Улаанбаатар 1c

Д.ГАНТУЛГА гадна, ГАНЦ СУУДАЛ нь дотор үлдэв

Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр болж, УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлсөн УИХ-ын 49 дүгээр тогтоолыг Үндсэн хууль зөрчөөгүй хэмээн үзэв. Харин УИХ-ыг Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийг зарлахдаа Үндсэн хууль зөрчсөн байна гэдэг дүгнэлт гаргалаа.

Нэг ёсны Үндсэн хуулийн Цэцийн энэхүү хоёр өөр эсрэг утга агуулга бүхий “Үндсэн хууль зөрчөөгүй”, “Үндсэн хууль зөрчсөн” гэдэг дүгнэлт нь ирэх өдрүүдэд Монголын улс төрийг хөдөлгөөнд оруулж, нөхөн сонгуулийн тов тогтоохоос урьтаж, УИХ-ын гишүүнийхээ мандатыг гардахад бэлэн хөөрцөглөж байсан улстөрчдийн хувьд дахин нэг боломжийг нь “хулгайлав” бололтой.

Учир нь, Үндсэн хуулийн Цэцээс нөхөн сонгуулийн зардлыг улсын төсвөөс гаргах ёстой байсныг УИХ-аас Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар тогтсон нь Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзсэн. Иймд энэ дагуу эхний удаад УИХ ойрын хугацаанд улсын төсөвт тодотгол хийх замаар нөхөн сонгуулийн зардал болох 287 сая төгрөгийг төсвөөс захиран зарцуулахаар хуульчлах ёстой. Гэхдээ одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу сонгуулийн хавар, намрын улирлын амралтын өдөр зохион байгуулах заалттай гэдгийг мартаж болохгүй. Нэг ёсны хаврын улиралд нөхөн сонгууль зарлах эрхээ ийн алдсан УИХ ирэх намрын боломжийг ашиглалаа гэхэд 2020 оны сонгуулийг угтсан нэг жилийн хүлээлтэд шилжинэ гэсэн үг. Үүнийг өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгууль зургадугаар сарын 29-нд болсон гэдгээр тооцвол сонгуулийн жил дундаа орсон хойно нөхөн сонгууль зарлах, явуулах нь юу л бол.

Харин хоёр дахь сөрөг дүгнэлтийн тухайд УИХ-ын сонгуульд нам эвсэл, нэр дэвшигчдийн тэгш оролцоог хангах зайлшгүй шаардлагыг зөрчсөн гэдэг утгаар гарсан бөгөөд дараагийн удаад дээрх хугацаанаас өрсөөд амжиж нөхөн сонгууль боллоо гэхэд 180 хоногийн өмнө бүртгүүлсэн гурван ч нам шинээр нэр дэвшигчээ бүртгүүлэх эрх үүснэ. Гэсэн ч тэдний хувьд хүсэл нь мөн л одоо мөрдөгдөж буй Сонгуулийн тухай хуулийн хавар, намарт зохион байгуулагдах, цаашлаад ирэх сонгуулиас өмнөх жилийн хугацаанд нөхөн сонгууль зарлаж болохгүй гэдэг зарчимтай харшилдах нь тодорхой. Нэг ёсны Үндсэн хуулийн Цэцийн хуулийн зүйл заалт тойрсон тодорхой бус сунжирсан тайлбарыг тайлж уншихад нэг ийм. Тиймээс дээрхи тайлбар, мэдээлэл, дүгнэлтээс үүдэн УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг удахгүй УИХ-ын гишүүний бүрэн эрхээ сэргээлгэнэ хэмээн найдаж байсан хүмүүст хүсэлт тань талаар болсон гэдгийг мухарлах нь зөв биз. Товчхондоо, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга гадна, харин УИХ-ын нэг суудал дотроо эзэнгүй үлдэж буй нь энэ ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид