 1.6-1.9 метр гүнтэй, 25 метр урт. Энд усан спортын гурван багш ажилладаг бөгөөд 2-12 дугаар ангийн хүүхдүүд хичээллэхэд зохимжтой.

-Усан спортоор хичээллэхэд тухайн хүнд эрүүл мэндийн ямар шаардлага тавьдаг вэ?

-Мэдээж энэ спортоор хичээллэхийн тулд тухайн хүн эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан байх ёстой. Үгүй бол хэн нэгэн өвчтэй нь бусдад халдаах магадлалтай юм. Өөрөөр хэлбэл, артерийн даралт өндөртэй, мөн бэлгийн замын халдварт өвчтэй, арьсны замын эмгэгтэй бол бассейнд орж болохгүй.

-Хүүхэд усан спортоор хичээллэснээр эрүүл мэнд болоод, сэтгэлзүйн хувьд ямар давуу талтай болдог юм бол. Та эмч хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй яриач?

-Маш олон давуу талтай. Бие бялдрын хувьд эрүүл чийрэг, өв тэгш болдог. Усан спорт нь амьсгалын замын өвчнөөс сэргийлж, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, бодисын солилцоог дэмждэг. Мөн түүгээр зогсохгүй мэдрэлийн ядаргаа, нойргүйдэл, стрессийг тайлах, нурууны суулт зэрэг өвчнөөс сэргийлж чаддаг маш өргөн ач тустай спорт юм шүү. Иймд хүүхэд багачууд маань энэ спортоор хичээллээрэй гэж зөвлөе.

А.Баясгалан эмчтэй ярилцсаны дараа эргэн тойрноо ажвал 33 дугаар сургуулийн бассейн хоёр замтай аж. Жижиг бассейн нь усгүй байх бөгөөд хүүхэд, томчууд ихтэй буюу ачаалалтай үед ажиллуулах зорилготой. Усан сан эмэгтэй, эрэгтэй шүүртэй бөгөөд анхан шатны сурагчдад зориулсан хантааз болон бусад хэрэглэгдэхүүнээр хангагдсан байв.

13:30 цаг.

Төд удалгүй шүршүүрийн чимээ сонсогдож, хүүхдүүд шуугилдаж эхлэв. Бага, дунд ангийн сурагчид хичээллээд олон сар болсон сурагчид хоёрдугаар зам руу үсэрч, анхан суралцагчид нэгдүгээр замын шатыг гараараа чанга зууран орцгооно. Бүгд багшийн зааврыг дуулгавартай биелүүлэх нь эгдүүтэй. Өнөөдөр шинэ хүүхэд нэмэгдэж иржээ. Бондгор бор хүү юу хийхээ үл мэдэн гайхширан зогсоно. Харин бусад нь багшийн хэлснийг биелүүлнэ. Хүүхдүүд дасгалаа тун чамбай, хянуур хийх нь энэ спортод шимтэн дурлаж, тууштайгаар хичээллэхийг зорьсон нь илт. Тэдний ийн ажиж зогстол бага ангийн бололтой мяраалаг хүү усны малгайнаас өөр зүйлгүй нүцгэн орж ирэв. Багш түүнийг гайхаж хараад сандарсан янзтай хувцсаа өмсөхийг шаардаад эмчийг дуудлаа. Харин хүүхдүүд түүний байдлыг харж чадсангүй. Азтай хэрэг шүү. Цаг нэлээн өнгөрлөө хүүхдүүд уснаас гарах болоогүй юм болов уу гэсэн хүлээлт төрж эхлэв. 25 метрийн урттай замыг хэдэн арван удаа туулсан тэд миний бодлоор цуцмаар санагдавч ер ядарсан шинжгүй шүү. Аргагүй л спортлог багачууд болжээ. Тэдэн рүү дөхөж, заримтай нь үг солив. Тус сургуулийн “8е” ангийн сурагч А.Гарьд, А.Бат-Оргил нар “Бид өөрсдийн сонирхлоор усан спортоор хичээллэж эхэлсэн. Аав, ээж дуртай хүлээж авсанд баяртай байгаа. Сургуулийнхаа бассейнд явахаас өмнө төв бассейнд явдаг байсан. Тиймээс энэ бассейнд явахад хүндрэлтэй зүйл бага. Мэдээж сургуулийн бассейн маань цөөхөн замтай, тийм болохоор жижигхэн санагддаг ч сургууль, гэрээсээ хол явахгүйгээр усан спортоор хичээллэж чадаж байгаа маань маш том боломж юм. Ийм нөхцөл боломжоор хангаж өгсөн захирал, багш нартаа чин сэтгэлээсээ баярлаж байна. Бидний хувьд энэ спортоор удаан хугацаанд хичээллэснээр биеийн өндөр мэдэгдэхүйц нэмэгдэж байгаа” гэсэн юм.

А.Бат-Оргил бассейнд яваад зургаан сар болсон бол ангийн найз А.Гарьд нь хоёр дахь сартайгаа золгож буй аж. Энэ мэт хүүхдүүд бие биенээ спортын замд хөтөлж байгаа нь авууштай. Дараа нь бид “3д” ангийн сурагч Д.Энх-Энэрэлтэй уулзав. Тэрбээр аав, ээжийнхээ зөвлөгөөг даган бассейнд хоёр дахь сардаа суралцаж байгаа аж. Харахад бие жижиг, туранхай тул “Ядарч байна уу” гэж асуухад “Би огтхон ч ядардаггүй. Бассейнд явах маш гоё” гээд инээд алдлаа. Энэ инээмсэглэлийн ард эрүүл чийрэгунахаас болгоомжилж зөөлөн алхсаар танхимд орж ирлээ. Усан спортоор бие өсөн бойжиж байгаа нь сайхан.

14:15 цаг.

Багш хүүхдүүдийг уснаас гаргаж дараагийн ээлжээ хүлээж авахад бэлтгэн усныхаа савыг авч, балга ус амсаад хичээлд ашиглаж байсан хэрэглэгдэхүүнүүдийг зориулалтын саванд нь буцааж хийв. Үйлчлэгчид сурагчдыг усан сангаас гарч ирсний дараа болон орохоос өмнө аль болох хурдан шаламгай хөдөлж, шалан дээрх усыг шавхаж цэвэрлэхийг хичээнэ. 14:20 цагийн үед орж ирсэн ээлжийнхэн ахлах, дунд ангийн сурагчдаас бүрдсэн байв. Хүүхдүүд усанд шумбахаасаа өмнө “Андаа усанд биеэ чангалж болохгүй шүү” гэж бие биедээ зөвлөн захих нь эерэг, зөв хандлагыг эрхгүй түгээх юм. Хичээл ийн үргэлжилж байтал дунд эргэм насны эрэгтэй орж ирлээ. Түүнийг зарим сурагчид таньдаг бололтой “Багш аа, багш аа” гэж дуудаад гараараа даллан мэндэлнэ. Дасгалжуулагч багш “За хантааз өмсөхөө больсон уу” гэж асуувал “Юу ярина вэ, өмсөнө өө, өмсөнө” гэж хариулцгаана. Хөнгөн атлетикийн багш Д.Эрдэнэбаатар нь бассейнд гурав дахь удаагаа ирж байгаа нь энэ юм. Олон улсын завь жолоодогчдын тэмцээнд орохоор болсон тул усанд биеэ дасгахын тулд явж байгаа юм байна. Тэрбээр “Усанд сэлж сурна гэдэг үнэхээр хэцүү юм байна лээ” гэж шогшрон өгүүлээд хүүхдүүд уснаас гарахаас өмнө явах хэрэгтэй байгаагаа учирлан шүршүүр лүү гүйх шахам одов. Энэ ээлжийнхэн их сайн сэлэх бөгөөд өмнөх ангийнхныг бодоход олон төрлийн сэлэлтийн арга барилыг ашиглаж байв.

15:15 цаг. Хичээлийн цаг дууслаа. “Баяртай багшаа” гэх хүүхдүүдийн дуу танхимыг цуурайтуулна. Ж.Цолмон багш усан сэлэлтийн спортоор хичээллээд 10 гаруй жилийг ардаа үдсэн бөгөөд сургуульд багшлаад удаагүй байгаа юм. Тэрбээр “Гоймон гэж нэрлэдэг хатуу хөөсөнцөр нь цээжийг босоо байлгахад зориулагдсан. Харин хөлийн хавчуурга нь гарын дасгал хийхэд болон гартаа барьж хөлийн дасгал хийхэд хэрэглэдэг. Самбар буюу нимгэхэн хавтан нь хөлийн дасгал хийж, урсгал сөрж явахад хэрэгтэй хэрэглэгдэхүүн юм” хэмээн нэг нэгэнгүй тайлбарлаж өглөө. Усан спортыг дунд ангийн хүүхдүүд хурдан сурч, хөгждөг болохыг багш ажигласан гэдгээ ч хэлж байв.

Усан сэлэлт нь мэлхий, өврөөр даллах, араар даллах, эрвээхэй сэлэлт гэсэн төрлүүдтэй аж. Хүүхэд болгоны сурах чадвар янз бүр байдаг бөгөөд зургаан сарын хугацаанд эхний гурван сэлэх чадварыг сурах боломжтой гэнэ. Ердөө нэг сарын хугацаанд усан спортоор хичээллэхэд усанд дасаж, живэхээргүй болдог бөгөөд спортын анхан шатны суурь техникүүдийг хангалттай сурдаг байна. Ж.Цолмон багш “Одоогоор хүүхдүүд маань ямар нэгэн тэмцээнд орохоор хэмжээнд бэлтгэгдэж амжаагүй байна. Гэхдээ дараа жилээс цөөн хүүхдийг тэмцээнд орж, амжилт гаргах боломжтой гэж харж байна” гэсэн юм. Багшийн найдвар талаар болохгүй гэдэг нь ч тэдний багачуудаас илхэн харагдсан.

33 дугаар сургууль усан бассейнтай болсон зорилгуудын нэг нь усан спортын төрөлд шилдэг тамирчидтай болох аж. Тиймдээ ч уг спортоор хичээллэх дур сонирхолтой өөрийн сургуулийн сурагчдад маш хөнгөлөлттэй үнээр үйлчилдэг юм билээ. Тодруулбал, хүүхэд нэг сард найман удаа хичээллэхэд 40 мянган төгрөг. Харин өөр сургуулийн хүүхдүүд 50 мянга, суралцах сонирхолтой насанд хүрэгчид 60 мянган төгрөгөөр суралцдаг аж. Харин өөрийн сургуулийн багш нар үнэгүй хичээллэдэг юм билээ.

Хичээл ч завсарлаж бидний сурвалжлага өндөрлөв. Өглөөнөөс орой хүртэл нээлттэй усан бассейны үйл ажиллагаа энэ сургуульд тогтсон стандартын дагуу нямбай хэрэгжиж байгаа нь сайшаалтай. 33 дугаар сургууль энэ мэт багш, сурагчдын эрүүл мэндэд эерэг, хэрэгтэй бүтээн байгуулалт хийсэн нь улсын ерөнхий боловсролын сургуулиуд дундаа үлгэр жишээ болж чаджээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид