Улаанбаатар 1c

Өнөр өтгөн айлын тайлант өдөрлөгөөс

0-19 насны 189 хүүхэдтэй “Өнөр бүл” төв Монголын хамгийн өнөр өтгөн гэр бүлийн нэг мөнөөсөө мөн. Тус төв нь бүтэн өнчин, олдмол, хаягдмал, эцэг эх байх эрх нь хязгаарлагдсан, эцэг эхийн хайр, халамжаас гадуурх эрсдэлтэй хүнд нөхцөлд амьдарч байгаа хараа хяналтгүй хүүхдүүдийг хөгжүүлэх, хамгаалах үйлчилгээг үзүүлдэг тусч байгууллага юм. Тэд энэ сарын 22-нд бүтээлийн үзэсгэлэн болон тайлан тоглолтоо иргэдэд сонирхууллаа.

Тоглолт тусгаар тогтнолын ордонд болсон юм. Танхимын баруун хэсгийн хамгийн урд талын хоёр эгнээнд “Өнөр бүл” төвийн цэцэрлэгийн багачууд нэг суудал дээр хоёр хоёроороо нийлж суужээ. Ихэнх нь хөвгүүд учир босож гүйж, сахилгагүйтэх гэж оролдоход багш нь зэмлэн, анхаарлаа хануулах ёстойг хэлнэ. “Өнөр бүл” төвийн цэцэрлэгийн хамгийн бага бүлэг буюу “Дэгдээхэй” бүлгийн бяцхан жаалууд ах, эгчийнхээ авьяасыг үзэхээр ирсэн нь энэ юм. Тус төвийн цэцэрлэг таван багштай бөгөөд багш нар ээлжлэн хүүхдүүдийг хоногоор хардаг юм байна. Цэцэрлэгт гурван жил ажилласан Б.Гантуяатай ярилцаж байхад “хүүхдүүд өвдөх үед харж хандахад хэцүү байдаг” гэсэн юм. Тоглолт эхэлж дунд ангийн бололтой улаан эрвээхэй зангиа, цагаан цамц, улаан юбкатай охидууд, хар өмд цагаан цамцаар жигдэрсэн хөвгүүд тайзны гол жагсжээ. Тэд нуруу цэх, харц дээгүүр харж илүү дутуу хөдөлгөөн үл хийнэ. “Халуун элгэн нутаг” дууг гоцлол дуучны хамтаар донжийг нь тааруулж сайхан эгшиглүүллээ. Үүний дараа бага ангийн сурагчид тайзан дээр нэмэгдэн, Монголын поп дива дуучдын нэг С.Нарантай хамтарч дуулав. С.Наран болоод хүүхдүүдийн хоолой үзэгч олныг гайхшруулж суудлаасаа босч бүжиглэхэд хүргэв. Өнөр бүлийн 100 гаруй хүүхдүүдийн үзүүлбэр маш их сургуулилтын үр дүн гэдэг нь илт. Бидний төсөөлж байснаас илүү тоглолт болж өрнөлөө. Хүүхдүүд ч гэсэн хийх үйлдэл, дэс дараалал, тайзны соёл гээд урлагийн хүний бүхий л чадварыг цогцлоосон байв.

Жил болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээний үеэр “Өнөр бүл” төвийн ерөнхий захирал М.Өлзийчимэгийг түр саатууллаа.

-“Өнөр бүл” төвийн хүүхдүүд ямар авьяастай юм бэ гэдгийг энэхүү тоглолтоос харлаа. Үйл ажиллагааг зохион байгуулсан танд талархмаар байна. Энэхүү арга хэмжээний ач холбогдлыг танилцуулаач?

-Баярлалаа. Бид урлагаар дамжуулан хүүхдүүдийг нийгэмшүүлэх зорилгоор жил болгон тайлант өдөрлөг зохион байгуулдаг. Хүүхдүүдийн сэтгэл зүйд эерэг хандлага авчрахад урлаг, уран сайхан, уран зураг маш их нөлөөлдөг. Сүүлийн үед хүүхэд хүчирхийллийн хэргүүд нэлээдгүй гарах болсон. Тиймээс өнөөдрийн тоглолт хүчирхийллээс ангид орчинд хүүхдүүд яаж хөгжиж болдог вэ гэдгийг харуулах зорилготой. Үүгээрээ нийгмийн ямар давхаргад амьдарч байгаагаасаа үл хамааран халуун дулаан гэр бүлд хүүхэд маш сайн хөгжиж болдог юм шүү гэсэн хандлагыг эцэг, эхчүүдэд хүргүүлэх гэсэн юм.

-Жил болгон өөр өөр уриалга гаргаж энэхүү үйл ажиллагааг зохион байгуулдаг гэсэн үг үү?

-Зарим тоглолт үзэсгэлэнгээ “Өгөх нь авахаасаа илүү”, “Хог бол баялаг” гэх мэтчилэн нэрлэж тэр чиглэлээ дагнан арга хэмжээ зохиодог бол энэ жилийн тайлант өдөрлөг маань Хүүхэд хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан “Хүчирхийллийн эсрэг хамтдаа тэмцэх” гэсэн сэдвийн дор зохион байгуулж байгаа юм. Энэ нь урьд өмнө сонсогдож байгаагүй хэргүүд олон гарах болсонтой холбоотой. Эцэг эхийнхээ хайран дунд умбаж байх ёстой хүүхдүүд манай төвд байгаа нь тийм сайн зүйл биш. Тэгэхээр цаашид гэр бүл салалтыг багасгах хүүхдийн хүчирхийллийг багасгах зорилгоор дуу хоолойгоо нэгтгэж, асрамжийн газарт ирэх хүүхдүүдийн урсгалыг багасгах хэрэгтэй байна аа гэдгийг олон түмэнд хэлэх хэрэгтэй байна. Чухамдаа манай тайлант өдөрлөгийн үйл ажиллагааг үзсэн хүмүүс их зүйл ойлгож ухаарна. Эдгээр хүүхдүүдийг харахаар үнэхээр өрөвдмөөр байдаг.

-Өнөөдрийн тоглолтод ирсэн хүмүүсийг харахад оюутан, гэр бүлүүд гэх мэт нийгмийн бүх л төлөөллийг хамруулсан юм шиг. Эдгээр иргэдэд урилга хүргүүлдэг үү?

-Бид ажилчдынхаа гэр бүл, найз нөхөд, хамтарч ажилладаг байгууллагуудаа урьдаг. Мөн манай тоглолтыг үзэх сонирхолтой хүмүүст билетээ борлуулдаг. Борлуулалтын орлогыг тоглолтод оролцсон хүүхдүүдийн дансанд хийдэг ажлыг өнгөрсөн жилээс санаачлан хэрэгжүүлж байна. Тийм их биш ч гэлээ өнгөрсөн жил таван мянган төгрөг хүүхэд болгоны дансанд хийсэн. Бэлдэж буй хүүхдүүдийн хувцас, бүжгийн багш, дуучин урих зэрэг зардал нэлээн гардаг ч хүүхдүүдээ бага ч болов урамшуулахыг хичээж байна.

-Яг өнөөдрийн байдлаар танай байгууллагад тулгарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна?

-Хэдийгээр бид улсын төсвөөр үйл ажиллагаа явуулдаг ч дутагдах зүйл нэлээн байдаг. Хүүхдүүд маань “Өнөр бүл” төвдөө амьдраад зогсохгүй дугуйланд хамрагдах сонирхолтой байдагч хүүхэд болгоныг төлбөртэй дугуйланд хамруулах боломжгүй. Их л удаж нэгээс хоёр хүүхдийг хамруулна. Мөн унааны асуудал байна. Ер нь л яриад байвал олон асуудал байгаа учир үүнийг тусгайлан ярьж цааш нь түгээмээр байна гэлээ.

Бид тайзны хажуу дахь бэлтгэлийн өрөөнд очиж хүүхдүүдийг ажив. Яг энэ үед “Өнөр бүл” төвд амьдарч байсан бололтой охин танхимд ирээд багш нартаа мэхийн ёсолж, үнсүүлээд “ШУТИС-ийн КТМС-д суралцаж байгаа” гэж бардам өгүүлээд хамт амьдарч байсан дүү нараа тэврэн үнсэнэ. Тэдний дунд маш сайн бүжиглэдэг дунд ангийн халимаг үстэй охиныг давхар биетэй багш дуудаж уулзахдаа “Миний хүү салхи шуурга мэт дүүлэн нисээрэй, багш нь хайртай шүү” гээд үнсэхэд охин ч талархан “Хайртай шүү” гэж тэврэлдэнэ. Энэ үзэгдлийг харсан миний сэтгэл ч өөрийн эрхгүй аз жаргалаар дүүрлээ. Тээж төрүүлээгүй ч хайрыг харамгүй түгээж буй “Өнөр бүл”-ийн багш нар олон хүүхдийн сайн ээж, аав нар юм байна.

“Өнөр бүл”-ийн сурагчид хэнээс ч дутахгүй авьяастай, чадвартай гэдгийг хүн бүхэн ам амандаа магтан ярьж байв. Халуун хайр, бүлээн сэтгэлийг багш, найзуудаасаа мэдэрдэг тэдний сэтгэл зүрх олны хайр халамжинд жаргалтай байдаг нь тодхон харагдана. “Өнөр бүл” гэсэн нэрээр овоглосон авьяаслаг, бүтээлч хүүхдүүдийн ирээдүй амжилт бүтээлээр дүүрэн байх нь дамжиггүй биз ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид