Улаанбаатар 1c

Өмнөд болон хойд америкийн АШТ эхэллээ

Өмнөд Америк тивийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах 46 дахь удаагийн “Копа Америка 2019” тэмцээн Бразилд хөшгөө нээлээ. Энэ удаагийн тэмцээнд тус тивийн 10 багаас гадна Ази тивийн хоёр төлөөлөл болох Япон, Катар урилгаар оролцож байгаа билээ. Япон жил бүр оролцдог бол Катарын шигшээ анх удаа өрсөлдөж байна. Копа Америка”-тай зэрэгцээд Хойд Америкийн багуудын “Конкакаф голд кап” эхэлсэн. Тоглолтын товч тойм хүргэе. 

Тэмцээний эхний тоглолт талбайн эзэн Бразил, Боливийн хооронд өрнөсөн. Тус тэмцээнд ес дэхээ түрүүлэх зорилготой бразилчууд нөхөрсөг тоглолтын үеэр гол лидер Неймарыг бэртэлд алдсан билээ. Энэ удаагийн тэмцээнд уламжлал болсон шар өмсгөлөөр бус цагаанаар гангарсан бразилчууд тоглолтын эхнээс л ширүүн довтолгоо хийсэн ч эхний хагаст гоол ороогүй.

Хоёрдугаар үе дөнгөж эхлээд Боливийн хамгаалагч торгуулийн шугам дотор гар хүрснийг VAR “илрүүлж”, аргентин шүүгч Нестор Питана торгуулийн цохилт заалаа. Энэ боломжийг Коутино ашиглаж, гоолын салхийг нээсэн юм. Сонирхуулахад, энэхүү пеналти Бразилын багийн 19 дэх торгуулийн цохилт болжээ. Бразил тус тэмцээнд 19 торгуулийн цохилт гүйцэтгэсэн нь Аргентиний (21) ард бичигдэх үзүүлэлт. Энэ гоолоос хойш 120 секундын дараа Коутино хоёр дахь гоолыг орууллаа.

“Ливерпүүл”-д хамт зүтгэж байсан Роберто Фирмино түүнд гоолын дамжуулалт өгч, Коутино мөргөснөөр тооны харьцааг холдуулав. Харин 81 дэх минутад сэлгээнээс талбайд гарсан Эвертон Соарес 84 дэх минутад сүүлийн цэгийг хатгалаа. Ийнхүү бразилчууд тивийнхээ аваргад 100 дахь ялалт байгуулсан (100 хожил, 35 тэнцээ, 44 хожигдол) гурав дахь баг боллоо. Тэднээс өмнө Аргентин (120), Уругвай (108) ийм амжилтад хүрсэн юм. Гэхдээ бразилчуудын тоглолт эхэлсэн шиг ээ байсангүй.

Хоёрдугаар тойргийн тоглолтод Венесуэлийн хаалга руу яаж ч бөмбөгдөөд гоол оруулж чадаагүй. Энэ нь хөгжөөн дэмжигчдийн зүгээс шүүмжлэл авахад хүргэсэн. Тэгвэл талбайн эздээс дутахааргүй том зорилготой очсон Аргентин эхний тойрогтоо л бүдэрсэн. Тэд Колумбийн эсрэг тоглохдоо хаалгандаа хоёр гоолд алдах нь тэр. Харин хариуг нь барьж чадалгүй явсаар тоглолтын үндсэн цаг дуусч анхны ялагдлаа амсав. Азийн төлөөлөл болсон Японы “Хөх самурайнууд” Чилид бут ниргүүлсэн бол Катарын залуус тэнцээний нэг оноотой болов.

Тоглолтуудын үр дүн Нэгдүгээр тойрог Бразил 3:0 Боливи Венесуэл 0:0 Перу Аргентин 0:2 Колумби Парагвай 2:2 Катар Уругвай 4:0 Эквадор Япон 0:4 Чили

Хоёрдугаар тойрог Боливи 1:3 Перу Бразил 0:0 Венесуэл

“Конкакаф голд кап” тэмцээний нэгдүгээр тойргийн үр дүн Канад 4:0 Мартиник Мексик 7:0 Куба Гайти 2:1 Бермуда Коста Рика 4:0 Никарагуа Куракао 0:1 Эль Сальвадор Ямайк 3:2 Гондурас Панама 2:0 Тринадад Тобаго АНУ 4:0 Гайана

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл байхгүй

Нийтлэлчид