Улаанбаатар 1c

МАК дэлхийн дахин нэг стандартыг Монголдоо нутагшууллаа

МАК компани дахин нэг шинэ евро стандартын үйлдвэрээ нээж, австри болон герман технологийг хослуулан хаалга, цонх, гадна фассадыг эх орондоо үйлдвэрлэж эхэллээ. Бүрэн автомат “МАК Euro Windoor” үйлдвэр үндсэн гурван хэсгээс бүрдсэн. Долоон мянган шоо.метр талбайг хамарсан гэдэг утгаараа энэ чиглэлийн үйлдвэрийн объектууд дундаа Монголдоо хамгийн томд тооцогдож байна. Зөвхөн хөнгөн цагаан хүрээтэй хаалга, цонх, фассат үйлдвэрлэх хэсэг нь жилдээ 30 мянган шоо. метрийн хүчин чадалтай, 30 мянган шоо.метр шил боловсруулан вакумжуулах хэсэг, мөн зургаан мянган шоо.метрийн үйлдвэрлэх бололцоотой модон цонхны хэсгээс бүрджээ.

Тус үйлдвэр түүхий эдээ гадаадаас татаж байгаа нь эдийн засгийн хувьд эрсдэл болж мэдэх ч дэлхийн стандарт өөрөө олон улсын шаардлага хангасан түүхий эд шаардах болсныг шинэхэн бүтээгдэхүүнүүдийг нь нүдээрээ үзэж, гараараа мэдэрсэн мэргэжилтнүүд онцолж байлаа. Энэ шаардлагын дагуу Сибирээс дээд зэргийн шаардлага хангасан мод татаж, герман технологиор боловсруулж байгаа аж. Энэ нь хүний эрүүл мэндэд сайн нөлөөтэй модон хаалга, цонх хэрэглээний явцад гаждаг гэх хуучирсан технологийг монголчуудын уламжлалт сэтгэлгээний хамт халах ач холбогдолтой гэнэ. Мөн шил боловсруулах хэсэгт австри тоног төхөөрөмж суурилуулсан бол хөнгөн цагааны хэсэгтээ герман брэндийг сонгожээ. Эдгээр нь бүгд барилгын материалын үйлдвэрлэлийн салбартаа дэлхийд ноёлж байгаа брэндүүд.

Бүх тоног төхөөрөмж нь бүрэн автомат учраас үйлдвэрлэлийн явцад технологийн алдаа гарна гэсэн ойлголт байхгүй бөгөөд шилийг 100 хувь ухаалаг компьютерын тооцооллын дагуу эдийн засгийн хувьд хамгийн хэмнэлттэй хэмжээгээр зүсэж, тааруулах жишээний. Зүссэн шилээ дараагийн шат дамжлагийн машинд оруулснаар 2-3 давхраар нь вакумжуулан гаргадаг байна. Вакумжуулсан шилний хооронд аргон хий шахсанаар дулаан алдагдал гарахгүй давуу талтай аж. Энэ мэтээр бүх хэсгийн тоног төхөөрөмж бүрэн автомат гэдэг нь хүссэн хэмжээ, загвараараа цонх, хаалгаа захиалах боломжтойгоос харагдана. Энэ бүхнийг МАК компани 100 хувь эрсдэлээ даан өөрсдийн хөрөнгөөр бүтээсэн бөгөөд нийтдээ есөн сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалтаар боссон тус үйлдвэр таван жилийн дотор хөрөнгө оруулалтаа нөхнө гэдэг санхүүгийн тооцоололтой ажиллаж эхэлж байна.

Үйлдвэрийн нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй эрхмүүд оролцож, танилцаад гарна лээ. Энэ үеэр Н.Багабанди гуай хэлсэн мялаалгын үгэндээ “Евро стандартыг эх орондоо нутагшуулж байгаа баярт үйл явдлын гэрч болж буйдаа баяртай байна. Улс орны хөгжлийн нэгээхэн хэсгийг тольдон харж буй азтай хүмүүс бид боллоо. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Үүд сайхан бол айл сайхан байна. Цонх бол ертөнцийг харах гэрэл гэгээ. Нарны гэрлийг гэр орондоо авчрах тэр эерэг энергийг татдаг барилгын бүтэц юм. Энэ сайхан билэгдэлт айл гэрийн голомтыг бадраах хоёр бүтцийг үйлдвэрлэх дэлхийн технологийг нэвтрүүлж байгаа МАК-ийн хамт олонд баяр хүргэе. Энэ технологийг нэвтрүүлснээр дулааны алдагдал багасна. Хүний ахуйн соёл нэмэгдэнэ. Цаашид шинэ шинэ технологийг Монголдоо нэвтрүүлж, олон олон хүнийг ажил амьдралтай болоход нь тус дэм болоорой” гэсэн юм. Тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр орон нутагтаа 100 гаруй ажлын байр бий болгож байгаа. Бүр тодруулбал, Төв аймгийн Сэргэлэн суманд нийгмийн чухал ач холбогдолтой бүтээн байгуулалт болсныг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар онцолж байлаа. Тэрбээр “Монгол Улсын барилгын салбар сүүлийн 20 гаруй жил бодитоор хөгжиж байна. Бүтээн байгуулалтаа дагаад барилгын материалын үйлдвэрлэл эрчимжиж байгаа. Энэ хөгжилд МАК компани хувь нэмрээ оруулж, европ чанарыг монголчуудын амьдралд нэвтрүүлсэнд бахархаж байна. 

Тус үйлдвэр шууд болон шууд бус нөлөөллөөрөө барилгын салбарын хөгжил, цаашлаад улс орны эдийн засаг бодит хувь нэмрээ оруулна. Шууд утгаараа хөрөнгө оруулалт хийн татвар хураамж, залуусыг сургаж бэлтгэн ажлын байр бий болгоно. Шууд бус утгаараа нийслэлийн дагуул хотуутад ажлын байр бий болгож байгаа нь нийгмийн асар их ач холбогдолтой бүтээн байгуулалт юм. Дагуул хотуудад ажлын байр бий болсноор төвлөрөл буурч нийслэлийн төвлөрөл буурах ач холбогдолтой. Чанартай хаалга, цонх үйлдвэрлэснээр барилгын дулаан алдагдлыг бууруулж, Улаанбаатар хотод тулгамдаад буй агаарын бохирдлыг бууруулахад өндөр үүрэг гүйцэтгэнэ гэж ойлгож байгаа” хэмээн онцлон тэмдэглэлээ.

Харин зах зээл дээр борлогдож буй хаалга, цонхтой үнэ өртгийн хувьд өрсөлдөгч байх эсэхэд МАК компанийн төслийн удирдлагын газрын захирал П.Тэмүүлэн хариулахдаа, “Импортын чанар муу бүтээгдэхүүнүүдтэй харьцуулахад бага зэрэг өндөр байж мэднэ. Гэхдээ бид бүтээгдэхүүнээ өрсөлдөхүйц хэмжээний үнэтэй борлуулахаар тооцоолж байгаа. Хэрэглэгчдийн хувьд таатай хүлээн авч эхэлсэн. Үйлдвэр маань ашиглалтад орж амжаагүй байхад л 2-3 томоохон төсөл дээр хамтрах захиалга орж ирээд байна” гэлээ.

“МАК Euro Windoor” нь МАК компани евро стандартын нэвтрүүлсэн гурав дахь үйлдвэр болж байгаа юм. Тэр болгон дээр дурдсан нийгмийн болон эдийн засгийн ач холбогдлуудыг агуулсан байсан. Тухайлбал, Төв аймгийн Сэргэлэн суманд байрлах евро стандартын үйлдвэр барилгын салбарт технологийн том дэвшил авчраад зогсохгүй орон нутагт олон арван ажлын бий болгосон. Мөн Дорноговь аймгийн Даланжаргалант суманд байгуулагдсан евро цементийн үйлдвэр жилд нэг сая тонн цемент болон 100 мянган тонн шохой үйлдвэрлэж эхэлснээр, цагтаа нэг тонн нь 250 мянган төгрөг хүрээд байсан цемент 150 мянга болсон эдийн засгийн ач холбогдолтой байсан юм. Ингэснээр жилд 32.5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, 70-75 орчим сая ам.долларын импортыг орлон валютын гадагш чиглэсэн урсгалыг хаасан. Харин орон нутагт 900 орчим ажлын байр шинээр бий болгосон юм. Ийнхүү “Монголын алт корпорц”-ын хэмжээнд хоёр мянга гаруй байнгын ажлын байр бий болгожээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид