Улаанбаатар 1c

С.Ганбаатар: Би МАХН-д их сайхан нутагшиж байна

Монголын улс төрийн тод нэгэн төлөөлөл болох олонд “Босоо Ганбаа”, “Үйлдвэрчний Ганбаатар” нэрээрээ алдаршсан МАХН-ын дэд дарга С.Ганбаатартай ярилцлаа.

-Сайхан зусч байна уу. Танаар сонин сайхан юутай байна. Сүүлийн 2-3 жил их чимээгүйхэн байлаа шүү дээ?

-Олон жил чимээтэй байлаа шүү дээ. 2017 онд хоёр тэрбумтанаа цохиж унагаснаас хойш бага зэрэг амарч байна. Их тулааны дараа болон ирэх тулааны өмнөх нам гүм гэмээр юм уу даа. Намын дотоод байгуулалтын асуудалд ихэнх цагаа зориулж байна. Хувийнхаа бизнесийг ч цэгцэлж, эхлүүлж байна.

-Ямар бизнес эхлүүлж байгаа юм бэ?

-Үйлдвэрчний холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн байхдаа би бизнес хийгээгүй. Одоо бол би жирийн иргэн. Чөлөөтэй бизнес хийх ёс зүйн эрх үүссэн. Шинэ бизнесээ технологийн салбарт эхлүүлж байгаа.

-Таныг хэнтийг байн, байн эргэхээр тань нөхөн сонгуульд нэр дэвших гэж байна гэж бодлоо. Ийм бодол байв уу?

-Миний арав гаруй жилийн тэмцэл зүтгэлийг Монголын ард түмэн мэддэг, үнэлдэг. Би их бахархаж явдаг. Шударга хэнтийчүүд намайг Монгол Улсыг аврах Ерөнхийлөгч болох ёстой хүн гэдэг дүн тавьсан. Монголчууддаа тэр дундаа Хэнтий нутгийнхандаа ач санаж явдаг. Үндсэн хуулиар олгогдсон эрхээ Хэнтийчүүд эдлэх ёстой. Монгол төлөөллийн ардчилалтай орон. Төрд төлөөлөлгүй Хэнтийчүүдийг өөрийн төлөөлөлтэй болгохын төлөө би ажиллаж байна. МАХН-д хэнтийчүүдийн итгэлийг даах хүн олон бий. Үүний нэг нь МАХН-ын дарга Н.Энхбаяр.

-Энэ сонгуулиар Н.Энхбаяр даргад эргэн ирэх боломж олгох эсэх нь анхаарал татаж байгаа. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?

-Мянганы замын их бүтээн байгуулалтыг эхлүүлсэн, их өрийг тэглэсэн, Тавантолгойг олигархуудаас салгаж ард түмэнд өгсөн Н.Энхбаярыг улс төрд эргэн ирснээр хамаг хулгай нь илчлэгдэж шүүсээ шахуулахаас ухаан алдатлаа айж байгаа хүмүүс Төрийн ордноор дүүрэн бий. Харин иргэд эргэн ирээсэй гэж хүсэж байна. Энэ бол миний тайлбар.

-Хэнтийн нөхөн сонгуулийг МАХН хэрхэн харж байна вэ. Нэг жилийн суудал авах нь тийм чухал гэж үү?

-Бид нэг жилийн суудал гэж харахгүй байгаа. Харин жирийн иргэд бүтэн нэг жил төрийн аливаа шийдвэрт оролцох эрхгүй, улсын төсөвт бүтэн нэг жил эрх ашгаа тусгаж чадахгүй байх нь аюултай зүйл гэж харж байна.

-Рейтингийн судалгаа хийж үзсэн үү. Ялах магадлал хэр байна вэ?

-Судалгаа хийсэн. Ялах магадлал маш өндөр гарсан. Гол нь биднийг ялахаас өөр аргагүй байдалд ортол эрх баригч намууд иргэдийг ядууруулж, зовоож, залхаасан байна.

-2020 оны сонгуулийн өмнөх сунгаа болно гэх хүмүүс ч байна?

-Тэр хүмүүсийн зөв.

-Гол өрсөлдөгчөөрөө хэнийг харж байна?

-Ажилгүйдэл, ядуурал бас “Риотинто”-г харж байна. Үндэстэн дамнасан компаниуд Монголд анх орж ирэхдээ баялгийг нь аваад оронд нь ажлын байртай, орлоготой болгоно гэсэн. Харин өнөөдөр хэдэн хөлсний нийтлэлч нарт угаадас долоолгож, биеэ үнэлэгч хэдэн улстөрчдийн гараар авлигалыг цэцэглүүллээ. Бид баялгаа өгөөд өртэй хоцрохын дээр ажилгүйдэл, ядуурлаа зузаалаад л дууслаа.

-МАХН-ын гол үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр юу байх вэ?

-Гурван гол зүйлийг онцолж хэлье. Нэгдүгээрт, төрийн дээр сандайлж суусан хулгайч улстөрчдөд хариуцлага тооцож, шоронд оруулах явдал. Үүний тулд шударга шүүгчдийг ард түмэн сонгох ёстой. Одоо бол хулгай хийх магадлалтай улстөрчид өөрийн талд ажиллах шүүгчдийг сонгодог. Үүнийг яаралтай хуульчилна. Хоёрдугаарт, эрх баригч улстөрчдийн хулгайн гол объект болон уул уурхайн баялгийг улстөрчид өөрсдөө захиран зарцуулах шийдвэр гаргахгүй байх ёстой. Уул уурхайн баялаг ард түмний дундын өмч гэж нэн түрүүнд хуульчилна. Одоо бол уул уурхайн баялаг төрийн өмч гэсэн нэрийдлээр төрд гарсан луйварчдын өмч болж байна. Ард иргэдэд ямар ч падгүй. 29 жил хулгайч улстөрчид найрлалаа. Гуравдугаарт, ажлын байрыг бий болгоно. Хэт ядуу, хэт баян гэсэн хоёр туйл руу хуваагдаж байгаа сүйрлийн байдлыг таслан зогсооно. Хүчирхэг дундаж ангийг Монголд бий болгоно.

Монголыг сүйрүүлж хулгайлсан миний дайснууд бие биенээ устгаад удахгүй дуусна

-Та “Би монгол улсын ерөнхийлөгч болно” хэмээн зарлаж байсан удаатай. Тухайн үед ХҮН бүтэлгүйтсэн ч МАХН танд ерөнхийлөгчид нэр дэвших боломж олгосон. Гэвч та ялагдсан шүү дээ. Өөрөөр хэлбэл, УИХ, ерөнхийлөгчийн сонгуульд ээлж дараалан ялагдал хүлээсэн. Энэ таны хувьд бодит ялагдал мөн үү. Эсвэл та хувь улстөрчийнхөө хувьд урагшлах замд таардаг байх л ёстой саад бартаа гэж харж байна уу. Энэ ялагдал танд ямар нэгэн зүйл ухааруулсан уу?

-Би ялсан. Тэд луйвардсан. “Сайн зүйлд садаа мундахгүй” гэж монгол үг бий. Би сайн үйлс хийж байгаа юм байна гэсэн үг. Энэ саад бартаа надад их зүйл ухааруулсан. Монголчууд маань үнэний төлөө 13 жил цуцашгүй яваа намайг ойлгосон, дэмжсэн, хайрласан. Дорнодын буриад сумдууд, Дархадын сумдууд, олон монгол ахан дүүс маань намайг дэмжсэн. Хоёр тэрбумтны сонгууль худалдаж авах гэсэн мөнгө, цагдаа, шүүхийн байгууллагын дарамтан дор Монголын хагас сая хүн намайг дэмжиж ялуулсан. Ард түмэн агуу гэдгийг улам их ухааруулсан.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхлэхийн өмнө солонгос иргэнээс 50 сая вон авсан гэх сенсаци дэгдсэн. Энэ асуудал юу болсон бэ. Энэ таны рейтингэд муугаар нөлөөлж байсан шүү дээ?

-Хулгай хийхээс гуйх нь хамаагүй дээр. Дээрэмдэхээс бүр ч илүү. Миний тэрбумтан өрсөлдөгч нарт Монголын ард түмнээс хандив гуйх шаардлагагүй байсан. Тэд аль хэдийн иргэдээс, төсвөөс дээрэмдээд авчихсан байсан. Миний давуу тал бол Монголын ард түмнээс гуйх нүүртэйд байгаа юм. Тэгээд би ард түмнээсээ хандив гуйсан. Солонгос хүнээс ямар ч мөнгө аваагүй ээ. Тагнуул шүүхтэйгээ нийлж намайг гүтгэсэн. Миний талаар сонгуулийн өмнө баахан сенсаци гардаг. Сонгууль дуусангуут хэргээ бүтээсэн мэт таг болдог. Энэ талаар тагнуул, хууль шүүхийнхнээс та нар асуух цаг нь болсон.

-Та ер нь тэр үйл явдалд харамсдаг уу?

-Огт харамсдаггүй. Тэр биш юм аа гэхэд өөр гүтгэлэг дайснууд олоод зохиочихно. Тэдэнд тагнуул, шүүх, прокурор, АТГ, үндэстэн дамнасан уул уурхайн бүлэглэлийн дэмжлэг, пиарын арми ч байгаа. Гэхдээ өвөг дээдсийн минь тэнгэр намайг үргэлж дэмждэг. Монголыг сүйрүүлж хулгайлсан миний дайснууд бие биенээ устгаад, удахгүй дуусна аа.

-Та МАХН-д хэр нутагшиж байна вэ. Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтран ажиллахад ямар байна. Энэ намд таны нөлөө аль түвшинд байгаа вэ?

-Би их сайхан нутагшиж байна. Монголын төлөө хатуу ширүүн тэмцэл хийж, хатаагдсан, шалгарсан хүчирхэг тэмцэгчид МАХН-нд байдаг аа. Аядуу зөөлөн, хат суугаагүй хүмүүс нь аль хэдийн арилаад өгсөн. Н.Энхбаяр гэдэг хүнтэй хамтран ажиллах нь нэр төрийн хэрэг юм.

Ард түмэн намайг насан туршдаа ганцаардсан чоно шиг тэмцээрэй гэж захиагүй. 

-Ард түмэн таныг бие даагч гэдэг өнцгөөр харж, үнэлдэг байсан. Аль нэг нам, улс төрийн бүлэглэлд үйлчлэхгүй юм байна гэж үнэлдэг байсан байх. Гэтэл та нам байгуулж даргаар нь очсон. Тэр нь бүтэлгүйтэж, МАХН-д очсон шүү дээ. Энэ нь таныг гэх ард түмний итгэл үнэмшил саарсан байж болзошгүй юм. Үүнд та ямар тайлбар хэлэх вэ?

-Бие даагч гишүүн байсан. Гишүүн байх дөрвөн жилийнхээ хугацааг бие даагчаараа өндөрлөсөн. Бие даагч гишүүний нэр төрийг өндөрт өргөж ажилласан. Ямар сайндаа 76 бие даагч гишүүн байх нь дээр юм гэдэг яриа гарч байх вэ дээ. Гэхдээ ард түмэн намайг насан туршдаа ганцаардсан чоно шиг тэмцээрэй гэж захиагүй. “Аль нэг эрх баригч намд худалдагдав” гэж захиж байсан. Эрх баригч намуудаас “Сайд болооч” гэсэн саналыг надад тавьж байсан. Монголыг өрөнд оруулж байгаа хулгайч эрх баригч нартай тэмцэхийн тулд хүч хавсран гол сөрөг хүчин МАХН-д орсон. Иргэд намайг дэмжиж байгаа гэдэгт итгэлтэй байна. 2017 оны ялалт үүнийг гэрчилнэ.

-МАХН-ын дарга Н.Энхбаяр сонгууль болгонд бүдрэх болсон. Монгол улсын төрийн тэргүүн ч байж үзсэн хүн. Бас хэцүү нэртэд ч сууж байсан. Та ямар итгэл үнэмшлээр энэ хүнийг дэмжих болов?

-Та нарын бодлоор Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч ямар ч сонгуульд бүдрэхгүй, Анхны Ерөнхийлөгч шигээ Тавантолгойн хувь эзэмшигч болчихоод сууж байх нь дээр үү. Эсвэл хоёр дахь Ерөнхийлөгч шигээ Оюутолгойн ТУЗ-д жилдээ хагас сая ам.доллар аваад ямар ч сонгуульд бүдрэхгүй байх нь дээр үү. Эсвэл дөрөв дэх Ерөнхийлөгч шигээ уран зургийн наймаачин болох нь дээр юм уу. Харин Н.Энхбаяр дарга сонгуульд бүдэрсэн ч, хэцүү нэртэд суусан ч итгэл үнэмшлээ алдаагүй. Энэ эр зоригийг нь би хүндэлдэг.

-МАН УИХ-д олонх болсноор монголын хууль, бодлого ямар ч хяналтгүйгээр батлагдаж байна. хэдийгээр сөрөг хүчин байгаа ч тэд жулдаж байх шиг. Энэ тохиолдолд мэдээж иргэний нийгмийн дуу хоолойг ард түмэн үгүйлдэг. Та иргэний нийгмийн нэгэн том төлөөлөл болж явсан үе бий. Улстөрч болчихсон хүнийг гудамжид эргэж ирээч гэж хэлэхэд эвгүй л байх. Гэхдээ төв талбайдаа эргэж ирээч гэвэл та очих уу?

-Очилгүй яах вэ. Харин иргэд нь гэрээсээ зурагтныхаа удирдлагыг орхиод гарч ирж чадахгүй бол миний дайснууд хагартлаа баярлана. Тэднийг баясгаж болохгүй. Биднийг жагсаж, өлсөж явахад олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглаж элдвээр доромжилж, цагдаа нараар нухчин даруулах гэж улайрдаг байсан. Харин одоо зарим нэг жагсаалыг цагдаа нар хамгаалан жагсдаг болжээ. Бас зарим олигархийг ТВ магтан дуулдаг болсон байна.

-Өнөөдрийн УИХ, Засгийн газар хэрхэн ажиллаж байна гэж та харж байгаа вэ?

-Онцгой шүү. Тэд үнэндээ гурван жил шоронгийн түлхүүр булаацалдлаа. Тэд Оюутолгойн гэрээг ард түмэнд ашигтай байх талаар хуруугаа ч хөдөлгөсөнгүй. Бас ажилтай орлоготой байх тал дээр юу ч хийсэнгүй.

-Хэрэв та болон танай нам ирэх сонгуульд ялалт байгуулж чадвал өөрчлөлтийг юунаас эхлэх вэ?

-Шүүгчдийг ард иргэдээс сонгодог болгоно. Шударга шүүгчид, шударга бус шийдвэр гаргагч нар хариуцлага тооцдог болгоно. Товчхондоо хэлэхэд Монгол орон улстөрч, хулгайч нарын орогнох газар, диваажин байхаа болино. Уул уурхайн баялгаар оффшор данс бий болдог биш, олон ажлын байр бий болдог болно. Өөрөөр хэлбэл, Шинэ Дээд Үндсэн хуулийг парламентаар батлуулахаас ажлаа эхэлнэ.

Би оюутолгой ордын төлөө буу барихаас бусдыг хийсэн.

 -Та УИХ-ын гишүүн байхдаа оюутолгойн гэрээнд ихээхэн шүүмжлэлтэй ханддаг байсан. Таны энэ тэмцэл амжилт олсон уу. өнөөдрийн нөхцөл байдлыг дүгнэхгүй юү?

-Би буу барихаас бусдыг нь хийсэн. Цаашид ч хийх болно. Гол амжилт бол иргэд зөв мэдээлэл авч төөрөлдөхөө больсон. 2005 онд анх Оюутолгойн асуудлыг ярихад “Жаргах замын садаа” гэж намайг хардаг байсан. С.Баяр “Оюутолгойгоос Монгол оронд өдөр бүр нэг сая ам.доллар орж ирнэ” гэж сурталдаж байв. Гэтэл өнөөдөр тэр их мөнгийг андуураад Монголын дансанд биш өөрийнхөө хувийн дансанд хийчихсэн гэдгийг Монголчууд ойлгосон. Үүнийг ард түмэндээ ойлгуулахын тулд миний эрч хүчтэй залуу насны 14 жил зориулагдсан.

-“Үнэн ба зөв” намын дарга А.Отгонбаатар гэх залуу манай сонинд ярилцлага өгөхдөө “2012 онд бидний хэдэн залуучууд Хөдөлмөрийн үндэсний намыг гарын үсэг цуглуулаад байгуулсан. Тухайн үед бид С.Ганбаатар ахад ”Та энэ намаасаа нэр дэвшээч гэсэн “Намын нэр хүнд муу байна. Ах нь бие даана. Ахыгаа л гаргачих. Тэгвэл монгол өөрчлөгдөнө. Ах нь алаад өгнө” гээд л байсан. Бид итгэхгүй яах юм. Гамбаа ах тэгж хэлж байгаа юм чинь. |Дарханаас ах гарлаа. Утсаа авахаа байсан. Тэгээд нэг гарснаа аймаар сүртэй мэдэгдэл хийнэ. Тэгээд л алга болчихно. Дөрвөн жил яваад юу ч хийгээгүй” гэж ярьсан. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Би ийм хүн танихгүй. Залуу хүмүүст хандаж хэлэхэд хүн муулснаар нэрд гардаггүй юм. Гол нь асуудал барьж ав дүү нар минь.

-Та яагаад анхнаас нь ХҮН-ыг өөрөө удирдаад, үйл ажиллагааг нь эрчимжүүлээд яваагүй юм бэ?

-Тэр үед иргэдийн дэмжлэгээр бас “Сант марал”-ын судалгаагаар хамгийн өндөр рейтингтэй улстөрч байсан. ХҮН-ыг би өөрөө байгуулсан. Залуучуудад итгэсэн. Анх намын тамга, тэмдэг, гэрчилгээг хадган дээр тавиад тэр залуусд гардуулж өгсөн. Би шинэ үеийн залуучуудад сайн сайхныг хүсэж байна. Би хаана ч байсан иргэдийнхээ төлөө зөв улс төрийг хийж чадна.

-МҮЭХ-той холбоотой байгаа юу?

-Тэгэлгүй яах вэ. Би зургаан жил маш сайхан хамт олныг удирдаж ажилласан. Тэднээсээ ихийг сурсан.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид