Улаанбаатар 1c

Мах, шатахууны үнийн өсөлттэй эвлэр, ГҮЙЦЭЭ

Төр засаг ч тэр, түмэн олон нь ч тэр үнэнтэй нүүр тулах цаг болжээ. Монгол Улс чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 30 орчим жил өнгөрсөн нь үнэн. Өмнөх нийгмээ ул суурьгүй устгаж байж, дараагийн нийгэм бүрэн дүүрэн цогцлох талаар ардчилагчид энэ хугацаанд ярилаа. Гэвч дээрээ ч, доороо ч чөлөөт зах зээлийн зарчимд үнийг “Үл үзэгдэгч гар” тогтоодог гэдгийг өнөөдрийг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй, ойлгохгүй байгаа нь бодит үнэн. Бултаараа малаа зарж хотод бөөгнөрчихөөд мах нэг килограмм нь 13 мянга төгрөгт хүрлээ, хүний өмнөөс машин уначихсан мэт нэг литр шатахууныг 2000 төгрөгөөр худалдан авч байна гэж гонгинох хэрэггүй. Хэн ч ядарсан амьтан байна гээд үнэгүй зүйл өгдөггүй нийгэмтэйгээ монгол хүн та хөл нийлүүлэн алх. Бид угаасаа чөлөөт зах зээлийн зарчмыг сонгосон, үнийн өсөлт бол үүний үр шим. Чөлөөт үнэ тогтсоноор үндэсний хөрөнгө бий болсон. Түүнийг захирах эзэд нь үндэсний хөрөнгөтнүүд юм. Тэд ажлын байр бий болгож, аль л байгаа бүтээн байгуулалтыг гардан гүйцэтгээд 30 орчим жил болж байна. Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн өсөлт, хөгжил бол тэдний бүтээл. Хэрэв үнэгүй мах идэх хүсэлтэй бол энэ өргөн уудам нутгийн хаана ч очоод, мал маллан өдөр бүр тогоо дүүрэн мах чанах эрх нь хэнд ч нээлттэй. Шатахууны үнэ амьдралд чинь дарамт болоод байгаа бол машинаас татгалзаж, нийтийн тээврээр зорчиж болно гэдэг яг үүнтэй ижил. Эсвэл хэрэглээний шатахууныхаа үнийг дийлдэг болсон цагт саруулхан, тохь тухтай тансаг машин унаад гангарч болно. Ерөөсөө бүх зүйл бидний сонголтоос шалтгаалж байгаа. Хамгийн гол нь сонгох эрх хэнд ч нээлттэй. Энэ л хамгийн том ололт. Бид өөрсдийнхөө хүссэнээр амьдрах эрхийг чөлөөт зах зээлийг сонгосноор олоод авчихсан юм, гонгинох хэрэггүй. Монголчуудад зах зээлийн зарчмыг хамгийн сайн ойлгуулж буй зүйл бол шатахууны үнэ. Монгол Улс Орос, Хятад, Япон, Солонгосын алинаас нь ч шатахуун худалдан авч хэрэглэж болно.

Бүгд чанарын хувьд адил бөгөөд нэг ханштай. Учир нь олон улсад газрын тосны ханш зах зээлийн жамаараа тогтдог болохоор тэр. Гэвч газар зүйн байршлаас хамааран хамгийн хямд тээврийн зардалтай учраас хамгийн гол түнш маань хойд хөрш байж таардаг. Тэгэхээр дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны ханш хаашаа эргэхээс шалтгаалан Монголын импортлогчид үнээ өөрчилдөг. Эрээнд гутал хувцасны үнэ өсөхөд, манай “Нарантуул”-ын наймаачид дагаад нэмдэгтэй л ижил. Харин 66 сая толгой малтай мөртлөө үнэтэй мах хэрэглэж буйн тухайд бол монголчуудын уламжлалт улирлын мах бэлтгэл болон нэгдсэн нийлүүлэх тогтолцоо бүрэн нэвтрээгүйтэй шууд холбоотой. Энэ тогтолцооны үүргийг “Эмээлт” болон “Хүчит шонхор”- ын наймаачид өөрсдөө эрсдэлээ үүрэн гүйцэтгэж байгаа. Хэдэн зуун километрийн цаадах малчнаас мах аваад, ачаад ирсэн тэд өөрсдөөсөө гаргасан зардлаа шингээхгүй гээд яах юм, алдагдал хүлээлтэй биш. Тэдний боломжтой нь “Эмээлт”-д зориулалтын газарт нь нөөцлөх зоорь бариад, эрэлт өндөр цагт нь гаргадаг л зарчим хэрэгждэг. Зарим нь арай ахиу үнээр гадаад зах зээл дээр гаргахаар чармайж байгаа нь үндэсний аюулгүй байдал харшилсан үйлдэл гэж үү. Хэдэн зууны өмнө Адам Смит “Үндэсний баялаг” номондоо хүмүүс хамгийн сайн хийж чаддаг зүйлээ бусад хүмүүсийн хамгийн сайн хийж чаддаг зүйлтэй солилцохыг худалдаа гэж хэлсэн байдаг. Аливаа зүйлийг маш сайн хийж, бусадтай солилцож, ашиг орлогоо нэмэгдүүлэх тэр зарчмыг “Үл үзэгдэгч гар” гэж томъёолсон. Энэ томъёоллын дагуу манай махны ченжүүд “Үл үзэгдэгч гар”-т захирагдаж байгаа. Гэхдээ тэр үл үзэгдэгч гар ажлаа хийхэд шаардлагатай суурь дэд бүтэц бүрэн гүйцэт хөнжөөгүй учраас л эрэлтээ давсан нийлүүлэлт хийж чадахгүй байгаа юм.

Чөлөөт зах зээл дээр үнэ эрэлт нийлүүлэлтийн харьцаагаар тогтдог. Эрэлт нь нийлүүлэлтээсээ давбал, үнэ өсдөг. Эсрэгээрээ нийлүүлэлт, эрэлтээсээ давбал, үнэ хямдардаг. Ерөөсөө л ийм энгийн тогтолцоог их сургуульд бүтэн хоёр улирал дамнуулж, сунжруулан ойлгуулах гэж оролддог гэдгийг хаа хаанаа ойлгохоор хугацаа өнгөрлөө. Арай цаашилбал, эрэлт нийлүүлэлтээр илэрхийлэгдсэн мах, шатахуун мэт өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийг инфляц гэж гадаадаар нэрлээд байгаа юм. Түүнээс биш Төрийн ордны аль нэг дарга, зах зээлийн зарчмаар амьдралаа авч яваа махны наймаачин дур мэдээд өсгөчихдөггүй, буулгадаггүй. Тэгэх шидтэй системээс гажсан том дарга, яам агентлаг ч гэж угаасаа үгүй. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр энэ оны эхний дөрвөн сард инфляц долоон хувиар өссөнийг бидний өдөр тутамдаа хэрэглэж буй бараа бүтээгдэхүүн ингэж өсчээ гээд ойлгочихож болно. Тэгвэл Төв банкны тооцооллоор инфляцын зорилтот түвшин найман хувь байгаа нь үнийн өсөлт тийм ч задгайрчихаагүйг илтгэж байна. Нөгөө талаар орлогын өсөлт долоон хувиас давж буй нь бүр ч сайн үзүүлэлт. Энэ үзүүлэлтээр хэмжихэд, энэ оны эхний улиралд нийт өрхийн дундаж орлого 11.3 хувиар өссөн гэдгийг хорооны мэдээлэлд өгүүлжээ. Түүнчлэн бид үнийн өсөлтөөс илүү юунд мөнгө зараад байгаагаа анзаарахад гэмгүй. Өнгөрсөн дөрвөн сарын инфляцын задаргааг авч үзэхэд, өргөн хэрэглээний хүнс хамгийн өндөр өсөлттэй бүтээгдэхүүний жагсаалтыг тэргүүлсэн бол архи, тамхины үнийн өсөлт ардаас нь цохиж явна. Тэгээд орон сууц, ус, цахилгаан, түлш гэх мэтээр жагсаж байна.

Төгсгөлд нь цаашид үнэ өсөх, буурах талаар өгүүлэхэд, дулаан цаг ирж байгаа учраас махны үнэ улирлын онцлогоороо буурч таарна. Өмнөх нийгмийн үеийн мах бэлтгэлийн нэгдсэн тогтолцоогоо чөлөөт зах зээлийн зарчимд суурилж, сэргээн байгуулж чадаагүй цагт жилийн жилд улирлын онцлогоос хамаарсан үнэтэй мах идсээр байх болно. Харин нэрээгүй түүхий газрын тосны ханш дэлхийн зах зээл дээр буугаагүй цагт бид хямд шатахуун, түлш хэрэглэнэ гэж байхгүй. “Дэлхийн зах зээл дээр өсөлт энэ хэвээрээ үргэлжилбэл, монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг АИ-92 төрлийн шатахуун нэг литр 2000 төгрөг хол давна, барьсан ч алзахгүй” гэдгийг мэдчихсэн эрх мэдэлтэн, олон сарын өмнөөс харчихсан судлаачид ил хэлэхгүй л байгаа болохоос ойлгомжтой асуудал. Төлөвлөгөөний дагуу 2021 онд Монгол Улс өөрийн гэсэн газрын тос боловсруулах үйлдвэртэй болж чадсан тохиолдолд шатахуун түлшний гадаад зах зээлийн хараат байдал арилж магадгүй. Бид өөрсдөө л олборлосон газрын тосоо дотооддоо нэрж, хямд шатахуун үйлдвэрлэхгүй бол эрт цагийн ах дүү улс гээд хямд бүтээгдэхүүн өгч толгой илдэг цаг орос ах нарын нийгэмд улирчихсан. Оросууд хэдээр өгнө тэр үнээр бид унаагаа хөдөлгөсөөр байх болно гэсэн үг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид