Улаанбаатар 1c

“Буйд нутаг”-аа санагалзана

Ялгуухан ятгын эгшиг уянгалж, цагаан өнгийн хөшиг нээгдэх агшинд сэтгэл нэг л хөнгөн мэдрэмжээр дүүрнэ. Нас тогтсон буурал эмгэн, хүү, бэрийн хамт дугуй бор ширээг тойрон суужээ. Ягаан торгон хээ хуар болсон дээл, цэнхэр торгон өмд өмсөж үсээ мөлчийтөл хоёр боосон бүсгүйн эмгэнэлт амьдрал Дао Си гэх залуутай учирснаар эхлэнэ. Шинэ үе продакшн, найруулагч Н.Наранбаатарын хамтын бүтээл Хятадын зохиолч Цао Юи-гийн “Буйд нутаг” эмгэнэлт драмын жүжиг энэ сарын 18-наас эхлэн үзэгчдийн хүртээл болж буй юм.Тус жүжгийн гол дүрд төрийн шагналт МУГЖ Ц.Төмөрбаатар, Ардын жүжигчин С.Сарантуяа,МУСТА Д.Оюунтуул, Х.Бат-Ундрал жүжигчин Б.Баяржавхлан нар тоглосон байна.

Тэрбээр өс хонзон, үйлийн үр, өнгө мөнгөөр үнэлэгдэх амьдралын талаар өгүүлнэ. Ийн ээдрээт амьдралаас зугтаахын хүслэн болсон бүсгүйн дүр “Буйд нутаг” хэмээн нэрийдсэний учрыг тодоос тод харуулж чадсан юм. Цаашлаад Юань Янь гэх хүний амьддаа хийсэн нүгэл нь өс хонзон дагуулж, үр үндэс нь бүр мөсөн тасрах аймшигт үйлийн үрийг дууддаг тухай жүжигт өгүүлжээ. Тэр хүн нэгэн айлын амьдралыг сүйтгэж, дурлалт хосыг салган Жоу Хү гэх залууг шоронд хориулж, Жинь Зи бүсгүйг өөрийн хүү Дао Сид эхнэр болгон авч өгснөөс бүх зүйл эхлэнэ. Жүжгийн эхэнд гарсан сохор эмгэн бол Вань Янийн эхнэр бөгөөд эмгэний үрээ хайрлах хайр нь “Үхтэл үр харам” гэх үгийг санагдуулна. Ганц хүүгийнхээ төлөө юу ч хийхээс буцахгүй болсон эмгэн өөрийн хүү Дао Си-гийн эхнэр болох Жинь Зиг хахир хатуу үгээр доромжлон, тэр гэрт байж суух аргагүй болтол зовооно.

Тэрбээр хараагүй эмгэний дүрийг ардын жүжигчин С.Сарантуяа маш чадварлагаар бүтээжээ. Тэр амьдралын хар бараан, өс хонзонг сэдэж, хараагүй хүний ааш аяг, үрээ гэх эхийн сэтгэлийг үнэхээр амилуулсан нь олон үзэгчид олзуурхан байв. Харин түүний хүү Дао си-гийн тухайд өмнөх амьдралаасаа авч үлдсэн нэг хүүтэй, тэр нь сохор эмгэний “харах нүд” нь болдог аж. Гавьяат жүжигчин Н.Ариунболд буюу Бооёо туслах дүр болох “Тэнэг Бай”-гийн дүрд чадварлагаар хувирчээ. Түүнийг тайзнаа гарч ирэхэд үзэгчид инээлдэж байсан юм. Тэр бол нийгмийн төлөөллийн нэг хэсэг хүмүүсийг хамгийн ихээр хөгжөөж байгаа ч эцсийн бүлэгт бүх зүйлийг мэдэж байдаг хамгийн айхавтар хүн, бүх үнэний гэрч болж үлдэж байгаа юм. Жинхэнэ хайр нь бүтээгүй, өөрийнхөө хүслээр бус хадам аавынхаа эрхээр бэр болон ирсэн Жинь Зи бүсгүйн дүрд Шинэ үе продакшны жүжигчин Д.Оюунтуул тоглосон байна. Тэрбээр хайртай залуу Жоу Хүтэй хамт “Буйд нутаг” руу явж хүссэнээ хийж амар тайван амьдрах нь түүний эцсийн хүсэл.

Гэвч энэ бодол нь талаар өнгөрсөн юм. Жоу Хү 10 гаруй жил шоронд хатсаны эцэст гарч ирмэгц Вань Ян-гийн хүү Доа Сиг бяцхан хүүгийнх нь хамт хороож Вань Ян гэгчийн үр үндэс, удам угсааг тасална. Жоу Хү зөвхөн Дао Си гийн амийг хороох гэж байтал золгүй байдлаар түүний бяцхан хүүгийн амийг нь тасалсан. Ингээд өш хонзон сохор байдгийг үүгээр харуулсан юм. Хүслээ биелүүлсэн Жоу Хү эцэст нь буудуулж хөөрхий Жинь Зи бүсгүй ганцаар үлдэнэ. Амьдралаас аз жаргал, жинхэнэ хайрыг хайж, тэрхүү аз жаргалаа дэргэд байгаа гэж итгэсээр байсан ч хагацал шаналлаас өөр юу ч авч чадсангүй. Хятадын нэгэн тосгонд болж өнгөрсөн энэ хүү эмгэнэлт жүжгээс хүний аливаа үйлийг бурхан бүртгэж, муу үйлийн мод үндэс рүүгээ улам гүн шигддэг гэсэн философи, хайр сэтгэл, өс хонзон, гэр бүл, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг чухалчилан хүний мөн чанар муудаж, бие биесээ хайрлах энэрэх сэтгэл дутагдаж буйг харуулахыг найруулагч зорьжээ.

Дотоод сэтгэлийн ертөнцөд дутагдаж буй жинхэнэ хайр,ахархан биедээ нүгэл хураахын хор уршиг, хүн хийсэн нүглийнхээ төлөөсийг заавал амсдаг. иймд аль болох сэтгэлээ чөлөөлөх хэрэгтэй зэрэг олон зүйлийг эргэцүүлэхэд хүргэсэн юм. “Цао Юй-г” Хятадын шекспир ч гэж нэрлэдэг. Зохиолууд нь жүжигчдээс их ур чадвар шаарддаг. Бидний амьдралын хамгийн нандин утсыг хөндөж бичдэгээрээ алдартай. Бид онгон зэлүүд газрыг хараад сайхныг нь магтаж, уулга алддаг. Тийм зэлүүд “Буйд нутаг”-т хүмүүс амьдраад ирэхээр тэнд ямар сэтгэлтэй хүмүүс амьдарснаар нь тэр газрын өнгө тодорхойлогддог хэмээн “Буйд нутаг” жүжгийн найруулагч Н.Наранбаатар онцлон тэмдэглэжээ. Тус жүжгийн продюсер Монгол Улсын гавьяат жүжигчин Н.Ариунболд тус бүтээлийн талаар хэлэхдээ” “Буйд нутаг”-ийг бид цаг нь үе нь болсон юм болов уу гэж сонгосон.

Өнөөгийн өнгө мөнгөний нийгэмд хүмүүс хоорондын бие биедээ хандаж байгаа харилцаа дайсагнасан, ашиг орлого, өнгө мөнгөний араас хөөцөлдсөн, хөөсөн байдалтай байна. Цаашлаад сошиал ертөнцийн байдал, улс төрийн өшөө авалт гээд маш олон зүйл энэ нийгэмд болж өрнөж байна. Тиймээс “юу тарина түүнийгээ хураана “гэдэг үгийг “Буйд нутаг бол энэ нийгэмд үгүйлэгдэж байгаа ус, агаар юм гэх санааг өгөхийг зорьж буй хэрэг” хэмээн ярьсан юм. Ийн түүний хэлсэнчлэн энэ нийгмийн болж бүтэхгүй хар бараан зүйлүүдээс хол байж, аль болох өөрийнхөө сэтгэлийг чөлөөлж, илүү сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ бэлтгэж байх нь хүнд юу юунаас илүү байдаг гэдгийг ойлгосон юм. Сэтгэлийн амар амгаланг энэхүү жүжгээс бүрэн дүүрэн мэдэрч чадсан гэдгээ энэ дашрамд дурдая. Үйлийн үрийн төлөөс гэж байдаг. Тэр эргэж ирэхдээ хатуу тавилангаар таны үр удамд буудаг.

Амьдрал богинохон гэтэл бид дэмий зүйлд цаг хугацааг гамгүй үрж байдаг байна. Тэр тусмаа өш хонзонд. Амьдрал, үхлийн завсар байх тэр цаг хугацаанд өс хонзон, атаархалд автаж амьдрахгүйгээр бодол санаагаа цэгцлээд зөв явахын төлөө амьдрах нь хүн болж төрсөний учир утга гэдгийг ойлгох боломжийг нээжээ. Тиймээс ганц олдох амьдралдаа шүд зууж, өс хонзон санаж,үр удам нь дааж баршгүй нүгэл хураах хэрэггүй гэдгийг “Буйд нутаг” жүжиг харуулжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид