Улаанбаатар 1c

Номын урамшуулал, хямдралтай худалдаа хэл соёлыг сэргээхэд нөлөөллөө

“Бидний унших, бүжиглэхийг битгий хоригло, энэ хоёр нь дэлхий ертөнцөд ямар ч хоргүй цэнгэл юм” гэж Францын философич Франсуа Вольтер хэлсэн байдаг. Тийм шүү. Ном уншаад буруу замаар орсон хүн гэж ер үгүй биз. Чухамдаа зөв, сайныг олж унших нь ихээхэн ач холбогдолтой билээ. Картын бараанд дугаарлаж байх үеийг санагдуулам үзэгдэл “Аз хур”, “Интерном” номын дэлгүүрийн хямдрал, урамшуулал зарласан өдрүүдэд илт харагдлаа. Энэхүү дүр зургийг оюуны хувьсгал гэж нэрлэмээр. Номын ач тусыг өөр юутай ч зүйрлэж боломгүй. Номоос олж авсан мэдлэг бидний оюун тархинд шингэж хаана ч, хэзээ ч хэрэглэж болох мэдлэг өгдөг нь юутай сайхан гээч. Ийнхүү мэдлэг оюуны хувьсгалыг илэрхийлсэн монголчууд өнгөрсөн долоо хоногт “Аз хур”, “Интер ном” номын дэлгүүрийн хаалгаар баяр хөөртэйгээр гарч байсныг хүн бүхэн харсан байх аа. Тус дэлгүүрүүдийн хямдрал, урамшуулалтай худалдаа цөөхөн хоног үргэлжилсэн. Нэгэн цагт ном уншдаг хүн багаслаа гэх шүүмжлэл байсан боловч өнгөрсөн долоо хоногийн ном худалдан авах гэсэн иргэдийн урт цувааг хараад өөрийн эрхгүй цаг өөр болсныг мэднэ. Сүүлийн жилүүдэд ном худалдан авах, зохиол бичих хүмүүс нэлээд нэмэгдэж уг салбарт шинэ урсгал, хэв маяг орж ирж байгаа. Бид шинээр гарсан сайн бүтээлийг номын сандаа нэмэхийг хүсдэг болсон. Тиймдээ ч номын дэлгүүрүүдийн хямдралтай үйл ажиллагааг орхигдуулж яасан ч болохгүй.

Хэл соёлын үргэлжлэл болсон “Аз хур”-ын хямдрал

“Аз хур” номын их дэлгүүр төв салбартаа 72 цаг 72 хувь хямдралтай үйл ажиллагааг энэ сарын 17-ний 09.00 цагаас 20-ний 09.00 цаг хүртэл зохион байгуулав. Хямдрал зарласан өглөөнөөс номын урамшуулал, хямдралтай худалдаа хэл соёлыг сэргээхэд нөлөөллөө ном худалдан авах гэсэн иргэд тус дэлгүүрийн үүдээр дүүрэн байлаа. Дэлгүүр 16 кассаар нийт 210 ажилтан ажиллаж номонд дурлагсдадаа хурдан шуурхай үйлчилсэн билээ. Хөгжлийн бэрхшээлтэй болон хүндэтгэх шалтгаантай хүмүүст тусгайлан үйлчлэх зэргээр номын худалдаанд соёлтой үйлчилгээг ихэд чухалчилж зохион байгуулалттай ажилласан. Мөн түүгээр зогсохгүй онлайн захиалгаар худалдаа хийх боломж гаргаж түүнийгээ энэ долоо хоногоос тарааж эхэлж байгаа юм. Тэдний ажил уншигчдын цангааг тайлж чадсан гэдэгтээ хүн бүхэн санал нийлэх биз. “Аз хур” их дэлгүүрийн менежер Р.Эрдэнэболдоос тус үйл ажиллагааны тухай тодрууллаа.

-72 цаг 72 хувь хямдралтай үйл ажиллагаагаар нийт хэчнээн ном зарагдаж, хэдэн хүнд үйлчилсэн бэ?

-Өнгөрсөн долоо хоногийн үйл ажиллагаа дууссанаар онлайн захиалгаар дамжуулж ном авсан үйлчлүүлэгчдээ хүргэлтээр үйлчилж, орон нутгууд руу явуулах гээд нэлээд ажил үлдсэн байгаа. Тиймээс нийт тоо баримтыг гаргаж амжаагүй байна.

-Ихэвчлэн ямар төрлийн ном эрэлттэй байв?

-Уран зохиол болон хүүхдийн ном эрэлт ихтэй байлаа. Тодруулбал, хорь дугаар зууны роман, туужуудыг авч байсан иргэд их. Ер нь заавал унших ёстой номыг хэрэглэгчдэд зориулж тусгайлан хямдруулсан тул борлуулалт сайтай байсан. Мөн иргэдийн ном худалдаж авах сонголтод ажиглалт хийхэд ямар ном хэдэн хувь хямдарсан байгаагаас шалтгаалан ихэвчлэн 50-70 хувийн хямдралтай ном их зарагдаж байгаа нь анзаарагдсан.

-Хэдээс хэдэн цагийн хооронд үйлчлүүлэгчдийн ачаалал багасав?

-Манай үйл ажиллагаа өнгөрсөн баасан гарагийн өглөөний 09.00 эхэлсэн. 72 цагийн турш тасралтгүй ажиллахад шөнийн 02.00-04.00 цагийн хооронд арай багасч байна.

-Танай байгууллага уг үйл ажиллагаагаараа дамжуулан зорьсон үр дүндээ хүрч чадсан уу?

-Худалдан авагчдаа аль болох хангалттай, хүртээмжтэй байлгах үүднээс номоо нөөцөлж бэлдсэн. Тийм ч учраас хэрэглэгчдэд хүртээмжтэй байж чадсан. Харин сүүлийн өдөр 72 хувийн хямдралтай номнуудын нөөц бага зэрэг багассан. Гэхдээ хүн болгонд хэрэгтэй бүх номоор нь бүрэн хангаж чадсандаа баяртай байгаа. Мөн бид бодитой хямдрал зарлаж чадсан. Энэ нь уг үйл ажиллагааг зохион байгуулж байх үед хэлж буй үйлчлүүлэгчдийн сэтгэгдлээс харагдсан. Хэрэглэгчид болон манай байгууллага гурав хоногийн хямдралтай үйл ажилагаандаа сэтгэл хангалуун байгаа.

Тэдний үйл ажиллагаа ном уншдаг хүн бүхний шуналыг төрүүлж байсан нь сошиал ертөнц болон “Аз хур” их дэлгүүрийн гадаах дүр зургаас тодхон харагдсан. Хэрэглэгчдийн номын сонголт хуучны зохиолчдын тууж, роман, өгүүллэг зэрэгт чиглэсэн нь үндэсний хэл соёлын сэргэн мандалтад ихээхэн хувь нэмэр оруулах аж. Зарим номыг үнэрлэхээр, заримыг амсахаар бүтээсэн байдаг бол цөөхнийг нь зажлахаар, цаашлаад шингэхээр бүтээсэн байдаг гэдэг. Үүний адилаар хуучны зохиолчдын зохиол бүтээлийг уншихад орчин үеийн залуусын мэдэхгүй үг хэллэг нэлээд гарч ирдэг. Энэ нь өнөө цагийн монголчуудын хэл ярианы баялаг цөөн үгэнд эргэлдэх болсныг илтгэж байгаа юм. Тэдгээр номыг албан хүчээр бус өөрийн дур сонирхлоор худалдан авч буй иргэд өв соёлоо тээж үлдэх гол хөшүүргийн нэг болж байгаа юм.

“2+1” “интерном”-ын нүдээ олсон урамшуулалт худалдаа

Харин “Интерном”-оос “2+1” буюу өөрийн хүссэн гурван номоо аваад хамгийн бага мөнгөн дүнтэй нэг номоо үнэгүй авах урамшуулалт үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөсөн. Мөн л цагаа олсон өвөрмөц арга хэмжээ байлаа. Уг урамшуулалт худалдааг бүх салбар дэлгүүрүүддээ зарласан нь урт дараалал үүсгэсэнгүй. Урамшуулалт худалдааны үеэр ном бөөндөж авах иргэд их байсан нь кассын хэсэгт хүлээлттэй байсан юм. Тус дэлгүүрийн хүний нөөцийн менежер С.Чингэс “Бид нийлүүлэгчдээсээ зөвшөөрөл авч, уг ажиллагааг дэмжсэн нийлүүлэгчдийн номыг урамшуулал маягаар зарж борлуулаад амжилттай өндөрлөлөө. Байгууллага сар болгон төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулах ёстой байдаг. Жишээлбэл, нэг сард нь шинэ номоо сурталчилах, зорилтот хэрэглэгчдэд хөнгөлөлттэй худалдах гэх мэтчилэн үйл ажиллагааг төлөвлөдөг. Үүнтэй адил таван сарын төлөвлөгөөт ажлын нэг нь уг үйл ажиллагаа байлаа” гэсэн юм. Гэхдээ “Аз хур” номын дэлгүүрийн адилаар хэрэглэгчдийн хэрэгцээг хангах үйл ажиллагааг хэн хэн нь амжилттай зохион байгууллаа.

Энэ мэт номын ач тусыг түмэнд түгээж, тэдний мэдлэгийн цангааг тайлахын тулд зохион байгуулж буй үйл ажиллагааны үр дүн хамгаас чухал юм. Нэг үеийг бодоход номын дэлгүүр рүү зорьдог иргэд олон болж байгаа нь сайшаалтай. Тэр дундаа хуучны зохиолчдын уран зохиол болон бусад уран бүтээлийг сонирхож, түүнийгээ цуглуулга болгон хадгалж ирээдүй хойч үедээ өвлүүлэхээр хичээж яваа уншигчид эх хэл, соёлоо хадгалж үлдэх гол суурийг тавьж байна. Номын хямдралтай худалдаанд дугаарлаж байсан номын хорхойтнууд өөрт хэрэгцээтэй байгаа бүх номоо авч чадаагүй бол өнөөдөр дахин нэг сонирхолтой арга хэмжээ болох гэж байна. Энэ бол “Номын баяр-2019” үйл ажиллагаа юм. Энэ сарын 23, 24, 25-ны өдөр төв талбайд болох бөгөөд олон олон зохиолч, найрагч, хэвлэлийн газрууд та бүхний сонирхож буй номыг хямдралтай худалдахаар болжээ. Номын хорхойтон уншигч та төв талбайг зорьж мэдлэг боловсролын түлхүүр болсон номоо сонгон аваарай.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид