Улаанбаатар 1c

Л.Энхболдын популизм Өмнөговьчуудын орлогыг гурав дахин бууруулжээ

Биднийг “Эрдэнэс Тавантолгой” компани дахь 1072 хувьцаагаа анхаарч суух хойгуур “Жижиг” хэмээн нэрлэж заншсан орон нутгийн өмчит “Тавантолгой” компани 2018 оны цэвэр ашгаасaa нэгж хувьцаанд 853 төгрөг буюу нийт 44.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тараасан нь хөрөнгийн зах зээлийн шинжээчдийн гайхшралыг төрүүлээд байна. Учир нь тус компани 2017 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаа тутамд 2410 төгрөг, нийт 126.9 тэрбум төгрөгийн ногдол ашиг тарааж, бусад уул уурхайн компаниудаа хөлдөө чирч байлаа. Гэвч энэ жил өмнөговьчуудын хүртэх өгөөж 80 гаруй тэрбум төгрөг буюу гурав дахин буурчээ. Тиймээс “Нүүрсний үнэ тогтмол өсөлттэйн дээр экспортын хэмжээ ч тэлж байгаа үед “Тавантолгой” хувьцаат компанийн ашиг, иргэдэд хүртээх өгөөж яагаад огцом буурав” гэдэг асуулт хөрөнгө оруулагчдын дунд хөврөх боллоо. Тэгвэл уг асуултын хариултыг хаа холын дэлхийн зах зээлийн ханш, Хятадын гадаад худалдааны бодлогоос хайх хэрэггүй нь. Харин манай улс төрд нэвчээд байгаа нөгөө л популизм, үнэн бодит мэдээлэлгүй улстөрчийн хий хоосон мэдэгдлүүдтэй холбож болно. 2016 оны парламентын сонгуулиар Өмнөговь аймгийнхны итгэлийн хүлээн УИХ-д сонгогдсон Л.Энхболд өнгөрсөн оны хавраас эхлэн өмнөговьчуудын орлогын гол эс үүсвэр болсон Тавантолгойн баялаг, тэр дундаа “Тавантолгой” компанитай холбоотой улс төр хийж эхэлсэн байдаг.


Тэрбээр орон нутгийн “Тавантолгой” болон “Эрдэнэс-Тавантолгой” компаниудын лицензийн талбайн мөргөцгөөс 268 мянган тонн нүүрс хулгайд алдагдсан гэх мэдэгдлийг удаа дараа хийсэн юм. Удалгүй хулгайлагдсан гэх 268 мянган тонн нүүрсний эрэлд улс даяараа мордож билээ. Тэр даруй гишүүний мэдэгдэлд гол хохирогчоор нэрлэгдсэн “Эрдэнэс-Тавантолгой” компанийн нэр бүхий албан тушаалтан худлыг залруулж, “Гишүүний мэдэгдлийг олж үзсэн. Манай компани болон “Тавантолгой” ХК хооронд нууц гэрээ байгуулж, хараа хяналтгүйгээр нүүрс гаргасан талаар ташаа мэдээлэл гарсан байна. Манай компанийн Цанхийн Зүүн уурхай урд хэсгээрээ “Тавантолгой” ХКийн дөрөвдүгээр уурхайтай хиллэдэг. Зүүн Цанхид манай инженер, техникийн ажилчид 24 цагаар хяналт тавьж ажиллаж байгаа. Тэгэхээр хараа хяналтгүй нүүрс гаргуулна гэдэг ямар ч боломжгүй зүйл. Олборлосон нүүрс болон нөөцийн мэдээллээ тухай бүрд нь Ашигт малтмал газрын тосны газар болон Мэргэжлийн хяналтын газарт өгч хянуулдаг.

Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нь 1966 оноос хойш, манай компани 2011 оноос Тавантолгойн бүлэг ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулж байна. 2010 онд Тавантолгойн ордын найман талбайн лиценз манай компанид мэдэлд ирснээс хойш хамгийн түрүүнд хил хязгаараа тогтоож, тэмдэглэл хийсэн. Түүнээс хойш “Тавантолгой” ХК манай лицензийн талбайгаас нүүрс олборлосон асуудал байхгүй. Түүнээс өмнө зарим нөөц хөндөгдсөн байдаг. Энэ асуудлыг эцэслэж “Эрдэнэс-Тавантолгой” ХК болон “Тавантолгой” ХК-ийн хооронд 2017 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр №ЭТТ2017/019 тоот “Хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Ямарч нууц зүйл байхгүй” гэж байсан юм.

Улмаар Сангийн яам тэргүүтэй хэд хэдэн яам, Мэргэжлийн хяналтын газраас авахуулаад хууль хяналтынхан нэгдэн шалгалт хийх нэрээр тус компанийн борлуулалтыг хоёр сарын хугацаанд гацаасан байдаг. Харин энэхүү үйл ажиллагаа нь Өмнөговь аймаг төдийгүй улсыг ч алдагдалд оруулах үр дагавартай байж таарсан. Хэрэв “Тавантолгой” компанийн үйл ажиллагааг хоёр сарын хугацаанд гацаагаагүй бол сая тонноор хэмжигдэх нүүрс олборлон борлуулж, 108.8 тэрбум төгрөг олох боломжтой байжээ. Үүнээс 23 тэрбум төгрөгийн цэвэр ашиг олж, улсад 36 тэрбум төгрөгийн татварын орлого бүрдүүлэх байсан гэх тооцоог шинжээчид гаргаж байсан юм. Энэ алдагдал компанийн нийт үнэлгээг бууруулж, “Тавантолгой”-н хувьцааны ханш Монголын хөрөнгийн бирж дээр 13 мянган төгрөгөөс зургаан мянга болтлоо унасан.

Орон нутгийн “Тавантолгой” компанийн нийт хувьцааны 51 хувь буюу давуу эрхийн хувьцааг өмнөговьчууд эзэмшдэг. Үлдсэн хэсэг нь “Ажнай” корпорац 20 хувь гэх мэтээр 1000 гаруй иргэн, аж ахуйн нэгжийн мэдэлд байдаг. Үүнээс харахад, “Тавантолгой” хувьцаат компанийн орлого өсвөл өмнөговьчууд хамгийн их ашиг хүртдэг. Эсрэгээрээ компанийн үйл ажиллагаа доголдвол, өмнөговьчууд хамгийн их алдагдал хүлээдэг байна. Хамгийн харамсалтай нь, улс орон нутаг алдагдал хүлээгээд зогсохгүй гадаадын хөрөнгө оруулалт ус агаар мэт хэрэгтэй байгаа Монгол Улсын нэр хүндийг олон улсад сэвтээсэн явдал. УИХын гишүүн Л.Энхболдын хортой мэдэгдэл гадаадын хөрөнгө оруулагчдад ч муу мессеж болж хүрсэн. Монголын хөрөнгийн биржид хамгийн олон гадаадын хөрөнгө оруулагч хувьцааг нь эзэмшдэг буюу 23 улсын төлөөлөл хөрөнгө оруулсан компани бол орон нутгийн өмчит “Тавантолгой”. Энэ утгаараа гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн ихээр татсаар ирсэн. Гэтэл Л.Энхболд гишүүний мэдэгдлийн уршгаар тэдний орлого буурч, улмаар монгол компаниудад итгэл алдрах болсон гэдэг мэдээлэл байгаа.

Өнгөрсөн оны санхүүгийн үзүүлэлтийг нь аваад харахад, ингэж дүгнэхээс ч өөр аргагүй юм. “Тавантолгой” компани өнгөрсөн онд таван сая тонн нүүрс олборлон борлуулахаар төлөвлөсөн боловч үйл ажиллагааг нь гацаасны улмаас ердөө 1.8 сая тонныг борлуулжээ. Ингэснээр өнгөрсөн жилийн санхүүгийн төлөвлөгөөнийх нь биелэлт 50 хүрэхгүй хувьтай гарсан байна. Нүүрсний ханш өндөр өсөлттэй байгаа үед борлуулалтын үйл ажиллагааг зогсоосон явдал компанид төдийгүй улсад нэн хохирол учруулсан нь үүнтэй холбоотой аж. Угтаа бол нүүрс алдагдсан гэгдэх мөргөцөгт агуулагдаж буй 268 мянган тонн нүүрсний 200 мянган тонн нь саажсан, исэлдсэн, сул коксжих буюу чанарын шаардлага хангаагүй болохыг анхлан “Тавантолгой” болон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн маркшейдерийн баг гараад дүгнэсэн байдаг аж.

Мөн мэргэжлийн хяналтын байцаагчид хоёр уурхайн хил буюу мөргөцөг хэт өндөр болсон тул хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг сахих үүднээс хамтран буулгах шаардлагыг 2012 оноос хойш жил бүр “Тавантолгой” болон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлагуудад албан бичгээр сануулж байжээ. Үүнээс гадна олборлолтод хяналт тавьдаг ашигт малтмалын газрынхан болон хилээр гарахад нь хяналт тавьдаг гаалийнхан аль аль талаасаа 268 мянган тонн битгий хэл нэг ч кг нүүрс хараа хяналтгүйгээр гаргах боломжгүй гэдгийг хэлж байгаа. Тиймээс Л.Энхболдын олон тэрбум өртөгтэй үйлдэл наад талаасаа шударга ёсны эрэл мэт харагдах ч цаад учир утгаараа 2020 оны УИХ-ын сонгуулийн нүүдэл хэмээн илчлэгдэж буй нь үнэн. Тавантолгой дахь ойрын эх сурвалжуудын хэлж буйгаар УИХ-ын гишүүн Л.Энхболдын ийм арга хэмжээ авах болсон шалтгаан нь “Тавантолгой” удирлагуудаар өөрийн гарын хүмүүсийг томилуулж, улс төрийн санхүүжилтээ босгох зорилготой хэмээн тайлбарлах хүмүүс байгаа аж. Нөгөө талаар Өмнөговь аймгаас дахин сонгогдохын тулд улс төрийн оноо авч өрсөлдөгчөө намнах зорилготой гэж харагдуулж байгаа. Учир нь “Тавантолгой” ХК нь улсдаа тэргүүлэх зэргийн татвар төлөгч бөгөөд нүүрсний экспортоосоо Өмнөговь аймагт 51 хувийн ногдол ашиг, мөн Цогтцэций сумын төсвийн 90 хувийг бүрдүүлдгээс гадна улсын хэмжээнд том татвар төлөгч, том мөнгө эргэлдүүлдэг субьект. Гэтэл өмнөговьчуудыг төлөөлөн гарч ирсэн Л.Энхболд гишүүн Өмнөговь аймгийн “мөнгөний машин”-ыг гацааснаар өнгөрсөн хугацаанд багаар бодоход л өмнөговийнхон 80 гаруй тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.

Тэгвэл ингэж улс төр хийснээс хойш түүний халааснаас нэг ч төгрөгийн гарлага гараагүй нь бас үнэн. Энэ бол ганц “Тавантолгой” компани дээр гарсан жишээ. Нийт 21 аймгийг аваад үзэхэд, компанийн үйл ажиллагаанд улс төрөөс нөлөөлж алдагдал хүлээлгэсэн тохиолдлыг нэг бүрчлэн дурдвал дуусахгүй. Тэр болгонд улс болон орон нутаг ямар нэг хэмжээгээр орлогоо алдаж байдаг. Тэгээд ч “Тавантолгой” дангаараа биш уул уурхайн салбарыг гацаана гэдэг бол манайх шиг төсвийн орлогын гурван төгрөг тутмын нэгийг энэ салбараас олдог орны хувьд улсаа хорлож буй хэрэг. Харин нэг улстөрчийн хувийн тоглолт бол хоёрдугаар асуудал байх ёстой гэдгийг популистууд ухамсарлаж баймаар юм даа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид