Улаанбаатар 1c

“Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаа” төсөл 2021 он хүртэл хэрэгжих нь

NPost.mn
2019-06-07 15:45

“Монгол уртын дуу лимбэдэх уламжлалт арга битүү амьсгаа” төсөл тавдугаар сараас орон даяар хэрэгжиж эхлээд байна. Төслийг БСШУСЯ-ны харьяа Соёлын өвийн үндэсний төв, ЮНЕСКОгийн Монголын үндэсний комисс, “Монгол лимбэчдийн холбоо” төрийн бус байгууллага хамтран ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг дэмжих сангийн санхүүжилтээр 2019-2021 онд хэрэгжүүлэх юм. Устах аюулд хүрч, өвлөн уламжлагч тасарч буй гэж үзэн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга болох битүү амьсгааг ЮНЕСКО-гоос Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад 2011 онд бүртгэсэн байдаг. Зөвхөн уртын дууны айзам, донж маяг, агуулгыг бүрэн илэрхийлж, битүү амьсгаагаар чадварлаг тоглоход эл өвийн онцлог оршдог билээ.

Сонирхуулахад, Ховд, Завхан, Өмнөговь аймаг нь битүү амьсгааг өвлөн уламжлагчдын өлгий нутаг бөгөөд 99 мянган ам.долларын санхүүжилттэй уг төслийн хүрээнд дээрх аймгуудаас уг өвийг эзэмших авьяастан, өвлөн уламжлагчийг илрүүлж, баруун, зүүн, төвийн бүсэд шавь сургалтын танхим байгуулах юм. Мөн лимбэ урлах уламжлалт аргыг судлах, уралдаан, наадам зохиох, лимбэчдийн бүтээлийг таниулах ном, баримтат кино бүтээх, хуурцаг гаргахаар төлөвлөөд байна. Эл өвийг хамгаалах, уламжлуулахад олон нийтийн оролцоо чухал гэдгийг төсөл хэрэгжүүлэгчид онцолж байлаа.

Битүү амьсгаа гэдэг нь лимбийг үлээх явцдаа амьсгал авах, гаргах хоёр үйлдлийг зэрэгцүүлэх арга бөгөөд төслийн явцад энэхүү өвийг 10 багш 30 өвлөн уламжлагчдад заана.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй байна

Нийтлэлчид