Улаанбаатар 1c

Олон улсын түншүүдийн эргэлзээг ОУВС батлав уу

ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”- ийн санхүүжилт гацаанд ороод багагүй хугацаа өнгөрлөө. Ирэх онд болох парламентын сонгуулийн өмнөхөн дуусгахаар гэрээлсэн уг хөтөлбөрийн нийт санхүүжилт 5.5 тэрбум ам.доллар байх учиртай. Хоёр тэрбум нь Монголбанк БНХАУ-ын Ардын банк хооронд хийсэн юанийн своп хэлцлийг сунгах хэлэлцээр. Үлдсэн 3.5 тэрбум нь ОУВС, Дэлхийн банк, Япон, Солонгос тэргүүтэй олон улсын донор байгууллагууд болон орнуудаас манайд үзүүлэх нэн хөнгөлөлттэй зээл.

Тодруулбал, ОУВСгаас ойролцоогоор 434.3 сая ам.долларын зээлийг 15 жилийн хугацаатай олгох бөгөөд эхний таван жилийн хугацаанд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, жилийн хоёр хувиас доош хүүтэй олгохоор тогтсон. Азийн хөгжлийн банк 900 сая ам.долларын зээл олгохоос 600 сая ам.доллараар төсвийн алдагдлыг нөхөх, 300 сая ам.долларын төсөл хөтөлбөр санхүүжүүлэх юм. Дэлхийн банк 600 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг 15 жилийн хугацаатай, мөн л хоёр хувиас доош хүүтэй зээлүүлэхээр амласан байдаг. Уг мөнгөөр 2017- 2019 онд төсвийн алдагдал санхүүжүүлэхэд зориулан зээлүүлэхээр болж байв. Түүнчлэн Япон, БНСУ-аас 1.3 тэрбум орчим ам.долларын хөнгөлөлттэй зээл олгоно гэж хөтөлбөрийн гэрээнд тусгасан юм. Харин одоогийн байдлаар дээрх мөнгөн дүнгээс нэг тэрбум орчим ам.долларын санхүүжилт орж ирээд байгаа аж. Тэгвэл бусад санхүүжилт гацсан нь дараах гурван шалтгаантай.

1. ОУВС Монголын арилжааны банкуудын активт дахин шалгалт хийх шаардлага тавьсан. Одоогоос долоон сарын өмнө Валютын сангийн ажлын хэсэг Монголд ажиллаад, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг зургаа дахь шатанд нь хэрэгжүүлэхээр тохиролцсон байдаг. Гэвч Валютын сангийн Захирлуудын зөвлөл батлалгүй өнөөдрийг хүрсэн юм. Учир нь хөтөлбөрийн хүрээнд Монголын арилжааны банкуудад хийсэн активын чанарын үнэлгээгээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хангалтгүй гэж үзсэн гэнэ. Олон улсын аудит 2017 оноос хойш Монголын арилжааны 14 банкинд активын шалгалт оруулахад, нийтдээ 511 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгийн дутагдал илэрсэн. Арилжааны банкууд ч арга хэмжээ авч өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн талаар Төв банкнаас мэдээлж билээ.

Гэвч Валютын сангаас арилжааны банкуудын өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэрийг олон улсын аудитаар дахин нягтлуулах шаардлагатай гэж үзсэнээр гацаад байгаа аж. Нэр бүхий улстөрчидтэй холбогддог “Капитал” банкны дампуурал ч үүнээс эхтэй гэдийг олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч “Фитч” агентлагаас саяхан гаргасан мэдэгдэлд дурдсан байгаа юм. Тус агентлагийн мэдэгдэлд Валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хийсэн “Активын чанарын үнэлгээний нөлөөгөөр Монгол Улсын банкны салбар илүү хүчирхэг болно” хэмээн онцолсон юм. Цаашид ч зарим банкуудын хувьд өөрийн хөрөнгөө дахин нэмэгдүүлэх шаардлага байж болзошгүй. Улмаар өөрийн хөрөнгийн дутагдалтай дахин нэг системийн бус банкийг активын чанарын үнэлгээний үр нөлөөгөөр үйл ажиллагааг нь зогсоож ч магадгүй гэсэн хүлээлт тус агентлагийн зүгээс байгааг дурдсан. Энэ нь банкны салбарын чанаргүй зээл өссөнтэй холбоотой аж. Албаны эх сурвалжуудын өгч буй мэдээллээр “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн санхүүжилт гацсан эхний шалтгаан энэ боловч одоо дурдах хоёр нөхцөл байдал саад хийх цаад учир байх магадлал өндөр гэдгийг судлаачид хэлэх боллоо.

2. Монголын эрх баригчид төсвийн бодлогоо тэлснээр эрчимтэй буурч байсан алдагдал эргээд өсөх замдаа орсон. Монгол Улсын Засгийн газар нэн хөнгөлөлттэй 5.5 тэрбум ам.долларын зээл авахын тулд төсвийн сахилга батаа сайжруулж, төрийн зардлынхаа нэгдмэл байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулж, төлбөрийн тэнцлийн алдагдлыг багасгана гээд олон улсын доноруудынхаа өмнө ам гарчихсан. Энэ амлалтад олон улсын доноруудын эргэлзэх шалтгаан нь УИХ энэ оноос эхлэн төсвийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх замаар шат дараатай буурч байсан алдагдлаа нэмэгдүүлсэн явдал.

Уул уурхайн орлогын нөлөөллөөр 2018 онд 12 тэрбум төгрөгийн ашигтай гарсан төсвөө 2019 онд 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай болтол нэмэгдүүлсэн учраас тэр. Гал дээр тос нэмж, хэдхэн хоногийн өмнө 2020 төсвийн алдагдлыг бүр 2.1 их наяд төгрөг болгож орхилоо. Засгийн газраас ирэх оны төсвийн орлогыг 11.1 их наяд төгрөг, зарлагыг 13.2 их наяд төгрөг байхаар нэмэгдүүлсэн бөгөөд энэ нь парламентын сонгууль давхцаж байгаатай холбоотой болов уу. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ОУВС-тай Засгийн хувьд үйл ажиллагаа маш сайн байгаа. Эдийн засгийн өсөлт 6.9 хувьд хүрч төсвийн сахилга бат сайжирч, төсөв ашигтай гарсан. Мөн манай улсын зээлжих зэрэглэл нэмэгдсэн” хэмээн ярьсан байна.

3. Төв банкны зүгээс мөнгөний зөөлөн бодлого баримтлах боломж бүрдээгүй ч улстөрчдийн зүгээс мөнгөний нийлүүлэлтийг өсгөх шахалт хийх болсон. Монголбанкнаас мөнгөний бодлогоо зөөлрүүлэх хүлээлт мөн л улс төр дагасан сонгуулийн мөчлөгтэй холбогдож буй. Хэдийгээр эдийн засагчид гадаад орчин тааварлашгүй, дотоод эрсдэл буураагүй энэ үед мөнгөний бодлогоо зөөллөх нь маш өндөр эрсдэлтэй гэдгийг сануулсаар байгаа ч эрх баригч намын зарим гишүүний зүгээс эдийн засагт мөнгө цутгах шаардлага тавьж эхэлсэн. Ерөнхийдөө УИХ-аас энэ оны төсвийг баталсан цагаас эхлэн төсвийн бодлого, Монголбанк шахаанд орсон гэж болно. Тэгвэл энэ талаар эдийн засагч Ч.Хашчулууны манай сонинд нийтэлсэн ярилцлагад “Уг нь төсвийн тэлэлт гэдэг маань сонгодог утгаараа мөчлөг сөрсөн бодлого юм. Онолоор бол төсвийн тэлсэн бодлого нь мөнгөний хатуу бодлоготой уялдах ёстой гэж үздэг.

Тэгэхээр энэ хоёр бодлого хоёр өөр чиглэлтэй байх ёстой юм. Хоёулаа нэг чиглэлтэй байвал эдийн засагт хэт халалт бий болж, инфляц өснө. Эсвэл эсрэгээрээ гүн гүнзгий хямрал болох эрсдэлтэй. Тийм учраас өнөөгийн нөхцөлд төсвийн бодлогын хүрээнд мөчлөг сөрсөн байдалтай, маш эрчимтэй тэлж байгаа үед мөнгөний бодлого маш хянуур байх шаардлагатай. Сүүлийн хэдэн жилийн нөхцөл байдлыг харвал сонгуулийн өмнөх жилд маш их хэмжээний мөнгө амладаг, тараадаг, эсвэл төсвийг замбараагүйгээр тэлж, алдагдлыг нэмэгдүүлдэг. Санхүүгийн хувьд туйлын хариуцлагагүй байдал руу ордог. Сонгуулийн дараа засаг солигдохоор шинэ Засгийн газар нь өмнөхөө шүүмжлээд, эдийн засгийн хүндрэл, хямралтай нүүр тулдаг. Тэгээд л ОУВС-аас тусламж гуйдаг, тусламж гуйсныхаа дараа тэрнийгээ шүүмжилдэг. Иймэрхүү өөрөө өөрийгөө хорлодог гэмээр үзэгдлээс салмаар байна. Магадгүй 2020 онд өөр Засгийн газар гарч ирээд, өмнөх бодлогоо шүүмжлээд, 2021 онд дахиад л ОУВС-нд хандахыг үгүйсгэх аргагүй. Түүний оронд 2021 онд хямрал үүсгэхгүй байх, валютын санд хандахгүй байхаар санхүүгийн болон мөнгөний бодлого хэрэгжүүлбэл зохистой.

Ингэж чадвал инфляцыг нэмэгдүүлэхгүй, төгрөгийн ханшаа хамгаална. Гуравхан сарын дараа 2020 оны төсөв орж ирнэ. Төсвийн алдагдал бага, зардал оновчтой байх чиглэл рүү яваасай гэж бодож байна. Манай улс төрийн намууд мөнгө цацаад сонгуульд ялдаггүй гэдгийг харсан байх. Тэгэхээр сонгогчид илүү ухаалаг болж, эдийн засгийн сайн бодлогыг хэрэгжүүлдэг улс төрийн хүчнийг үнэлдэг болоосой гэж хүсч байна. Бэлэн мөнгөний амлалт эдийн засгийг ална гэдгийг сонгогчид ойлгосон. Улс төрийн намууд улс орны эдийн засгийг хямралаас гаргаж, олон ажлын байр бий болгож, төсвөө хэмнэж чадсанаараа ард түмнээс оноо авна. Түүнээс биш учиргүй их төсөл, хөтөлбөр гаргаж ирээд, баахан мөнгө үрээд, байхгүй мөнгийг нь зээлж аваад яваад сайн үр дүнд хүрэхгүй гэдгийг ойлгоосой гэж хүсч байна. Мөнгөний бодлогын хүүг огцом бууруулаад, төгрөгийн нийлүүлэлтийг нэмэгдүүлэх шалтгаан болохгүй.

Тэгвэл эхний ээлжид үнийн өсөлтийг дэвэргэнэ, хоёрдугаарт төгрөгийн ханшийг унагаах аюултай. Манайх шиг эмзэг эдийн засагтай, гадаадаас маш их бүтээгдэхүүн импортолдог улсын хувьд энэ нь үнийн өсөлтийг хөөрөгдөх үр дагавартай. Тийм учраас мөнгөний бодлогын төлөвийн хувьд энэ онд сулруулах боломж харагдахгүй байна. Нөгөөтэйгүүр сонгуулийн өмнөх жил гэдэг утгаараа төсвийн тэлэлт нэлээд их явагдаж байна. Эдийн засагт төсвийн тэлэлтээр дамжсан мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед мөнгөний бодлогын хүүг сулруулбал, өнөөг хүртэл бий болгосон амжилтууд маань нэг шөнийн дотор л алга болох эрсдэлтэй” гэсэн юм.

Ямартай ч дээрх гурван нөхцөл байдлаас үүдэн Монгол Улсын одоогийн валютын нөөцтэй тэмцэх хэмжээний санхүүжилт гацаад байна. Нөгөө талд нь Засгийн газрыг 2021-2024 онд Монголын түүхэнд байгаагүй буюу 2.9 тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлт хүлээж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2021 онд Мазаалай бондын 500 сая ам.доллар, 2022 онд нэг тэрбум ам.долларын Чингис бонд, 2023 онд 600 сая. ам.долларын Хуралдай бонд, 2024 онд 800 сая ам.долларын Гэрэгэ бондын төлбөрийг хийх чадвартай байх ёстой. Тэр үед “дампуурал” зарлахгүйн тулд доноруудаас татах валютаа нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн үг

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид