Улаанбаатар 1c

Гадаад харилцааны сайд нар албан ёсны хэлэлцээ хийв

NPost.mn
2019-06-07 11:40

Бүгд Найрамдах Сингапур Улсад албан ёсны айлчлал хийж буй Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар энэ сарын 6-нд тус улсын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай албан ёсны хэлэлцээ хийв.

Талууд хоёр талын харилцааг худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, боловсролын салбарт тэлж, олон улс, бүс нутгийн талбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр ярилцлаа.

Монгол, Сингапурын хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Монгол Улсын Гадаад харилцааны сайд анх удаа Сингапур Улсад албан ёсны айлчлал хийв.  Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ирэх онд тохиох дипломат харилцаа тогтоосны  50 жилийн ойг тэмдэглэх хүрээнд сайд Вивиан Балакришнан Монгол Улсад айлчилна гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

Улс төрийн найрсаг харилцаа бэхжиж,  хамтын ажиллагааны эрх зүйн үндэс бүрдсэн тул цаашид бизнес, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх цаг болсныг талууд тэмдэглэсэн юм. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Сингапур Улс Монгол Улсыг Зүүн Азийн дээд түвшний уулзалтад оролцох, АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв. Харин Сингапурын тал Монгол Улсын төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг түгээхэд дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 100 сая үзэгчидтэй “Channel News Asia” сувгийн шууд нэвтрүүлэгт оролцож, Монгол, Сингапурын харилцаа болон Монгол Улсын гадаад бодлогын талаар ярилцлага өгөв. Мөн Сингапур Улсын Үндэсний Судалгааны сан нь Сингапурын судалгаа, инновацад суурилсан хөгжлийн бодлого, стратегид хөрөнгө оруулалтын дэмжлэг олгодог бөгөөд Сингапур улсын өнөөгийн хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Тиймээс тус сангийн удирдлагыг Монгол Улсад урьж, манай улстай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахыг манай талаас санал болгов.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид