Улаанбаатар 1c

Эгэл нэгэн гэр хорооллын дунд "Ид шидийн орон-2" сүндэрлэж байна

“Ид шидийн орон” төслийн тухай дуулаагүй монгол хүн үгүй биз. Хүчирхийлэлд өртсөн, хамгаалал хүссэн, хайр халамжаар дутсан хүүхдүүдийн хахир хатуу амьдралын савараас авран хамгаалахад “Ид шидийн орон”-ы үүд хаалга үргэлж нээлттэй байдаг билээ. Энэхүү сайхан ажлыг “Лантуун Дохио” ТББ-ын залуус санаачилсан бөгөөд Монголдоо төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт суугаа элэг нэгтнүүдийнхээ хандив тусламжаар хүүхэд хамгааллын нэг төвийг аль хэзээ ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь жигдрүүлсэн төдийгүй “Ид шидийн орон-2” төслийн суурийг тавиад байна. Тус байгууламжийн барилгын ажлын үйл явцтай танилцахаар хамгийн эхэнд төслийн удирдагч Г.Ганжавхлангийн фэйсбүүкээр шагайв. Тэрбээр төслийнхөө байршлийг ийнхүү дүрсэлжээ. “Эхлээд Улиастайн чиглэлийн автобус руу суух ёстой. Тэрхүү автобус багшийн дээд, 13-ын буудал зэргийг өнгөрнө. Үүний дараа Гачуурт руу эргэдэг замаар хойшоо явна. Ингээд Дашваанжил газ өнгөрөөд Улиастайн шинэ эцэс зогсоолд бууна. Автобуснаас буусны дараа сагсны шийд харагдах болно.

Тэрхүү шийдээ дагаад чигээрээ явахад “Ид шидийн орон-2” төв баригдаж буй хашаа сүндэрлэсэн байх аж. Тэр хашаанд нэг контейнер оффис, нэг гэр байгаа тэр хоёрын аль нэг руу шагайвал Лантуун дохион хэн нэг нь бий, эсвэл талбай дээр 804565.. дугаартай талбайн инженер Хүрлээ зоолттой гозойж байх нягууртай” гэжээ. Цахим хуудсанд бичсэн хөгжилтэй постын дагуу явсаар Улиастайн шинэ эцэст ирэв. Автобусны буудлын дэргэд “Ид шидийн орон-2” 300 метр гэсэн том самбар баруун зүгийг заасан байлаа. Самбарын заавраар явав. Том чулуу, хуурай шороо бужигнасан замд толгойгоо цагаан бентээр ороосон согтуу эр найган зөрж өнгөрөв. Өнгө, өнгийн цэцэгсээр гоёсон цагаан хашааны зах харагдаж эхэллээ. Хашааны дэргэд ирээд ажиглавал, машин орох зориулалттай хар хаалганы зүүн талын баганад Лантуу хүү тэнгэрт гялалзах оддыг шүүрэх гэж оролдож буйг дүрсэлжээ. Хашаан дээр ногоон талд өнгийн цэцэгс ургаж, болжморууд нисэж, алимаар дүүрэн модод зуржээ. Энэ зургийг зуруулахад нэг ч төгрөг шаардаагүй гэдэг.

Яагаад гэвэл дөрөвдүгээр сарын 24-өөс хойш “Ид шидийн орон 2”-ын “Шидэт төгөл” хэмээх цэцэрлэгжүүлэлтийн ажил эхэлсэн юм. Энэ үеэр сайн дураараа туслахаар ирсэн залуучууд дунд Дүрслэх урлагийн сургуулийн зураачийн ангийн оюутан амралтынхаа өдрүүдээр ирж уйгагүй зурж өгсөн байна. “Ид шидийн орон-2” төсөл нэг долоо хоногийн өмнө барилгын ажлаа эхлүүлсэн бөгөөд 20 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Энэхүү 20 хувийн ажлын нэг хэсэг болсон “Шидэт төгөл” бүтээн байгуулалтын ажилд сайн дурын 500-600 оюутан залуус, ард иргэд, албан байгууллагууд оролцсон гэж “Лантуун дохио”-гийн гишүүн, “Ид шидийн орон-2” барилгын ажлыг хянаж, зохицуулж байгаа оюутан, олон нийттэй харилцах ажилтан Б.Оюунболд хэлсэн юм. Барилгын ажлын талбайг хоёр хуваасан байв. Нэг талд нь “Лантуун дохио” ТББ-ын түр оффис, харуулын гэр, 99 гацуур, хоёр мянган хайлаас тарьсан мөн талбайд сандал, модон жорлон, саравч зэргийг барьжээ. Харин эсрэг талд хоёр камаз байх бөгөөд экскаватороор газар ухаж байв.

Энэ бүгдийг ердөө хоёр сарын дотор барьж байгуулсан нь энэ юм. Олны хүч оломгүй далай гэдэг л энэ байх. 500 гаруй залуучуудын сайхан сэтгэл шинжсэн “Шидэт төгөл”- ийн өнгө үзэмж, содон, чамин харагдаж байлаа. Одоо шидэт төгөлд цөөрөм, гэрэлтүүлэг хийх л дутуу байгаа аж. Мөн байгальд ээлтэй байлгах үүднээс цахилгаан халаагуур ашиглахаар шийдсэн гэнэ. “Ид шидийн орон-1” ч мөн адил ийм шийдлийг сонгосон аж. Бидэнд “Ид шидийн орон” 1, 2-ыг өөр өөр газар барих болсон нь зүйтэй санагдсан юм. Тодруулбал, “Ид шидийн орон 1”- ийг Баянхошууны эцэст, хоёрыг Улиастайн эцэст барих болсон нь хүчирхийлэл их болдог, хотын төвөөс алслагдсан газруудад хүрч үйлчлэхийн тулд ингэж шийдвэрлэсэн байна. Чухамдаа чимээгүй хүчирхийлэл болдог газрыг сонгон авсан нь энэ гэнэ.

Олон нийттэй харилцах ажилтан Б.Оюунболдын хэлснээр замд таарсан толгойгоо боосон, согтуу залуу шиг хүмүүс энэ газарт олон байдаг бөгөөд тэдгээр хүмүүс үр хүүхэдтэй хэрнээ өөрийгөө ч авч явах чадваргүй, балчир хүүхдүүдийг айдас, аюулын дунд амьдруулдаг болохыг судалж үзсэн гэнэ. Ийм аавтай, ээжтэй хүүхдүүд зовлонт амьдралыг балчирхан биендээ үүрч явж байгаа нь харамсалтай. “Ид шийдийн орон 2”-т сэтгэлийн зовлон шаналалгүй мэдлэг, боловсрол эзэмшиж, хэсэг ч болов аз жаргал, инээд хөөрийг бэлэглэх гэсэн ид шидтэй ах, эгч нар 80 хүүхдийн багтаамжтай хүүхдийн цэцэрлэг, 50 хүний багтаамж бүхий хүүхэд, залуучуудад зориулсан танхим, 15 хүртэлх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн анги, 150-аас дээш хүүхдийн тоглоомын ногоон талбай бүтээхээр хичээж яваа аж. Энэхүү бүтээн байгуулалтын бүтэц нь “Ид шидийн орон 1”-ээс нээлттэй газар гэдгээрээ ялгаатай. Учир нь тус газар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийг түр хамгаалах байр гэсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж тэдгээр хүүхдүүдийн асуудлыг шийдэх хүртэл нь үнэ төлбөргүй асардаг тусч байгууллага юм. Сонирхуулахад лант уун дохиогийн залуучууд тун удахгүй дохионы хэл сурахаар бэлдэж байгаа гэнэ. Яагаад гэвэл “Ид шидийн орон 2”-т хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах үүднээс кофе шоф байх бөгөөд американо, латтэ зэрэг бүтээгдэхүүнүүдийн нэрийг дохионы хэлээр дүрслэх гэнэ.

Мөн “Лантуун дохио”-гийн залуучууд ажлын байр барихаар төлөвлөсөн байна. Тодруулбал, оёдлын үйлдвэр барьж, одоогийн түр оффис байрлаж буй газарт сүндэрлэх гэнэ. Ингэснээр хоёр давхар барилгын хоёрдугаар давхарт дотуур байр, нэгдүгээр давхарт өрх толгойлсон эмэгтэйчүүдийн оёдлын үйлдвэр бий болно. Харин харуулын гэр барьсан хэсэгт хүлэмж барихаар болжээ. Энэ мэт бүтээн байгуулахаар төлөвлөсөн ажил их байгаа боловч гагцхүү санхүүгийн асуудал л тулгараад байна. Тэдний төлөвлөснөөр арваннэгдүгээр сар дуусахад зураг төслийг нь бэлдсэн байгууламж бэлэн болох боломжтой. Гэвч байгууламж гүйцэд бэлэн болоход мөнгөн дүнгийн тал нь л сайн санаат хүмүүсийн буянд цуглажээ. Мөнгөнөөс гадна найман настай балчираас 80 настай буурайгийн хүч хөдөлмөр, сэтгэл шингэсэн байна. Тухайлбал, нэгдүгээр ангийн жаахан охин цэцгийн үр, цайны газарт тогоочоор ажилладаг эгч гарынхаа хоолыг хийгээд ирж. Энэ мэт олон түмний сэтгэлийн бэлэг цөөнгүй гэнэ. Хөдөлмөрч, зүтгэлтэй залуусын ажил ингэж л олны сэтгэлд хүрч, өдий хэмжээний үр дүнд авчирсан байна. 2014 оны гуравдугаар сарын 28-ны өдөр “Лантуу” мэт хүчтэй сэрэмжлүүлэг өгөх ёстой гэсэн утгыг агуулан дөрвөн залуу “Лантуун дохио” ТББ-ыг байгуулж байв. Тэд өдгөө 18-аас дээш насны 300 гишүүнтэй болжээ. Эдгээр залуучуудыг жилд хоёр удаа буюу хавар, намар элсэлт авч сонгон шалгаруулалтаар бүртгэдэг байна. Тэд зөв чиглэлийг барьж, үр дүнтэй ажилласан нь өнөөдрийн амжилтад хүргэсэн юм.

Бидний сайн мэдэх “Нүдээ нээ” жагсаал урьд хожид байгаагүй өвөрмөц үйл ажиллагаа болсон бөгөөд олон нийт “Лантуун дохио”-гийн залуучуудын үйл ажиллагааг дэмжих эх үүсвэр болж. Гэхдээ тэдний үйл ажиллагааны үр дүнг ганц жагсаалаар хэмжиж болохгүй юм. Тэд “Иш шидийн уут” арга хэмжээг шинэ жил болохоос хоёр долоо хоногийн өмнө уламжлал болгон зохион байгуулдаг. Ингэхдээ залуучуудын дундаас тандалт хийх баг гардаг. Багууд хотын төвөөс алслагдсан айлуудыг бүртгэж амьдралын түвшин хэр хэмжээнд байдаг, хэдэн хүүхэдтэй зэргийг судалж үзээд зорилтот бүлгийнхээ хүүхдүүдийг баярлуулдаг юм.

Тэдний өгсөн бэлгийг харсан хүүхдүүд “Дулаацах шиг л болдог” гэж хэлж байсан удаатай гэнэ. Учир нь залуучууд ороолт, малгай, бээлий гэх мэт жижиг гэлтгүй зүйлсийг өдөр шөнөгүй оёж, хүүхдүүдийг хэсэг ч гэсэн дулаан яваасай гэсэн халуун сэтгэлээр тараадаг. Бэлэг тараахдаа “Лантуун дохио” клубын залуучууд өвлийн өвгөн, цасан охин болно. Мөн жил бүрийн хүүхдийн баяраар “Чихрээс үнэтэй дурсамж” арга хэмжээгээ “Ид шидийн орон” дээрээ зохион байгуулна. Тэд энэ бүгдийг санаачилж хийж хэрэгжүүлэхийн тулд сайхан сэтгэлт монголчуудынхаа дэмжлэгээр нүдэнд үзэгдэж, гарч баригдах бүтээлч зүйл хийдэг юм. Дөрвөн жил шүлсээ хаттал ярьдаг улс төрчдийн хоосон амлалтыг энгийн нэгэн оюутан залуус бодит болгож чадаж байна. Ийм л залуус байга цагт итгэл хэзээд төрөх нь дамжиггүй ээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид