Улаанбаатар 1c

Дэлхийн миссийн титэмтэй дэндүү авьяаслаг Мичидмаа

Уншигчид Ц.Мичидмаа охиныг “Аз жаргал” киноны гол дүрээр нь илүүтэй мэдэх болов уу. Авьяаслаг, үзэсгэлэнтэй энэ хөөрхөн гүнжийг “Шинэ танил” булангийнхаа ээлжит зочноор урьж, ярилцлаа.

-Хүүхдүүд төдийгүй томчууд чамайг кинонд тоглосон гэдгээр чинь их мэддэг. гэтэл чи “Бяцхан мисс” хүртэл болж байж ээ?

-Тийм ээ, 2015 онд буюу таван настайдаа “Бяцхан мисс” тэмцээнээс тэргүүн миссийн мөнгөн титэм хүртсэн юм. Тэр тэмцээнд түрүүлснээр Гүрж улсад болсон “Дэлхийн бяцхан мисс” тэмцээнд орох эрх авсан. Ингээд тэмцээндээ оролцоод өөрийн насны ангилалд “Дэлхийн бяцхан мисс” өргөмжлөл хүртсэн.

-Тэгвэл хамгийн анх дэлгэцийн ямар уран бүтээлд тоглож байв?

-“Зүрхэнд туссан нулимс” кинонд туслах дүр бүтээсэн. Тус киноны продюсер дүр шалгаруулалтад ороод үз гэж зөвлөсний үндсэн дээр кинонд тоглох анхны гараагаа тавьсан. Түүний дараа “Үлгэрийн баатар гэртээ харих замд” киноны гол дүрд Д.Дэлгэрсайхан ахтай тоглосон.

-Мисс, жүжигчин байхын аль нь хэцүү санагдсан бэ?

-Ер нь бол хоёулаа л хэцүү. Угаасаа амар зүйл гэж хэзээ ч байдаггүй. Анх миссийн тэмцээнд ороход англи хэл мэдэхгүй байсан маань гол бэрхшээл болсон. Мөн тухайн үед таван настай ч том биетэй байсан тул 7-9 насны ангилалд давхар оруулсан. Том хүүхдүүдтэй өрсөлдөхөд хэцүү байсан ч өөрийнхөө насанд түрүүлсэндээ баяртай байдаг.

-Чамд кинонд тоглох санал ирэх үед мэдээж зохиолоо уншиж үздэг байх. Эцсийн шийдвэрийг өөрөө гаргадаг уу?

-Надад зохиолыг нь уншуулдаггүй (инээв). Манай ээжид ямар бүтээлд, ямар дүр бүтээхийг хэлж өгнө. Ээж тухайн бүтээлд тоглох, тоглохгүйг нь шийддэг. Найруулагч нар зохиолоо унших юм бол амьд харилцаа байхгүй болчихдог гэдэг.

-Тэгвэл дараа нь киногоо үзээд гайхдаг уу?

-Тийм. Их гайхдаг шүү. “Аз жаргал” кинонд гэхэд олон удаа уйлуулаад л байсан. Аль хэсгийн зураг авалтыг хийгээд байгааг мэдэхгүй явж байгаад бүтэн эвлүүлж, найруулж дууссаных нь дараа үзээд би өөрөө зөндөө их уйлж билээ. улд ямар үйл хөдлөл хийх ёстой вэ гэдгийг сайн бодож бас нүдээ боож байгаад жүжиглэсэн. Энэ мэт амаргүй зүйл их байсан шүү.

-Нийт хэчнээн кинонд тоглосон бэ?

-20-иод уран бүтээлд гол болон туслах дүрд тоглосон.

-10 настай бяцхан охин гэхэд чи үнэхээр мундаг байна шүү. Ингэхэд киноны зураг авалтын үеэр гэмтэж бэртэх тохиолдол гарч байв уу?

-Байдаг, байдаг. “Хайр” киноны хараагүй охины дүрийг бүтээх үед газарт унах хэсгийн зураг авалт хийсэн. Энэ үеэр бэртэж байсан. Тухайн үед уг нь газарт зөөлөвч тавьсан байсан юм. Гэтэл хэн нэг нь мэдэлгүй тэрийг авчихсан байснаас болж нүднийхээ ойролцоо хөхрүүлж, толгой их өвдсөн. Мөн “Том зургаан толгой” кинонд тоглож байхад мөчирт хөлөө гэмтээсэн (инээв).

-“Аз жаргал” кинонд тоглосноороо “акдеми авардс”-аас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртсэн. Тэр кинонд уйлж байсан чинь ямар ч хүний сэтгэлийг хөдөлгөж чадахаар шүү. Ер нь хэрхэн уйлж жүжиглэдэг вэ?

-Уйлахад их хэцүү. Болж бүтэхгүй байгаа, хүнд хэцүү бүх зүйл өөрт минь тулгарсан байна гэж төсөөлөхөөр хурдан уйлдаг. “Аз жаргал” кинонд ээжийгээ үхчихлээ гэж сонсоод өөрийнхөө ээж дээр зүйрлэх жишээтэй.

-Ямар нэгэн тэмцээн уралдаан, зураг авалтгүй байх үедээ юу хийх дуртай вэ?

-Чөлөөт цагаараа хичээлээ сайн нөхөхийг хичээдэг.

-Сайн үйлсийн аян зохион байгуулж байсан тухай сонссон. Хэдэн удаа найзууддаа тусалж, хэрэгтэй зүйлд нь дэм болов оо?

-”Бяцхан мисс” тэмцээнд орж байхдаа сайн үйлсийн аян өрнүүлж байсан. “Өнөр бүл” асрамжийн газарт очиж хүүхдүүдийг баярлуулсан. Дараа нь ээж, эгч хоёр маань 17 дугаар сургуулийн зорилтод бүлгийн 20 хүүхдэд тусалсан. Нэг өдөр намайг хичээлдээ сууж байхад чөлөө авч дуудаад “Хүнд хэрэгтэй зүйл хийцгээе” гээд тусламжийн ажил зохион байгуулсан юм. Ээж маань кино, рекламд тоглох үгүйг шийдэж гэрээ байгуулдаг. Тэдгээр бүтээл болгон тодорхой хөлстэй би хэд гэдгийг нь мэдэхгүй ч миний бүтээсэн бүтээл болгоны хөлсийг миний хэрэгтэй зүйлд зарцуулахыг хичээдэг. Тиймдээ ч хүүхэд, хүүхдэдээ туслах хэрэгтэй гэж үздэг учраас сайн үйлсийн аян явуулдаг юм.

-Чамд хамгийн их тусалж дэмждэг хүн хэн бэ?

-Ээж минь, найруулагч Б.Чингүүн ах. Мөн хамаатан садан, эмээ, өвөө маань маш сайн дэмждэг. Тэр дундаа найруулагч Б.Чингүүн ахдаа маш их баярладаг. “Аз жаргал” кинонд тоглосны дараа “Академи авардс”-ын шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчний шагнал авсан маань Б.Чингүүн ахын хичээл зүтгэл. Найруулагч маань намайг сонгож тэр дүрд тоглуулаагүй байсан бол би ийм амжилтад хүрч чадахгүй байсан болов уу гэж боддог. Энэ үгийг шагнал авч байхдаа тайзан дээр хэлэх ёстой байсан чинь сандраад хэлж чадаагүй (инээв).

-Ингэхэд чи юу мөрөөддөг вэ, ямар мэргэжилтэй болохыг хүсдэг юм бол?

-Яг үнэндээ эмч болох хүсэлтэй. Гэхдээ жүжигчний мэргэжил ч гэсэн таалагддаг. Жүжигчин хүн олон зүйлийг чаддаг байх ёстой болохоор өөрийнхөө хийж чадах зүйлсэд хүчээ сорьж байгаа. Жишээ нь, Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн “Өглөө” хөтөлбөрийн хүүхдийн танин мэдэхүйн хэсгийг хөтөлдөг. Мөн дуу дуулж байгаа. Хоёр ч дуугаа бичүүлчихсэн. Одоо клипжүүлэх ажилдаа орсон. Дуу маань Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд зургадугаар сарын 1, 2-нд болох “Үлгэрийн баатар гайхамшгийн оронд” жүжигт зориулагдсан. Мөн A-Cool ах болон бусад дуучидтай хамтран “Итгэл хайранд” гэсэн хорт хавдартай хүүхдүүдэд туслах үндэсний сайн үйлсийн аянд хамтран дуулсан.

-Шинэхэн уран бүтээлд шамдан орсон гэж сонссон. энэ тухай илүү дэлгэрүүлээч?

-Б.Чингүүн продюсерын DEJÀ VU гэсэн кинонд тоглож байна. Хандгайтад зураг авалтаа хийж байгаа. Зураг авалт ихэвчлэн шөнөөр болдог учраас өглөө зургаан цагт гэртээ ирж унтаж байгаад орой зургаан цагт зураг авалтдаа явдаг.

-Чиний хувьд зав ховорхон санагдлаа. ангийнхнаасаа хичээлээрэй хоцрогдох үе байдаг уу?

-Хичээлээс ээ хоцрогдох тохиолдлууд нэлээн байдаг. Аль болох хурдан нөхөхийн тулд ангийн багш, найзуудаасаа туслалцаа их авна. Тэдэнд зөндөө их баярладаг шүү.

-За, хөөрхөн дүүдээ амжилт хүсье.

-Баярлалаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

Нийтлэлчид