Улаанбаатар 1c

Г.Энхтамир: Тамирчин хүн хор шараа зөв цагтаа гаргах хэрэгтэй

М.ДУЛАМСҮРЭН

Спортын залуу мастеруудын нэг Г.Энхтамиртай ярилцлаа. Тэрбээр 2018 он “Korea, Mongolia international marathon”-ны тэргүүн байр, “Genhe China international marathon”-ны тусгай байр, “Yingkou-Bayuquan international marathon” -ны нэгдүгээр байр, “SHAOXIG internatinal marathon”-ны тусгай байр эзэлсэн өсөх ирдээдүйтэй гүйлтийн тамирчдын нэг юм.

-Юун түрүүнд өөрийгөө товчхон танилцуулаач. Гагнуурчин мэргэжилтэй залуу спортод хэрхэн дурлав?

-Би 1996 онд Улаанбаатар хотод төрж, 2012 онд 88 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Үүний дараа Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд гагнуурчин мэргэжлээр сурч төгссөн. Дараа нь Батлан хамгаалах их сургуульд нэг жил сонсогчоор сурч, 2015 онд зэвсэгт хүчний 150 дугаар ангид орсон. Спортоор анх 2012 онд буюу 14 настайдаа хичээллэсэн юм. “Алдар” спорт хорооны Х.Уянга багшийн удирдлаган дор хичээллэж эхэлсэн. Ингэхдээ өөрийн сонирхлоор сурч, өсвөрийн хөнгөн атлетикийн төрлийн 1500-5000 метр буюу дундын зайд гүйдэг байлаа. Хоёр жилийн турш хичээнгүйлэн зүтгэсний үр дүнд марафоны тамирчин болсон. 2015 оноос хойш гэсэн үг. Энэ хугацаа тийм ч амар байгаагүй. Марафоны төрөл 21-42 километрийн зайд гүйдэг учир тэвчээр, хатуужил их шаарддаг. Тиймээс ч “Алдар” спорт хорооны “Top atletik” клубт дасгалжуулагч Б.Доржпалам багшаар удирдуулан, туршлагатай олон ах эгч болон тамирчидтайгаа хамт хичээллэж, олон улсын тэмцээнүүдэд амжилттай оролцож байна.

-Сонирхолдоо хөтлөгдөн уг спортоор хичээллэж эхэлсэн гэж хэллээ. Өөр ямар спортод дурлаж байв?

-Хөлбөмбөг, бокс, морин спортын төрлөөр хичээллэж үзсэн удаатай. Аль алийг нь сурч үзсэн. Бүр хөлбөмбөгийн зэрэгтэй (инээв). Тухайн үед хамт тоглодог байсан найзууд маань одоо шигшээ багт тоглож байна. Өөрт таалагдсан спортуудаа бүгдийг нь л сурч үзэж байлаа. Ийн явсаар тэдгээр спортын дундаас хамгийн хэцүү буюу тэсвэр хатуужил шаарддаг спортыг нь сонгосон гэж боддог.

-Марафоноор хичээллэж өдийг хүрэх хугацаанд хамгийн хэцүү нь юу байв?

-Нэг өдрийн бэлтгэлийн цаг удаан үргэлжилдэг. Бэлтгэл хийх газар хомс байдгаас гадна, өвөл гадагшаа явж бэлтгэл хийдэг тул мөнгө санхүүгийн асуудал их тулгарна. Тамирчин болгонд л ийм асуудал байдаг. Бид чинь бор зүрхээрээ явдаг шүү дээ. Гэхдээ түүнээс илүү хэцүү зүйл нь бэртэл юм. Хэт удаан гүйснээс болж булчин чангарах, шөрмөс тасрах, булчин задрах тохиолдол цөөнгүй. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25- нд БНХАУ-д болсон өвлийн марафон гүйлтийн тэмцээнд оролцож байхдаа өвдөгөө гэмтээсэн.

-Тамирчдын хувьд санхүүгийн асуудал мэдээж том бэрхшээл. Амжилттай оролцсон тэмцээнүүдээс мөнгөн шагнал хэр авдаг вэ?

 -Тэмцээн болгон янз бүр байдаг. “Улаанбаатар марафон-2017”-д хагас марафоны төрөлд оролцож гуравдугаар байрт ороход хоёр сая төгрөгөөр шагнуулах жишээтэй. Тэр шагнал л хамгийн том шагнал байсан санагдаж байна. Олон улсын тэмцээнүүдэд амжилт гаргавал явж ирсэн зардлаа нөхдөг. Шагнал авч чадахгүй бол энгийн бэлтгэл хийсэнтэй л адилхан болчихно. Тиймээс бэлтгэл хийх үедээ амжилттай оролцоно гэдэгтээ итгэлтэй байж бусдаас илүү их бэлтгэл хийх ёстой. Тэгж байж л амжилт гаргана. Марафонд хэн сайн бэлтгэл хийсэн бэ гэдэг нь илт ажиглагддаг.

-Тэмцээнд ялах, ялагдахын үнэ цэн, харуусал таны сэтгэлд хэр гүн үлддэг вэ?

-Тамирчин хүнд хор шар гэж байна. Түүнийг зөв цаг, зөв газраа гаргах хэрэгтэй. Өнгөрсөн жил оюутны улсын аваргаар 5000 метрт түрүүлж, 1500 метрт хоёрдугаар байрт орсон. Мөн өөр нэг төрөлд нь дөрвөөр мултарсан. Яг тэр үед үүнээс хойш бэлтгэл сургуулилтаа өмнөхөөсөө илүү их хийх ёстой юм байна. бусад тамирчид маань чадаж байхад би чадах л ёстой гэж бодож байлаа.

-Хамт бэлтгэл хийдэг багийн уур амьсгал амжилтанд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Бэлтгэлд хамт гардаг багийнхан маань чаддаг бүх зүйлээ харамгүй зааж өгдөг. Үүнд би маш их талархдаг. Аливаа зүйлийг алдаанаасаа суралцдаг гэдэг. Бас туршлага арвин нэгний үгийг сонсож, хэрэгжүүлэх нь их чухал юм. Миний хувьд баг хамт олны маань өгсөн заавар, зөвлөгөө бүхнээс үнэтэй байдаг.

-Мастер цолны болзлыг хэзээ хангав?

-Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 25-нд болсон тэмцээнээс спортын мастер цолны болзол хангасан байгаа.

-Хөнгөн атлетикаар хичээллэхэд насны ангиллыг хэрхэн хуваадаг юм бэ?

-Өсвөрийн нас буюу 17 нас хүртэлх хүүхдүүд 1500-аас доош болон таван мянга, 10 мянган метрт уралддаг. Насанд хүрэгчид буюу мэргэжлийн тамирчид нь 100 метрээс 42 км хүртэлх замыг туулах ёстой. Ингэхдээ тамирчин болгон өөрийн бие физиологийн ялгаанаас хамаараад өөр өөр хэмжээгээр дагнан хичээллэж болдог. Дасгалжуулагч нарын хувьд тамирчин нь ямар төрлийн тэмцээнд оролцож байгаагаас хамаараад онцлогт нь тохируулж бэлтгэл хийлгэнэ. Тамирчин гэж нэрлэхийн учир нь тусгай тактик, дадал туршлагад л оршиж байгаа юм даа.

-Олон улсын тэмцээний гол өрсөлдөгчид хаанах вэ?

-Кевитов маш сайн. Дэлхийн хамгийн богино хугацаанд гүйсэн рекордыг өнгөрсөн жил Кавчэго гэдэг тамирчин 42 км-т хоёр цаг нэг минут 50 секунт гүйж эвдсэн.

-Таны хувьд 42 км-т хамгийн багадаа хэдэн минут гүйж байв?

-2016 онд хоёр цаг 44 минут 20 секунт байсан бол 2018 онд хоёр цаг 26 минут найман секунтэд туулсан.

-Оройн болоод хэтийн зорилго?

-Мэдээж тамирчин хүний хувьд олимп хамгийн том зорилго нь байдаг. Мөн энэ жилийн хувьд бэлтгэлээ тасралтгүй сайн хийж байгаад олон тэмцээн уралдаанд орохоор төлөвлөсөн байгаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Тамир дүүд амжилт хүсэе
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
  • Bayr hvrgii dvdee ulam mundag tamirchin bolooroi
    2019 оны 10 сарын 23 | Хариулах
Нийтлэлчид