Улаанбаатар 1c

Эрдэнэтийн цагаан тэмдэглэл

Өргөө гэрийнх нь өрхийг таталцсан нь

“Эрдэнэт”-ийнхэн сав л хийвэл “уулын минь буян” хэмээн уулга алдах. Энэ үгийг ч Д.Хундалай бүсгүй мөн хэлсэн. “Эрдэнэт”-ийн Барилга засварын цехэд засал чимэглэлчээр 15 дахь жилдээ ажиллаж байгаа, өрх толгойлсон энэ эмэгтэй хамт олонтойгоо мартагдашгүй баярт өдрөө тэмдэглэж байхтай таарлаа.

Тэрбээр үйлдвэрийнхээ хамт олонд хандаж, “Өнөөдөр би ямар сайхан хүмүүсийг бурхан надад илгээснийг, ялгуун сарны дор үгээр илэрхийлэхийн аргагүй гэсэн дууны үгийг та нартаа зориулъя” хэмээн талархсан сэтгэлээ илэрхийлэв. Хуанлийн хуудсанд заасан 2019 оны тавдугаар сарын 28 бол Д.Хундалайгийн хувьд хамгийн дурсгалт, мартагдашгүй өдөр нь байлаа. Учир нь, “Эрдэнэт” үйлдвэр, Барилга засварын цех, тус цехийн залуучуудын холбоо, ахмадын зөвлөл хамтран 48 метр квадрат байшин барьж, түлхүүрийг нь түүнд гардуулж өгсөн юм.

“Хүний үндсэн гол хэрэгцээ буюу анхдагч хэрэгцээ нь амьдран суух орон сууц байдаг. Хундалай маань тогтвортой ажлын байр, өөрийн орон гэртэй болсонд хамт олных нь зүгээс баяртай байгаа”-гаа “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Б.Төгсбаяр илэрхийлээд уг байшинг долоохон хоногийн дотор барьж дуусгаснаа, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн энэхүү аянд Данадо” ХХК, “Анхлах аз” ХХК, “Ойгон Арвижих” ХХК, “Тэ-Ён” ХХК, “Ногоон Очир” ХХК, иргэн Н.Ганбат, Соёл урлагийн цогцолбор зэрэг байгууллагууд дэмжлэг туслалцаа үзүүлснийг ярилаа.

Барилга засварын цехийн залуучууд уг ажлыг санаачилж, хамт олон нь нэг өдрийнхөө цалинг хандивласан байна. Д.Хундалайгийн аав, ээж ч “Эрдэнэт” үйлдвэрт насаараа ажилласан хүмүүс аж. Залуучуудын холбооны дарга П.Эрдэнэмягмар “Д.Хундалайгаа гэр оронтоо болгох юм сан гэж нэлээд удаан бодсон. Санаачлагыг маань цехийн хамт олон дэмжсэнд баярлаж байна. Нийгэмд эерэг хандлага түгээж, нэгнээ дэмжсэн сайн үйлсийн аянг жил бүр зохион байгуулна. Байшин барихад бүх хүмүүс сэтгэл зүрхээрээ тусалсан. Тэтгэвэртээ суугаа ахмадууд маань хүртэл ирж барилцсан” гэв.

Энэ өдөр тус хамт олонд давхар, давхар баярт үйл явдал тохиож буйг Барилга засварын цехийн хангамжийн инженер Д.Уламбаяр хэллээ. Барилга засварын цех хэдхэн хоногийн өмнө “РСЦ” нэртэй “Эрдэнэт” үйлдвэрийн охин компани байжээ. 2018 онд гарсан энэхүү шийдвэрийг цехийн ажилчид эсэргүүцэж, төр засгийн бүх томчуудад хандсаны хүчинд буцаад үйлдвэрийнхээ харъяанд Барилга засварын цех нэртэйгээр очсонд олон хүн баяртай байв. Тэдний нэг бол суурь машинист Г.Гантөмөр.

Хорь гаруй жил тус цехэд ажиллаж буй тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн охин компанийн ажилчин биш үндсэн ажилтан болсон учраас цалин мөнгө, хангамж сайжирна гэж баяртай байгаагаа ч нуусангүй. “РСЦ” нь “Эрдэнэт”-ийн охин компани байхад цалин хөлс нь үйлдвэрийн үндсэн ажилчнаас 50 хувь бага байжээ. Удахгүй цалин өснө, хангамж нэмэгдэнэ гэсэн итгэл, зорилготойгоор уулынхаа буянд сайхан амьдарч байгаагаа, Л.Бадамсүрэн захиралд баярлаж буйгаа хэвлэлээр дамжуулан илэрхийлэхийг хүссэн хүн бол Ж.Мягмарбаатар. 16 настайгаасаа тус үйлдвэрт ажиллаж эхэлсэн тэрбээр мөн л цалин, хангамж нь нэмэгдэхийг баяртайгаар хүлээж сууна.

Тус цехэд одоогоор 250 хүн ажилладаг. 2017, 2018 онуудад 12-16 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Энэ цехийн хүчинд “Эрд энэт” үйлдвэр тасралтгүй ажиллаж, улсынхаа хамгийн том татвар төлөгч болж ирсэн. Үйлдвэрлэлийн барилга байгууламж барих, засах ажил орон сууцны барилга барихаас тэс ондоо болохыг ч цехийн ажилтнууд ярилаа. “Эрдэнэт” үйлдвэр өдгөө 40 жил болсон цаашдаа ч 40 жил ажиллах үйлдвэрлэлийн нөөцтэй. Барилга засварын цехгүйгээр “Эрдэнэт” үйлдвэрлэлээ эрхлэх боломжгүй, харин тус цехийн хамт олон эргээд үйлдвэрийнхээ ажилчид болсондоо баяртай байна.

Цагаан Тоосоор солонгосчууд бордоо хийх санал тавьжээ

“Эрдэнэт”-ийн цагаан тоосны асуудал ид хөндөгдөж байна. “Ирээдүйгээ хамгаалъя” төрийн бус байгууллагаас энэ асуудлыг илүүтэй сэвж буй. Цагаан тоос нь саяхны асуудал биш бөгөөд хавар, намартаа дэгддэг. Энэ хавар хуурайшилттай, салхи шуурга ихтэй байгаа учраас илүү тоосорхог байгаа аж. “Эрдэнэт” үйлдвэрийн хаягдлын аж ахуй буюу үүсмэл орд нийтдээ 2000 га талбайг эзэлдэг. Үүний 800 га талбайгаас цагаан тоос үүсдэг аж. Цагаан тоосыг тус үйлдвэрийн зүгээс гурван аргаар дарж байгаа аж. Нэгдүгээрт, хаягдал булингарыг дарагч бодистой барьцалдуулан талбайг норгох арга. Илүү энгийнээр тайлбарлавал нарийн элсэн ширхгийг дарагч бодистой хольж, зунгааруулдаг юм байна. Хоёрдугаарт, тоос дарагч бодисыг устай хольж ,тоостой талбайд цацдаг юм байна. Уг аргыг хэрэглэхийн тулд зориулалтын техник ашигладаг. Нуурын шаварт суучихааргүй зориулалтын техник захиалжээ. Тэр техник нь удахгүй ирэх гэнэ. Гуравдугаарх нь үйлдвэрлэлийн технологийн аргаар нь талбайг норгодог аж. Хаягдлын аж ахуйн тоос босож буй 543 га талбайн цагаан тоосыг дарагч урвалжаар, 300 га талбайн цагаан тоосыг үйлдвэрлэлийн технологийн аргаар дарсан тухай “Эрдэнэт” үйлдвэрийн БОНХХ-ийн дарга О.Эрдэнэтуяа тайлбарлав.

Байгаль орчин ногоон хөгжлийн хэлтсийн дарга О.Эрдэнэтуяа

Тоосон ширхгүүдийг барьцалдуулагч бодисын нөөц 40 тонн. Баяжуулах үйлдвэрийн Хаягдлын аж ахуйд цагаан тоос дарах алба байгуулсан гэнэ. Тэд зөвхөн үйлдвэрийн хаягдлын аж ахуйгаас босдог цагаан тоосыг дарахаар ажиллах аж. Далангийн дагуу хэсгийн 200 гаруй га газарт хүрч ажиллаж чадахгүй байгааг О.Эрдэнэтуяа дарга учирлалаа. Далангийн дагуух талбай өвөл хөлддөг. Тэгэхээр энэ нь үйлдвэрлэлийн тодорхой стандартын хэмжээнд хүртэл гэсэх ёстой. Гэсээгүй тохиолдолд цагаан тоос дарах үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлбэл далангийн тогтвортой байдалд нөлөөлөх аюултай. Иймд далангийн аюулгүй байдлыг хариуцдаг хүмүүс үйлдвэрлэлийн зуны хаялга өгөх үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй байгаа аж. Цагаан тоосноос болж 12 мянган иргэнд 3 сая төгрөгийн нөхөн олговор өгөхийг “Ирээдүйгээ хамгаалъя” төрийн бус байгууллагаас шаардаж буй. Цагаан тоостой бүсэд суурьшиж буй иргэдийг эмнэлгийн удаа дараагийн үзлэгт хамруулахад одоогоор тоосноос болсон гэх өвчлөл илрээгүй аж.

Цагаан тоосыг авч бордоо хийх саналыг Солонгосын нэгэн компани “Эрдэнэт” үйлдвэрт тавьсан тухай ч үйлдвэрийн удирдлагууд ярилаа. Далайн хясаатайгаа холиод бордоо хийж экспортлох хүсэлтэй байгаагаа тайлбарласан аж. 

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд ерөнхий инженер Т.Батмөнх

“Цагаан тоос хүний эрүүл мэндэд нөлөөлж байгаа эсэхийг харьцуулж үзлэгт хамруулсан. Өөрөөр хэлбэл, цагаан тоосны бүсэд амьдарч буй хүмүүсийг алслагдсан орчны иргэдтэй харьцуулсан эмч нарын эрүүл мэндийн үзлэг явуулж байсан. Тодруулбал,Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн иргэдийг Булган аймгийн Бугат сумын иргэдтэй харьцуулсан эрүүл мэндийн үзлэг юм. Энэ үзлэгээр хүмүүсийн эрүүл мэндэд цагаан тоосны сөрөг нөлөөлөл тогтоогдоогүй” гэв. Мөн “Жил бүр нас насны хүмүүсийн төлөөллийг эмч нарын үзлэгт хамруулаад явдаг. Бугат суманд болон Баянцагаан багт амьдардаг иргэдийг шинжилгээнд хамруулж харьцуулж үзсэн. Энэ хоёр хүний бронхит тамхинаас үүсэлтэй болох нь тогтоогдсон байх жишээтэй. Ийм асуудлыг нарийн мэргэжлийн хүн дэлгэрэнгүй ярих байх. Нөгөө талаас шинжилгээнд хамрагдах төлөөллийн хүмүүс бага байна гэдэг. Тэгэхээр бид энэ жил 400 гаруй хүнийг шинжилгээнд хамруулах болсон. Аймгийн Эрүүл мэндийн газар энэ хүмүүсийг шинжилгээнд хамруулж байгаа. Эндээс тусгай аргачлалаар сонгон эрүүл мэндийн үзлэгт иргэдийг төлөөллийг хамруулдаг. Тоосжилтын бүсэд амьдардаг нэг хүүхдийг таван наснаас нь 18 хүртэл нь эрүүл мэндийн үзлэгт хамруулсан тохиолдол ч бий. Тухайн үед хамгийн сайн тоног төхөөрөмжтэй нь манай эмнэлэг сувилал байлаа. Анх энд хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан. Та бүхэн шинжилгээний хариуг өөрсдийн лабораторид үнэн зөв гаргахгүй байна гэсэн хардалт, сэрдэлт дагуулсан. Тэгэхээр нь бид Бүсийн оношилгооны төв, Медипас эмнэлэгт энэ хүмүүсийг эрүүл мэндийн үзлэгт хамруулах зөвшөөрөл өгсөн. Харин зардал нь үйлдвэрээс гардаг” тухай ч ярилаа. Энэ мэт “Эрдэнэт” үйлдвэрийнхэн шинэ сонин ихтэй, ярих зүйл олонтой сууна.

 

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид