Улаанбаатар 1c

Бөөмсийн тэсрэлт

Бид санамсаргүй бөгөөд санаатай учирч, салж, нийлж хувь төөрөг заяа тавиландаа захирагдаж яваа гэлтэй. Гэвч төдийгөөс өдийг хүрэхэд болсон бүхэн ямар нэгэн холбоотой мэт санагдах үе цөөнгүй. Цаанаасаа л нэг учир холбогдолтой эсвэл огт учир холбоосгүй оршин байдаг гэвэл та итгэх үү. Тэгвэл МУЭ-ийн гишүүн, зураач Д.Дуулалын “Холбоос” үзэсгэлэнгээс бэлтгэсэн сурвалжлагаа уншигч танд хүргэж байна.

Намуухан салхитай, бороо шивэрсэн өглөөг угтлаа. Бага үдийн алдад зураачтай уулзахаар “MN” цамхагийн 17 давхарыг зорьсон юм. Тус галерейд очих үеэр пянз тоглуулагчаар хэмнэл бүхий аяз эгшиглэж цагаан хананд өнгө өнгийн зургууд өлгөсөн байлаа. Зургийг холоос харахад үй олон цэг мэт боловч удаан ажиглавал бөмбөлгүүд хөдөлгөөнд орж буй мэт мэдрэмж төрөв. Танхимыг нар зөв тойрон зураг бүхнийг тогтон харлаа. Удаан харвал толгой ч эргэх шиг болоод өнгөнөөс өнгөний хооронд шилжин байв. Эхний эгнээ зураг бол бөөрөнхий бэлдэц дээрх долоон цуврал “Радио долгион” гэсэн нэртэй бүтээл байлаа.

Тус зургуудад сансар огторгуй, галактик, од эрхэс, сүүн зам, долоон бурхнаас үүдэлтэй мэт хэлбэр дүрснүүд нэгнийгээ олоод эвлэн нэгэн цул болсон мэт санагдав. Завсарын өнгөнөөс эхлүүлээд тод өнгө хүртэл бүх өнгийг ашиглан олон, олон “дот”-ууд дээр ямар нэгэн утга бүхий, эсвэл ямар ч утга агуулаагүй бүтээлүүд эгнэсэн байв. Нөгөөтээгүүр абстракт зургууд нь үзэгчдэд ямар ч мэдрэмж төрүүлж болдгоороо онцлог юм. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээлийг хүн бүр өөр өөрийнхөө сэтгэхүйгээр тэс ондоо байдлаар тайлан унших явдал аж. Сэтгэл судлаачид ихэнх бүтээлд муур эсвэл туулай дүрслэгдсэн байгааг олж харжээ. Харин зураач үүнийг тайлбарлахдаа “Би албаар туулай эсвэл муур дүрсэлнэ гэж бодоогүй ээ. Энэ олон бөөмсүүд нийлээд туулай болж харагдаж байгаа нь сонирхолтой байна” гэв. Зураач Д.Дуулал нь өөрийгөө “Хийсвэр бөөмсөн ертөнцөд зугаалж буй, шинийг эрэлхийлэн, уртаас урт замыг туулахаар шулуудан гарсан адал явдалч, хайгуулчтай зүйрлэж байна” хэмээжээ. Энэхүү үзэсгэлэнгийн зургууд цэгэн буюу бөмбөлгөн элементүүдээс бүрдэх ба энэ бүх элементүүд бие даасан салангид шинж чанартай боловч өөр хоорондоо маш нягт холбоотой аж.

Энэхүү холбогдоогүй холбоосоор уг үзэсгэлэнгээ “Connection” гэж нэрлэжээ. Д.Дуулал зураач ерөнхий боловсролын сургуульд багшилдаг бөгөөд өнгөрсөн сард “Урлан бүтээх” төвийн сурагчидтай хамтран үзэсгэлэн дэлгэжээ. Тус үзэсгэлэнгээр сурагчдын бүтээлийг худалдаалж хоёр сая орчим төгрөг цуглуулан Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээнд хандивласан байна. “Хүүхдүүд сэтгэл санаа, гэр бүлийн байдлаасаа хамаарч янз бүрийн зураг зурдаг. Гэхдээ тухайн зургаас хүүхдийн сэтгэл зүйн байдлыг мэдэх боломжтой. Ар гэртээ асуудалтай, эсвэл эцэг эх нь салсан хүүхдийн зураг илт мэдэгддэг гэхүү дээ. Хүүхэд бүрийг зураач бол гэж би хэлдэггүй. Угаасаа ч бүх хүүхэд зураач болох боломжгүй. Тэгэхээр зүгээр л сэтгэл санаа болон өөрийгөө зургаар илэрхийлж ямар нэгэн мэдрэмж авч байхад л болно” гэв.

Тэрбээр нягтлан бодогч мэргэжилтэй бөгөөд Турк Улсад менежерээр магистраа хамгаалжээ. Гэр бүлээс нь удамшсан зураач байхгүй. Харин ээжийнх нь талд урлагийн хүмүүс цөөнгүй байдаг гэв. Турк Улсад суралцаж байхдаа зургийн дугуйланд суралцаж өөрийн авьяас чадвараа нээн хөгжүүлсэн байна. Удалгүй эх орондоо ирээд СУИС-ийн Л.Бумандорж багшийн урланд нэг жилийн хугацаанд уран бүтээл туурвижээ. Тэрбээр “Би азтай хүн. Багштайгаа ямар нэг холбоосоор холбогдож учирсан гэж боддог. Ямар ч орлого байхгүй ч гэсэн өдөр бүр уран бүтээлээ хийхдээ үнэхээр дуртай байдаг. Зүгээр л дуртай зүйлээ дурлан, дурлан хийж байгаа нь хамгийн сайхан. Өнөө маргаашдаа идэх талхтай байвал өөр хүсэх зүйл алга. Баян байгаад яахав дээ” гэв. Хүн хаана байх ёстойгоо олох, юу хийх дуртайгаа мэдэх нь амьдралын нэг зорилго гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх биз ээ. Түүний хэлснээр “Би яг энд л байх ёстой хүн. Зураг зурах нь миний л хийх ёстой зүйл” хэмээн итгэл төгс ярьж байлаа. Тэрбээр дараагийн уран бүтээлийн үзэсгэлэнгээ хэдийнээ төлөвлөжээ. Үзэгчдэд инстиляц буюу 3D бүтээлээ танилцуулах юм байна.

Харин уран бүтээлчийн мөрөөдөл нь зурсаар л байх гэнэ. Эрс тэс өнгөнүүдийн хослол нь бодит амьдралаас хол хийсвэр, дүрслэл нь чөлөөт сэтгэлгээний өнцгийг илэрхийлжээ. Зохиомжийн хувьд чөлөөтэй задгай, олон өнгийг хослуулсан байдал нь зураач өөрийн сэтгэлзүйн онцлогтой уялдуулахыг хичээс эн мэт анзаарагдаж байв. “Миний уран бүтээлээс хэн нэгэн, ямар нэгэн мэдрэмж аваасай гэж хүсдэг. Тухайн үзэгч миний бүтээлүүдээс юуг ч мэдрэхийг үгүйсгэхгүй. Би зурганд нэр өгөхийг хүсдэггүй. Нэр өгсөнөөр хайрцаглагдсан мэт санагддаг. Гэхдээ үзэгчид ямар нэгэн нэр өгөхийг илүүд үздэг” гэв. Тэрбээр монголд урлаг хөгжихөд, уран зураг үнэлэгдэх боломж хомс тул гадагшаа бүтээлээ танилцуулахыг хүсдэгээ нуусангүй.

“Холболт” үзэсгэлэн нь тус зураачийн гурав дахь бие даасан үзэсгэлэн бөгөөд энэ удаа 44 бүтээл дэлгэжээ. Арга техникийн хувьд цэглэх буюу (Doting) аргыг ашигласан байна. Тус үзэсгэлэн энэ сарын 5-12-ны хооронд үзэгчдийн хүртээл болох аж. Тэрбээр өөрөө томьёолохдоо “бөөмс” хэмээн нэрлэжээ. Бөөмсүүд цуглаад, тараад, олон тийш тэмүүлээд, нэг цэгт бөөгнөрөл үүсгэсэн нь бөөмсийн тэсрэлт мэт...

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • авьяастай дүүгийн цаашдын амьдрал .уран бүтээлд нь сайн сайхныг хүсье
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
  • Uzegch
    Uzesgeleng n ochij uzsen. Ungunii baylag medremj gej tedgeer zurguudiig heleh baihdaa. Tsaashdiin uran buteeld n undruus undur amjilt husey
    2019 оны 06 сарын 11 | Хариулах
Нийтлэлчид