Улаанбаатар 1c

Хятадад сурахад жилд дунджаар 11 сая төгрөг зарцуулдаг бол Киргизстанд Ердөө 1.5 сая

Залуус дээд боловсролыг дотооддоо эзэмшихээс илүүтэй гадаадын их, дээд сургуулиас авахыг чухалчилдаг болжээ. Нөгөө талаас манай улсад хэрэгждэг гадны орнуудын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа нь үүнд нөлөөлж байна. Тухайлбал, бусад орны Засгийн газрын бүрэн тэтгэлгээр Монголоос жил бүр 1400 хүн гадагшаа суралцдаг юм. Тэгвэл харь улсад дээд боловсрол эзэмших нь хэр чухал вэ, тэндэх нөхцөл бидний төсөөллөөс хэр зөрүүтэй бол... Энэ асуултад бодит хариулт өгөх үүднээс АНУ, БНХАУ, Киргизстан Улсад боловсрол эзэмшиж буй монгол залуусын төлөөлөлтэй онлайнаар холбогдож, ярилцлаа.

д.өлзийнаран: хятадад сурахад жилд дунджаар 11 сая төгрөг зарЦуулдаг

Д.Өлзийнаран нь БНХАУ-ын Ниншиа Мужийн Иньчуань хотын Иньчуань их сургуулийн нэгдүгээр курсын оюутан юм.

-Зав гарган ярилцаж байгаад баярлалаа. БНХАУ-д ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Би ерөнхий боловсролын сургууль төгссөн даруйдаа БНХАУ-д ирж, хоёр жил хэлний бэлтгэлд сурсан. Ингээд өнгөрсөн жилээс эрчим хүч, энергийн эдийн засаг гэсэн хос мэргэжлээр сурч байна. Төгсөхөд гурван жил дутуу байгаа.

-Дотуур байранд амьдардаг уу. Гэрээсээ хол байх хэцүү юу?

-Тийм ээ. Дотуур байранд амьдардаг. Гэрээсээ хол байх нь сэтгэл санааны хувьд амар биш шүү. Хэцүү зүйл тохиолдох бүрт ээж, аавыгаа бодож л тайвширдаг. Монгол хоол тэр тусмаа махаа их санадаг юм.

-Яагаад БНХАУ-ыг сонгох болов. Дотоодын их, дээд сургуулиас илүү гэж харсан зүйл нь чухам юу байв?

-Хятад хэлийг хамгийн богино хугацаанд чанартай суръя гэвэл орчинд нь очиж сурах ёстой гэж бодсон. Энд ирээд олон орны найзтай болж, Хятад төдийгүй бусад улсын соёлтой танилцаж байна. Мөн бие даах чадвар маань сайжирч, тэсвэр хатуужил суусан.

-Сургалтын төлбөр, амьжиргааны зардал гээд жилдээ хэчнээн төгрөг зарцуулж байна?

-Жилд дунджаар 11 сая төгрөг зарцуулдаг. Эхний хоёр жил хувийн зардлаараа сурсан бол өнгөрсөн жилээс сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдсан байгаа.

-Хятад улсад сурах сонирхолтой залууст хандаж ямар зөвлөгөө өгөх вэ?

-Анх Хятадад ирэхдээ хоол, цаг агаар хоёрт нь дасах гэж их удсан. Энд суралцахын тулд анхан шатны хятад хэлний мэдлэгтэй байх нь чухал. Учир нь хятад хэл сурахад хэцүү байдаг. Хэл, усгүй ирээд хэлний бэлтгэлд сурах нь хүүхдүүдийн шантрах шалтгаан болдог юм шиг харагддаг. Би өөрийнхөө туршлагаас дүгнэхэд бакалаврын боловсролоо Монголдоо эзэмшээд магистраа Хятад болон өөр улсад хамгаалах нь зүгээр санагдсан. Мэдээж XII ангиа төгсөөд сурах боломжууд бол их бий. Бакалаврт суралцахын тулд XII ангийн гэрчилгээний дүн 80 хувиас дээш байх, сурч байсан сургуулийн хоёр багшийн тодорхойлолт, эмчийн үзлэгийн материал, цагдаагийн тодорхойлолт, сурах төлөвлөгөө зэргийг англи болон хятад хэл дээр орчуулж нотариатаар баталгаажуулсан байх ёстой. Мөн ямарваа нэгэн уралдаан тэмцээнд оролцож шагналт байранд шалгарч байсан бол давуу тал болно.

-Цагийн ажил хийх боломж байдаг уу?

-Хятадад сурч байх хугацаандаа цагийн ажил хийх боломжгүй. Яагаад гэвэл хуулиараа хориотой.

у.анужин: хүний нутаг төсөөлснөөс чинь тЭс өөр

АНУ-ын Иллоной мужийн Чикаго хотод хэлний бэлтгэлд суралцаж буй 19 настай У.Анужин эмч болох мөрөөдөл өвөртлөн суралцаж байна.

-АНУ-д очоод хэр удаж байна. хэлний бэлтгэлд хэдэн жил суралцдаг вэ?

-Энд ирэхээс өмнө надад хоёр сонголт байсан. Австрали эсвэл АНУ. Эхлээд Австралийг сонгож гурван сар амьдарч үзсэн ч яагаад ч юм АНУ-д ирэхийг илүүд үзэж энд ирсэн юм. Хэлний бэлтгэлд сурч эхлээд хоёр жил болж байна. Одоо нэг жил сураад коллежид орно.

-АНУ-д сургалтын төлбөр болон бусад зардлын өртөг хэр вэ?

-Миний хувьд өрөө түрээсэлж амьдардаг. Сардаа 400500 ам.доллар төлнө. Харин хэлний бэлтгэлийн хувьд коллеж, магистрын зэрэг эзэмшихээс харьцангуй хямд төлбөртэй. Сарын 500 ам.доллар бол коллежийн нэг улирлын төлбөр 5000 ам.доллар байдаг. Мөн гадаад оюутан гэдэг утгаараа төлбөр нь арай илүү.

-Монголд болон АНУ-д суралцах хоорондын ялгаа мэдээж их. заримыг нь дурдвал?

-Гэрээсээ хол байхад хамгийн түрүүнд бие даах чадварт сурч байна. Мөн хүнтэй зөв харьцах, нэн ялангуяа санаагаа зөв илэрхийлэх гэх мэт. Хэрэв гэртээ байсан бол энэ бүхэнд зэрэг суралцахгүй болов уу.

-Таньж мэдэхгүй оронд дөнгөж очоод байх үед тулгарч байсан бэрхшээлүүдээсээ хуваалцаач?

-Хамгийн эхнийх нь хэлний бэрхшээл байсан. Монголд байхдаа англи хэлэндээ сайн гэж өөрийгөө боддог байлаа. Гэтэл энд ирэхэд хамгийн их дутагдалтай, бэрхшээлтэй зүйлийн нэг болж хувирсан. Орчинд нь ирэхээр хүмүүсийн аялга тэс өөр учир нэг өгүүлбэрээс нэг л үг ойлгох жишээтэй. Тиймээс Монголд байхдаа хэлээ л сайн сураарай гэж залуустаа зөвлөмөөр байна. Хэлний ямар ч мэдлэггүй энд ирвэл сэлэмгүйгээр дайнд орж байгаатай ялгаагүй.

Дэлгүүр орох, унаанд суух гээд алхам бүрт хэлний бэрхшээл тулгардаг. Тиймээс Монголдоо англи хэлээ хичээл төдийхөн үзэлгүй, тогтмол цагт кино үзэх, дуу сонсох, орчуулга хийх зэргээр хөгжүүлж орчноо бүрдүүлбэл зүйтэй. Эх орондоо байхдаа англи хэлийг хямд зардлаар сурч IELTS, TOEFL-ийн шалгалтаа өгөөд ACT, SAT I гэсэн элсэлтийн ерөнхий шалгалттай адил шалгалтыг өгч хүссэн сургуульдаа материалаа өг. мөн визэнд ороод үзэх хэрэгтэй.

Энэ нь АНУ-д суралцах хамгийн амар арга зам. Хоёрдугаарт унааны асуудал хэцүү. Газрууд нь хоорондоо нэлээн зайтай байдаг учир машинтай байх хэрэгтэй болно. Тиймээс жолоодож сурсан байх шаардлагатай шүү. Эндхийн гоё сайхныг нь дурдвал их зүйл байна. Мөн анхааруулах нэг зүйл хэлмээр санагдлаа. АНУ эрх чөлөөний орон. Тиймээс ирсэн зорилгоо умарталгүй зөв явах, зөв амьдрах хэрэгтэй.

Нэг ёсондоо болгоомжтой хянуур байхгүй бол муу зуршил, буруу зүйл рүү татагдахыг үгүйсгэхгүй. Битгий шантраарай. Мөн өөрийн туршлагаас харахад эх орондоо бакалаврын зэрэг эзэмшчихвэл зүгээр санагдсан. Яагаад гэвэл АНУ-д бакалаврын зэрэг магистрт сурахаас үнэтэй байдаг. Сургуульд ороход ч хэцүү. Бакалаврын зэрэг эзэмших бол хэлний бэлтгэлд сурах хэрэгтэй болдог нь төвөгтэй санагдсан.

Залуусдаа хандаж хэлэхэд эх орондоо сайн сур. Хүний нутагт ирэх нь төсөөлснөөс чинь дэндүү өөр шүү. Хүмүүсийг харахад ямар гоё юм бэ гэж бодогддог боловч тэр бүхний ард гарахын тулд хүч хөдөлмөр, тэвчээр маш их шаардсан байдаг.

м.кунтуган: манай сургууль гадаад оЮутнуудаас сургалтын төлбөр авдаггүй

Киргизстаны Киргиз-Туркийн хамтарсан Манас их сургуулийн хэл судлаачийн хоёрдугаар курсын оюутан М.Кунтугантай цөөн хором ярилцлаа.

-Киргизстанд сурах хэр байна?

-Казак үндэстний өлгий нутаг гэж хэлж болохуйц уг улсад сурах сургууль орчин нь таатай байдаг тул сонгосон. Залуус Солонгос, Австрали гэх мэт улсууд руу явах нь их харагддаг. Мэдээж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн боловсрол эзэмшихийг хүсч байгаа болов уу. Миний хувьд энд сурч байгаадаа огт харамсдаггүй. Боловсролтой байхаас гадна соёлтой, ухамсартай байх төлөвшлийг эзэмшиж чадаж байна. Мөн хичээл киргиз хэл дээр орж, турк хэл давхар сурдаг.

-Сургалтын төлбөр, амьжиргааны зардал нийлээд жилд хэчнээн төгрөг болж байх юм?

-Монгол мөнгөөр тооцвол жилийн зардал нь 1.5 сая төгрөг. Яагаад гэж гайхаж байна уу. Манай сургууль гадаад оюутнуудаас сургалтын төлбөр авдаггүй учир хэрэглээний мөнгө байхад л хангалттай.

-Чамтай ижил сонголт хийхээр зорьж буй залууст зөвлөх, анхааруулах зүйл юу байна. Энд сурахын тулд ямар материал бүрдүүлэх ёстой вэ?

-Энд сурах хүсэлтэй хүүхдүүд өөрийнхөө ирсэн зорилгыг сайн санаж түүнрүүгээ тэмүүлэх л хэрэгтэй гэж зөвлөмөөр байна. Бүрэн дунд боловсрол эзэмшсэн хувийн хэрэг, гэрчилгээ зэргээ бүрдүүлж, дотуур байрны төлбөрөө төлсөн бол сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байдаг.

 -Цагийн ажил хийж болох уу?

-Цагийн ажил хийж болох ч орос хэлтэй байх шаардлагатай байдаг.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид