Улаанбаатар 1c

Хамаатнуудаа санагалзах халуун усгүй улирал эхэллээ

Орон сууцны конторт мөнгө төлдөгийнхөө буянаар жил бүрийн зун халуун усгүйн гачаалд ороод дасчихаж дээ. Хүнээр бол нийслэл хот минь хөгширчихөөд судас нь бөглөрөх гээд байх шиг байгаа юм. Үүнээс сэргийлэн ганц нэг инженерүүд нь дуугарч, хэдэн засварчид зуны халууныг ажралгүй өдөр шөнөгүй л ухаж төнхөж байгаа харагддаг.

Харин дарга нарын хүрээлэлд бол тэнгэрт тулсан мөнгөн дүн дам дамандаа дуулддаг. Тиймээс чанаргүй хямдхан материал нийлүүлэн засвар хийж, дараа жил нь дахидаг гэх хар таамаг гарсан байдаг шүү. Нэг ёсны эмгэнэл ч гэж хэлж болохоор дуусдаггүй их засвар хэзээ дуусахыг мэдэхгүй юм. Гэхдээ улаанбаатарын дулааны сүлжээг хариуцсан этгээдүүдийн урт удаан засвар саарын хажуугаар бас сайн талтай. Цагаан сараар ч учран золгож чаддаггүй хамаатнуудтай минь уулзуулдагт нь талархалгүй яах вэ.

Ганц нэг мөнгө зээлээд утсаа салган, сошиалд блоклоод алга болсон найзууд хүртэл “Танайд халуун ус тасраагүй гэдгийг мэдчихлээ” гээд хаалга тогших жишээтэй. Ямартай ч энэ жилийн халуун ус таслах хуваараар хагас сар халуун ус үзэхгүй нь бололтой. Өнгөрсөн жил нэг сар халуун усанд ороогүйг бодоход, дэвшил гарсан гэх юм уу

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид